2011.02.01

Шөнийн цахилгааны хэрэглээнд үнийн урамшуулал үзүүлэхийг дэмжлээ

Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцээд 100 хувь дэмжжээ.

Монгол Улсын нийт хүн амын 40 хувь буюу 1.2 сая иргэн амьдарч буй Улаанбаатар хотод өнөөдөр агаарын бохирдол чанарын стандартаас 10-20 дахин ихэсчээ. Мөн амьсгалын замын эрхтний өвчлөл тэр дундаа уушиг, гуурсан хоолойн архаг үрэвсэл, багтраа, харшил, ларингит эрс ихэсч, 2009 оны төвшинд 775 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн судалгаа ч гарсан байна. Иймд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн дээрх төсөлд гэр хороололд агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүс тогтоох, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл дамжуулах шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, Улаанбаатар хотод цахилгаан станцуудаас бусад хэрэглэгчийг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох. Шөнийн цахилгааны хэрэглээнд үнийн урамшуулал үзүүлэх, стандартад нийцсэн зуух,  тоног төхөөрөмж, халаагуурын импортод татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг 10 гаруй арга хэмжээг тусгасан аж.


Эдгээр саналыг бүлгийн гишүүд санал нэгтэй дэмжиж, УИХ-ын гишүүн Д.Батбаяраар ахлуулсан П.Алтангэрэл, Л.Гансүх, Д.Одхүү, С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг энэхүү хуулийн төсөлтэй холбоотой бүлгийн санал дүгнэлтийг ирэх сарын 2-ны дотор бэлтгэж, танилцуулах үүрэг хүлээсэн байна. 

Түүнчлэн бүлгийн гишүүд дээрх хуулийн төслийг цаг алдалгүй УИХ-аар хэлэлцэж, батлах нь чухал” гэж үзсэн аж. Ингэхдээ анхаарах асуудал байгааг ч бас сануулжээ. Тухайлбал,  Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авахын  зэрэгцээ шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, иргэдтэй үүрэг,  хариуцлагын гэрээ байгуулах, халаалт дулаалгын стандарт батлахад ч анхаарлаа хандуулан ажиллах ёстой гэжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээр хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр дахь асуудал нь Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан ч,  асуудал хариуцсан сайд Х.Баттулга МАН-ын бүлгийн хуралдаанд энэ талаар мэдээлэл хийж,  давхцсан тул эл асуудлыг түр хойшлуулжээ. Видео мэдээ ЭНД дарж үзнэ үү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.