Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг шуурхайлах тогтоолын төслийг өргөн барив
2011.09.07

Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг шуурхайлах тогтоолын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын 17 гишүүн хамтран нефтийн үйлдвэр барих ажлыг шуурхайлах асуудлаар тогтоолын төсөл боловсруулж өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. Тогтоолын төслийг гардуулсны дараа УИХ-ын гишүүн П.Алтангэрэлээс дараах тодруулгыг авсан юм.

-Ямар үндэслэлээр газрын тосны үйлдвэр барих асуудлыг шуурхайлах хэрэгтэй гэж та үзэв?

-Ер нь Монгол Улс тодорхой хэмжээний газрын тосны нөөцтэй гэдгийг тогтоосон. Тиймээс газрын тосны үйлдвэр барих асуудлыг шуурхайлах шаардлагатай байна гэж үзэж тогтоолын төслийг боловсруулсан. Манай үндэсний аж ахуйн нэгжүүд газрын тосны нөөцөд түшиглэн үйлдвэр байгуулъя гэсэн саналуудыг холбогдох яаманд ирүүлсэн. Тэгэхээр УИХ газрын тосны асуудал дээр тодорхой бодлого баримталж Засгийн газарт чиглэл өгөх хэрэгтэй.

-Тодорхой нэр зааж санал хүргүүлэх үү. Хаана ямар үйлдвэр байгуулах бололцоо байна гэж үзэж байна вэ?

-Тогтоолын төслийн гол агуулга бол газрын тосны үйлдвэрийг илэрсэн нөөцөд түшиглэн бүсчилсэн хэлбэрээр байгуулъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл Дорнод аймгийн Тамсагийн газрын тосны ордыг түшиглэе. Мөн Дорноговь аймгийн Цагаан элсний ордыг түшиглэе гэсэн агуулгатай. Тодорхойлж нэр заагаагүй боловч ийм агуулгатай төсөл юм, Үүнийг УИХ-аар хэлэлцэх явцад зарим заалтууд тодорхой болох байх. Ерөнхийдөө манай улсад 21 сая тонн ашиглагдах шатахуун гаргах нөөц илэрсэн нь баталгаажсан. 21 сая тонн гэдэг нь 20 жил ашиглах бензиний нөөц бидэнд байна гэсэн үг Мөн манайд шатахуун нэрэх боломж бүрдчихлээ. Манайх шатахуунаа ганцхан ОХУ-аас авсаар ирсэн. Тэгээд наадмын өмнө Орос нийлүүлэлтээ зогсооход юу болов. Шатахуунтай хамааралтайгаар манай улсын нийгэм, эдийн засаг зогсонги байдалд орох нь гэдгийг харуулсан шүү дээ. Тиймээс бид үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжих хэрэгтэй. Дотооддоо шатахуун үйлдвэрлэх нөхцөл бололцоог бий болгох хэрэгтэй гэдэг үүднээс энэ тогтоолын төслийг боловсруулсан юм.

-Нефтийн үйлдвэр барих ажлыг эрчимжүүлнэ гээд байна. Тэгэхээр тодорхой цаг хугацаа зааж өгөв үү?

-Тодорхой хугацаа зааж өгсөн. Хоёр сарын дотор бүх зөвшөөрлүүдийг нь олго гэж заасан тогтоол байгаа юм. Засгийн газарт газрын тосны үйлдвэр байгуулъя гэж саналаа ирүүлсэн байгууллагууд тусгай зөвшөөрлийг олгочих юм бол бид 1.5-2 жилд үйлдвэрээ байгуулчихна гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг нь олгочих юм бол манай улс хоёр жилийн дараа гэхэд дотооддоо нефть боловсруулах үйлдвэрүүдтэй болчихно гэсэн үг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.