Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Ажлын хэсэг зургаадугаар сарын 05-ны өдөр хуралдан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Тухайлбал, төслийн нэр томъёог жигдэлж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж төсөлд тусгасан байна. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд удирдах албан тушаалтнуудын шалгуурын талаар тусгасан эсэхийг тодруулав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус байгууллагын албан хаагчийн нийтлэг шалгуурыг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тайлбарлалаа. Харин тус байгууллагын удирдах албан тушаалтны шалгуур нь Төрийн албаны тухай хууль дахь нийтлэг шаардлагын хүрээнд зохицуулагдах юм байна. Ийнхүү хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад гишүүд 100 хувь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн асуудал бол 2017 оны зургаадугаар сарын 02-ны өдөр УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Энх-Амгалан нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Харин УИХ-ын гишүүн Л.Болд дээрх хуулийн төслийг нухацтай хэлэлцэх шаардлагатай тул Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжснээр хойшлууллаа.