Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслийг баталлаа
Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Иймд Байнгын хороо 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед хуулиудыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж Байнгын хороо үзлээ. Засгийн газраас батлах буцаан олгох журамд:
-нэгдүгээрт, дээрх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашиныг импортоор оруулж ирээд энэ хуулийн өөрчлөлтийг хүлээн татвараа төлөөгүй байгаа этгээдэд Онцгой албан татварын тухай хуулийн 6.8-д заасан хувь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулах;
-хоёрдугаарт, дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирсэн бөгөөд онцгой албан татвараа төлсөн, цааш худалдан борлуулалт хийгээгүй байгаа этгээдэд буцаан олголтыг олгох;
-гуравдугаарт дээрх хугацаанд автомашиныг импортоор оруулж ирээд цааш худалдан боруулалт хийсэн бол худалдаж авсан иргэнд нь онцгой албан татварын буцаан олголтыг олгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж Байнгын хороо үзлээ.
Мөн татварын буцаан олголтыг олгохдоо бүртгэл, судалгааг сайн гаргах, аливаа эрсдэл үүсэхгүй байх талаар анхаарч ажиллахыг хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газарт анхаарууллаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, С.Чинзориг, Б.Батзориг, З.Нарантуяа, Д.Сарангэрэл нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслийн талаар ОУВС-тай ярилцаж тохирсон эсэх, хэчнээн төгрөгийн буцаан олголт хийх талаар илүүтэй тодрууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газраас надад энэ асуудлаар Олон улсын валютын сантай тохиролцож, ярилцсан гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхлэхээс өмнө импортлогч компани, иргэдийн зүгээс хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашиныг оруулж ирсэн, импортлохоор ачуулсан байсных нь татварыг тэг хувь болгож байгаа. Харин 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн батлагдсан хуулиа хэрэгжүүлнэ” гэж хариуллаа. Ажлын хэсгийн зүгээс “ Энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс хойш улсын хилээр орж ирээд, эзэмшигчид нь татвар мөнгийг нь төлөөд авсан 375 автомашин, гаалийн талбай дээр ирсэн, бүрдүүлэлт нь хийгдээгүй 2600 автомашин байгаа бөгөөд нийт дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ” гэж нэмж хариулав.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь дэмжив. Мөн Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны ... дугаар сарын ...-ны өдрийг хүртэлх хугацаанд" гэснийг "2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд" гэж өөрчлөх, төсөлд “Энэ хуулийг 1 дүгээр зүйлд заасны дагуу төлөгдсөн онцгой албан татварыг буцаан олгох журмыг Засгийн газар батална” гэсэн 2 дугаар зүйлийг нэмэх, төслийн 2 дугаар зүйлийн дугаарыг "3" болгон "3 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ. Ингээд уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тус Байнгын хороо хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Энэ талаархи Төсвийн байнгын хорооны санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийн төсөлд 1 дүгээр зүйлд “Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно” гэж тусгажээ. Мөн хуулийн төслийн 2 дугаар зүйлд “Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай”, 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгагдсан байв. Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийг батлуулах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжлээ.