УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.27

О.Баасанхүү: Гадаадад гарч өр зээл төлөх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Уг хуулийн төслийг Засгийн газраас 2017 оны 4 дүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны хоёр удаагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өр зээлээ төлж чадахгүйн улмаас гадаадад зорчиж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Миний 12 сарын 20-доор өргөн барьсан “Эрдэнэт” үйлдвэрийн “Хаалт хөгжлийн сан”-гийн хууль гацаад, хуулийн нэр томъёо мартагдаж байна. Энэ бие даасан хуулийг минь хэлэлцүүлж өгөхийг хүсье.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зарчимын өөрчлөлт орсон уу? Сүүлийн үед маш олон хүн өр ширэнд орж байна. Тухайлбал, приүс оруулж ирэх гэж байсан хүмүүс шинэ батлагдсан татварын хуулиас болоод банкны өрөнд орж байна. Тэгээд өрөө дарах гээд Солонгос явъя гэхээр шүүхийн шийдвэртэй гэж хэлээд хилийг нь хорьчихдог. Монголдоо ажиллах гэхээр ажлын байр байхгүй. Тэр хүмүүс өрөө төлөхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх нөхцлийг бүрдүүлж өгөөч ээ. Эсвэл ажлын байр гаргаж өг.

Дундаж давхарга ядуу давхарга руу орж эхэлж байна.

Зарим хохирогчдын хохиролыг түр худалдаж авахаар зохицуулалт хийх боломжтой юу? Тухайлбал, автын осолд орж эд эрхтнээрээ хохирчихоод, нэхээд нэхээд юу ч олддоггүй тохиолдол их байна. хохирогчийн хохь нь болоод л дуусч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байга хуулиар бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэртэй, төлбөрийн асуудалтай иргэдийн гадаадад зорчих эрхийг хязгаарлах заалт байгаа. Өмнө нь дурын байгууллага хохирлын хэмжээг харгалзахгүйгээр үзэмжээрээ энэ асуудалд ханддаг байсан. Харин одоо хилийн хориг тавих асуудал дээр заавал прокурорын зөвшөөрлөөр, тодорхой үндэслэлүүдээр тавигддаг болсон. Өргөн барьсан хуулийн 59 дүгээр зүйл дээр гадаадад зочлох, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно гэж орсон.

Хохирлыг төр худалдаж авах боломж байхгүй. Иргэд гадаадад гарч өр зээлээ даръя гэж байгаа бол нэхэмжлэгчтэйгээ ойлголцоод явах боломжтой.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Сэжигтэн яллагдагчийг баривчилж, цагдан хорих тухай хууль гэж байна. Тэр нь энэ хуулинд хэрхэн тусгалаа олсон бэ? Зарим хүмүүс урьдчилан хорих байрыг шорон биш гээд байна. Урьдчилан хоригдож байгаа хүмүүсийг 1, 2 сар байцааж залхаан цээрлүүлэх газар шиг болоод байна.

Ажлын хэсэг:

Сэжигтэн яллагдагчийн тухай асуудал тусдаа бие даасан хуулиар орж ирж байгаа учир энэ хуулийн зохицуулалтанд хамаарахгүй.