Хуурамч шатахууны түүхий эд болдог бодисыг онцгой албан татварт хамруулах эсэхийг хэлэлцлээ
2021.01.22

Хуурамч шатахууны түүхий эд болдог бодисыг онцгой албан татварт хамруулах эсэхийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгажээ. “Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг болгож тогтоосон үеэс эхтэй бөгөөд түүнээс хойш дээрх төрлийн завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянга, 2017 онд 150 мянган тонн болж өссөн мэдээ байна” гэж хууль санаачлагч төслийн танилцуулгадаа дурджээ. Дээрх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ногдуулдаггүй, ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг ажээ.

Иймд дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар татварын бааз суурь тэлж, хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумих, иргэд, байгууллага, улс орны эдийн засагт учирч буй хохирлоос сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.

 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn