Онцгой албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.04.18/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нар танилцуулав.
Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээ тогтоосон бол Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тооцохоор тогтоосон байдаг. Үүнээс үүдэж ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол эсрэгээрээ ханш буурсан нөхцөлд төсвийн орлогын эх үүсвэрт сөргөөр нөлөөлдөг учраас ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох үүднээс энэ хуулийн төслийг боловсруулжээ.
Ингэхдээ Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцож ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх бодит орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчим баримталсан гэдгээ Сангийн сайд хэллээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуув
“Засгийн газар экспортыг дэмжихээ зарласан байтлаа импортыг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэх нь буруу. Нөгөө талдаа татварын тэгш бус байдал үүсгэж байна. Онцгой албан татвар төлдөг хэсгийнх нь татварын хэмжээ тухайн өдрийн ам.долларын ханшаас үл харгалзан 1450 төгрөг байдаг, бусад импортын барааныхан тухайн өдрийн ханшаар татвараа төлөх нь шударга бус. Өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1788 төгрөг байна. Цаашдаа ам.долларын ханш буурна гэх баталгаа байхгүй. 2014 оны төсөвт ам.долларын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсон байтал одоо болохоор 1450 болгох. Гэтэл зах зээл дээрх бодит ханш нь ам.доллар 1788 төгрөгтэй тэнцэж буй нь эргэлзээ төрүүлж байна”
С.Одонтуяа асуув
Би онцгой албан татварын нэмэх хуулийг өнгөрсөн жил оруулж ирсэн гишүүдийн нэг. Энэ хуулийн төслийг яагаад дэмжиж байгаа вэ гэхээр Монгол улс өнөөдөр баялаг бүтээгч биш цаас үйлдвэрлэдэг, тооцоо боддоог, татварын байцаагчыг аргалдаг, гаалийн байцаагч руу гүйдэг улс болж. Өнөөдөр бизнесийн байгууллагууд яагаад хаалга бариад байна вэ гэхээр орлого нь зарлагаа гүйцэхгүй байна. Тиймээс энэ татварын тогтолцоогоо хялбаршуулахгүй бол болохгүй байна.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.