"Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил"-ийг нээж, БОАЖ-ын сайд Л.Гансүхийн хэлсэн үг
Өнөөдрийн байдлаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд агаарын чанарыг 35 цэгт, гадаргын усны чанарыг 80 гол мөрөн, 13 нуурын 148 цэгт, хөрсний чанарыг 150 гаруй цэгт, цацрагийн түвшний хяналтыг 35 цэгт, цөлжилтийн хяналт шинжилгээг 1500 гаруй цэгт тогтмол тодорхойлж байна. Эдгээр сүлжээ цэгт усны чанарын үзүүлэлтэд хийсэн мониторингийн дүнгээс үзэхэд, улсын хэмжээнд 80 гол мөрөн, 13 нуурын 88% нь “маш цэвэр”, “цэвэр“ ангилалд, 8% нь “бага бохирдолтой“, 1% нь “бохирдолтой“ ангилалд, 3% нь “бохир“ буюу “маш бохир“ ангилалд хамрагдаж байна. Хэдийгээр бохир буюу маш бохир ангилалд гуравхан хувь хамрагдаж байгаа хэдий ч усны чанар ихээхэн доройтож байна.
Үүнд: Туул голын Улаанбаатар хотоос доош хэсэгт усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, биологийн хэрэгцээт хүчилтөрөгчийн бохирдол жилээс жилд нэмэгдэж байна. 2011 онд хамгийн их болж, Усны чанарын стандартаас 134 дахин даван онцгой их бохирдол (ОИБ)-ын түвшинд, аммонийн азотын агууламж хүлцэх агууламжаас 76,7 дахин буюу их бохирдолтой түвшинд, эрдэс фосфорын агууламж хүлцэх агууламжаас 8 дахин, перманганатын исэлдэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 6 дахин давж бохирдсон байна. Үүний гол шалтгаан нь Улаанбаатар хотод ажиллаж буй хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын цэвэршүүлэх чадвараас шууд хамааралтай байна.
Жилийн туршид:
- Төв цэвэрлэх байгууламж 53,0-95,4%-тай,
- Нисэхийн цэвэрлэх байгууламж 73,2-96,0%-тай,
- Налайхын цэвэрлэх байгууламж 33,0-92,6%,
- Био орон сууцны цэвэрлэх байгууламж 81,3-98,6%,
- Биоүйлдвэрийн цэвэрлэх байгууламж 0-89,8% -тай ажиллаж байна.
Энэ нь 90 хувиас дээш цэвэрлэж буй нийт тохиолдлын зөвхөн 29,8 хувийг эзэлж байгаа нь цэвэрлэх байгууламжид хэт бохир ус нийлүүлж, мөн голын татамд хог хаягдлаа ил задгай хаяж байгаа үйлдвэр, аж ахуйн газруудын үйл ажиллагаатай шууд холбоотойгоор тогтохгүй бохир усыг голд нийлүүлснээр голын усны чанарт ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.
Улаанбаатар хотын хөрсөнд агуулагдах 11 хүнд элементийн дундаж ба хамгийн их агууламжийг хотын гаднах хөрсөн дэх агууламжтай харьцуулж үзэхэд, хөрсний ерөнхий бохирдолтын түвшин Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хойт хэсгийн гэр хороолол, Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан, Шархад, Хайлаастын ам, 100 айл орчим зэрэг газарт онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их байна. Нянгийн бохирдлын судалгаанд хамрагдсан нийт дээжийн 36.3% нь цэвэр байсан ба үлдэх 63.7% нь ямар нэгэн хэмжээгээр нянгийн бохирдолтой байна. Хайлаастын амны жалган дотор нянгийн тоо 1 грамм хөрсөнд 12,39 сая байгаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй 1239 дахин их байна.
Улаанбаатар хот төдийгүй томоохон хотуудын агаарын чанар муудаж байна. Жишээ нь, хүхэрлэг хийн агууламжийн хамгийн их нь Баянхонгорт 3.3 дахин, Дарханд 1.8 дахин, Өвөрхангайд 1.7, Сэлэнгэд 1.3 дахин, Шарын голд 1.3 дахин, Мөрөнд 1.2 дахин их. Азотын давхар ислийн агууламж Баянхонгорт 1.7 дахин, Эрдэнэтэд 1.4, Дарханд 1.2, Мөрөнд 1.2 дахин, Сайншандад 1.1 дахин их байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад 0,6-67,7%-иар бохирдол ихэссэн байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 2011 онд:
хүхэрлэг хийн сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 дүгээр сард 10.7%, 10 дугаар сард 0.6% буурсан бол 11 дүгээр сард 3.0%, 12 дугаар сард 69.7%-иар,
азотын давхар ислийн сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4, 5 дугаар сард 5.6-9.7% буурсан бол 1-3, 6-9, 12 дугаар сард 8-44%, 10-11 дүгээр сард 56-62%-иар,
том ширхэглэгт тоосонцрын сарын дундаж агууламж 6 дугаар сард өмнөх оны мөн үеэс 16.8%, 8 дугаар сард 1.0%-иар буурсан бол 7, 9-11 дүгээр сард 7.1-32.2%-иар ихэссэн. Ялангуяа 12 дугаар сард том ширхэглэгт тоосонцрын агууламж 98.3% -иар тус тус ихэссэн байна.
Иймд 2012 онд БОАЖЯ бүтэн жилийн туршид ганц агаарын бохирдол биш хог хаягдлын асуудал, хөрсний бохирдол, хаягдал бохир ус, томоохон голуудын бохирдол зэрэг орчны бохирдол доройтлыг үүсгэж буй бүх асуудлыг улсын хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх, шийдвэрлэж амжаагүй ажлуудын эхлэлийг нь зөв тавих, хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгон зарлаж байна.
Нэрэмжит жилийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх гол ажлуудаас цухас дурьдвал, хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, гэр хорооллын бүх айл өрхийн зуухыг бүрэн шаталттай, түлшний хэмнэлттэй, сайжруулсан зуухаар солих, төвлөрсөн дулаанд холбох боломжтой бүх газрыг дулаанд холбох, бага дунд чадлын усан халаалтын зуухуудад технологийн шинэчлэл хийх, хийн түлшний үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрт туссан томоохон бодитой ажлуудыг энэ онд зохион байгуулна.
Хөдөө орон нутагт аймгийн төв томоохон суурин газруудын агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, төрлийг нарийвчлан тогтоох, аймаг, сумын төвийн эрчим хүчний хүрэлцээ хангамжийг судлах, агаарын бохирдлын хэмжээ ихэсч байгаа аймгийн төвүүдэд агаарын чанарыг сайжруулах бүсийг хамтран тогтоож, тухайн бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, аймаг, сумын төвийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, аймаг нийслэлийн төвлөрлийг сааруулах гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.
Мөн хөрсний бохирдол, хог хаягдлыг бууруулах чиглэлээр улсын хэмжээнд хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, хөрсний доройтолд орсон болон орох магадлалтай газрыг тогтоох, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газарт орших алтны шороон ордуудад хйх нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, хог хаягдлын тухай багц хуулийн төсөл боловсруулах, хог хаягдал дахин боловсруулах, хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх, Улаанбаатар хотод барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог тээврийн автомашины парк шинэчлэлт хийх, хөдөө орон нутагт хог хаягдлын менежмент 3R-ийн асуудлаар иргэдийн дунд зөв дадал зуршил, ухамсар сэтгэлгээг төлөвшүүлэх, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх туршилт хийх, хог ангилан ялгах цех байгуулах зэрэг ажлууд.
Усны бохирдлыг бууруулах чиглэлээр саарал усны норм, бага оврын цэвэрлэх байгууламжийн стандарт зэргийг боловсруулж батлуулах, Туул голын дагуу оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх, спортоор хичээллэх, амралтын орчинг бүрдүүлэх, усан сан байгуулан тохижуулах, Туул голын урсац бүрэлдэх эх, цутгал голуудын эхийг хамгаалах гэх мэт нийт 3 бүлгийн 26 зорилтод туссан санхүүгийн бодитой эх үүсвэртэй 80-аад арга хэмжээг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.
Иймд өнөөдөр энд хуран цугласан та бүхэнд болон яамны газар хэлтэс, Цаг уур, орчны шинжилгээний газар, аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт УИХ, Засгийн газраас баталсан хууль, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төв орон нутгийн байгууллагуудын чадавхи, ажлын уялдаа холбоо, менежментийг сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгон, орчны бохирдол доройтлыг бууруулж, үр хойч үедээ цэвэр ариун байгалийг өвлүүлэн үлдээх энэ ариун үйлсийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Анхаарал тавьсанд баярлалаа.