УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.06.09

О.Баасанхүү: Приус машины татварыг эсэргүүцэж, машинаа шатаасан хүнийг сулласан уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуусан юм. 

Иргэний хэрэг маргааны улмаас хариуцагч талд хилийн хориг тавьдаг. Гэтэл тухайн хүн болон түүний ар гэрийнхэн гадаадад эмчлүүлье гэхээр гаргадаггүй. Гарцаагүй буюу аргагүй байдалд орсон тохиолдлыг уг хуулийн төслөөр зохицуулсан уу?

Приус машины татварыг эсэргүүцэж, улмаар өөрийн машинаа шатаасныхаа төлөө Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйл буюу зандалчлах болчихоод байна.

Гэтэл энэ хүнд эсрэгээр нь “Ард түмний баатар” цол өгмөөр байна. Бид өчигдөр тэр хүний тэмцэл зөв байсныг нотолж приус машины татварыг хойшлуулсан.

Тиймээс энэ асуудлыг хууль хяналтын байгууллага яаралтай шийдвэрлэх байх гэж найдаж байна. Иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө, эх оронч зан гаргасныхаа төлөө, өөрийн эд хөрөнгөө шатаасныхаа төлөө цаазаар авахуулах гэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл батлагдсанаар байгууллагын бүтэц хэр томрох вэ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн генерал гэдэг цолтой болж байгаа гэсэн. Үнэн үү? Салбар болгон генералтай болох юм биш биз дээ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Ц.Амгаланбаяр

Хэрэг ямар шатандаа явж байгааг сайн мэдэхгүй байна. Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.

Хуулиар хилийн хоригийг байхгүй болгосон. Хуулийн төсөл батлагдсанаар бүтэц томрохгүй, одоогийн байгаа бүтэц, зохион байгуулалтаар шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал гэдэг цол байхгүй.