“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг агаарын бохирдлыг бууруулах гол томоохон ажил гэж үзлээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2012.2.14-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэв.
Агаарын бохирдлыг бууруулах дунд хугацааны буюу томоохон ажлуудыг 2012 оноос эрчимжүүлэх зорилтыг тус Үндэсний хорооноос тавьж байгаа билээ. Ялангуяа, гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэц бий болгох, дагуул хотууд байгуулж хүн амын төвлөрлийг сааруулах, авто замын сүлжээг сайжруулах, цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлэх зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Үндэсний хорооны хуралд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт”, “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”, “Автотээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулах” ажлын талаар танилцуулга хийлээ.
1. Хууль эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийн явц, цаашид авах арга хэмжээ:
УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-д шинээр батлуулах шаардлагатай 7 хууль, шинэчлэн найруулах шаардлагатай 18 хууль байна. Үүнээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал ач холбогдолтой хуулиуд нь “Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Газрын төлбөрийн тухай хууль”, “Хот байгуулалтын тухай хууль” юм. Одоогоор эдгээр хуулийн төслүүд нь боловсруулах, Засгийн газар, Байнгын хороогоор хэлцүүлэх шатанд явж байна.
2. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ:
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4.9 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд уул уурхай бүтээгдэхүүнээс 4,570.6 тэрбум төгрөг, улсын төсвөөс 386.9 тэрбум төгрөг, гадаад дотоодын хөрөнгө оруулалтаас 22.9 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж байна.
1-р үе шат: 2010-2012 онд 1.8 их наяд төгрөг
2-р үе шат: 2012-2016 онд 3.1 их наяд төгрөг
Улаанбаатар хотод 75 000 айлын орон сууц, орон нутагт 25000 айлын орон сууц барина. Үүнээс: Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Дэнжийн мянга орчмын 1000, Зүүн сэлбэ хороололд 3140, 7-р бичил хороололд 9400, Гандан орчимд 1000, 14-р хороололд 5000, МҮОНРТ-ийн хэрэг эрхлэх газар орчмын 2000, Ханын материалд 1000, Яармагт 3500, Сонгинохайрхан дүүргийн Цэргийн хотхонд 1000, нийт 32140 айлын орон сууц гэр хороололд баригдана.
Шинэ хотхон хороолол барих чиглэлийн хүрээнд Баянголын аманд 12000, Буянт-Ухаад 12500, Ургах наранд 2500, нийт 27000 айлын орон сууц шинээр баригдана.
Алслагдсан дүүргүүдэд 3800 айлын орон сууц баригдана. 2016 он хүртэл баруун бүсэд 1750 айлын орон сууц, хангайн бүсэд 8100 айлын орон сууц, зүүн бүсэд 1270 айлын орон сууц, төвийн бүсэд 13880 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.