2021.10.28

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албадын цалин, нийгмийн баталгаа нь ялгамжгүй байх талаар ямар бодлого баримтлах вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль санаачлагчдаас асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: Одоо орж ирж буй хуулийг дэмжиж байна. Хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагчдынхаа цалин, нийгмийн баталгаатай холбоотой зүйлд төрөөс анхааралгүй яахав. Төрийн алба бүх төрлөөрөө цалин нийгмийн баталгаа нь ялгамжгүй байх, энэ талаар төрөөс бодлого гаргаж анхаарахгүй бол салбар бүрийн хуулиар нийгмийн баталгаатай холбоотой зүйлс нь орж ирдэг.

Нэгдсэн бодлого байхгүй учраас эцэс төгсгөлгүй зүйл болох гээд байна. Тухайлбал, хувийн хэвшилтэй холбоотой асуудал, цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудал чирэгдээд, үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цаашилбал инфляци, өрхийн амьжиргаа гэсэн олон асуудалд нөлөөлөөд байгаа учраас төр нэг бодлого гаргахгүй юмуу. Зангидаж бодлого гаргахгүй бол амаргүй юм болох нь байна. Бид халамжаас хөдөлмөрт гэсэн зорилт дэвшүүлсэн.

Хөдөө, хотод аль ч шатанд ажил хийх хүн олдохгүй байна гэж байгаа нь зөвхөн халамжаас шалтгаалж байна гэдэг нь өрөөсгөл дүгнэлт гэж бодож байна. Ялангуяа төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжтай холбоотой нэгдсэн нэг бодлого байхгүйгээс хооронд нь өрсөлдүүлээд нэмэгдүүлээд яваад байгаатай холбоотойгоор цаашид хүндрэлтэй байдлууд бий болох нь байна. Хууль санаачлагчид энэ талаар ямар бодлого баримтлах вэ? Хууль санаачлагч С.Чинзориг гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан туршлагатай хүн, бид өмнөх 2016-2020 оны парламентад сууж салбаруудын цалин, нийгмийн хамгааллын баталгааг ялгамжгүй тогтоох ёстой, төр тодорхой бодлого гарган түүнийгээ хатуу баримтлах ёстой гэдэгт санал нэгдэж байсан. Хууль санаачлагч С.Бямбацогт гишүүн тодорхой хариулт өгөх байх.

Өнөөдөр Ковид эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой иргэдийн амьжиргаа, өрхийн орлого амаргүй байгаа. Тэгэхээр та бид ахмад настнуудынхаа тэтгэврийн асуудал, зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цаашилбал гарцаагүй цалин, нийгмийн баталгаанд нь анхаарах ёстой хэсэг рүүгээ тодорхой ямар бодлого авч хэрэгжүүлэх юм бэ гэсэн 2 асуултанд хариулт өгнө үү.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга С.Бямбацогт хариуллаа.