С.Бямбацогт: Монгол Улсад баригдах газрын тосны бүх үйлдвэрүүд орж байгаа юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Энд Монгол Улсад баригдах газрын тосны бүх үйлдвэрүүд орж байгаа юу? Бид нар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт, Засгийн газрын хөтөлбөрүүдэд баруун бүс нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж орсон. Яагаад байгуулах ёстой вэ гэхээр Улаанбаатарт байж байгаа бинзен нэг литр тутамдаа баруун бүс дээр 400-500 төгрөгийн өндөр үнэтэй байгаад байгаа юм.
Төвийн бүсдээ 4 сая тонн хүчин чадалтай цементийн үйлдвэртэй хэрэглээ нь 1.200.000. Баруун бүсдээ байдаггүй. Улаанбаатарт 200.000-ын цемент Ховдод 400.000 байдаг. Монгол Улстай нэг сая тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүдтэй. Хэрэглээ нь 300.000, төвийн бүсдээ баахан үйлдвэр байдаг. Баруун бүсдээ үйлдвэр байдаггүй. Тэнд гурил кг тутамдаа 300-500 төгрөгийн илүү үнэтэй байдаг. Ийм байдлаар алслагдсан бүс нутагт бараа бүтээгдэхүүн үнэтэй байдаг.
Үүнийг шийдэх гээд газрын тос боловсруулах үйлдвэрийг баруун бүс нутагт байгуулъя. Өнөөдөр иддэг талхтай адилхан өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнийг буулгая. Барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулъя гэсэн зорилго тавьж байгаа. Энэ бодлого хэрхэн хэрэгжих вэ? Энэ хуульд хамрах уу?
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
Энэ хуулиар бол зөвхөн төрөөс хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болон түүхий эд дамжуулах хоолой барих төсөл, тэдгээрийн технологийн үндсэн ба дагалдах байгууламжийг барьж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохицуулж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээгийн газрын тос боловсруулах үйлдвэр буюу төрөөс хэрэгжүүлж буй гэсэн тодорхой тодотголтойгоор орж ирж байгаа юм.