Алслагдсан нутагт дэвсгэрт  ажилласан алба хаагчдад  урамшуулал олгоно
2021.10.28

Алслагдсан нутагт дэвсгэрт ажилласан алба хаагчдад урамшуулал олгоно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 1528, орон нутагг 1585 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зарим төрлийн нэмэгдэл олгож байгаа ч тэдний тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ялангуяа аймгийн төвөөс алслагдсан нутагт дэвсгэрт байрлах шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс тэдгээр алба хаагчийн эрх зүйн байдал орхигдож, нийгмийн баталгаа дордох нөхцөл байдал үүссэнээр алслагдсан хорих, анги байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо буурч байгаа аж.

Сүүлийн 3 жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад газарт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгохоор хуулийн төсөлд тусгажээ.