Ногоон хөгжлийн ирээдүй усан цахилгаан станцаас эхэлнэ
2012.01.22

Ногоон хөгжлийн ирээдүй усан цахилгаан станцаас эхэлнэ

Дэлхий даяар ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж эхэлснээс хойш овоо хэдэн жил өнгөрчээ. Өнгөрсөн зууны туршид хөгжиж ирсэн хүрэн эдийн засгийн бүтэц, хүнд үйлдвэрлэлийг халж, экологид ээлтэй байх зарчмыг хамгийн түрүүнд бодолцож эхэлсэн гэсэн үг.

Монгол Улс ч бас энэ жишгээр явж, 2010 оноос эхлэн хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих тухай уриа гаргаж, тодорхой хөтөлбөр боловсруулсан билээ. Харамсалтай нь өнөө хэр улсын эдийн засаг "ногоорох" үнэр ч алга. Хүрэн эдийн засгийг ногооруулна гэдэг мэдээж хоёр жилийн дотор хийж, хэрэгжүүлчих ажил биш л дээ. Маш их хугацаа шаардлагатай.

"Сажилж явбал хүрнэ, санаж явбал бүтнэ" гэгчээр хүрэн эдийн засгаа ногоон болгоно хэмээн үнэхээр зүтгэж, ажиллаж, хичээж чадвал болж бүтэхгүй гэх газаргүй. Гэвч өнөөдөр Монгол Улс хүрэн эдийн засгаа ногооруулах талаар ёстой ярихаас цаашгүй байна. Ямартаа л МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл "Монгол Улс дэлхий дахинаас гажаад хүрэн эдийн засгаар яваад байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байх вэ дээ.

Үүний хамгийн тод жишээгээр ДЦС-ыг нэрлэж болно. Улаанбаатар хотын цахилгаан дулааны тавдугаар эх үүсвэрийг барих тухай яригдаж байгаа. Түүнчлэн Хөвсгөл, Увс зэрэг захын аймгуудад уламжлалт технологиор ДЦС барих тухай ярьж байна.

Дэлхий дахин нүүрсээр ажилладаг ДЦС-ыг халж, ногоон эрчим хүчний төлөө зүтгэж байхад манай улс эсрэгээрээ энд тэнд шинээр экологид халтай ДЦС байгуулахаар зүтгэх ажээ. Тэр ч бүү хэл ганц нэг усан цахилгаан станц барих гэхээр тэгж ч гол ширгэлээ, хуурайшлаа, ингэж ч байгаль орчин баларлаа гэж эсэргүүцсээр байгаад зогсоочихдог. Усан цахилгаан станцыг бариулахгүй байх сонирхол улс төрийн зорилготой гэх хардлага хүртэл байдаг билээ.

Уг нь Засгийн газраас Дөргөн, Тайшир, Эгийн голыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах бодлогыг аль 2000-аад оны үед баталсан. Харин өнөөдөр Тайшир болон Дөргөний УЦС л дөнгөн данган ажиллаж эхэлжээ. Өнөөдөр тайширын усан цахилгаан станц Завхан аймгийн зургаан сум, Говь-Алтай аймгийг долоон сум руу гэрэл цахилгаан хүргэж байна.

Харин Ховд аймагт Дөргөний усан цахилгаан станц 2009 оноос эхлэн ажиллаж эхэлсэн билээ. Дөргөний УЦС-ыг 26.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан бол, Говь-Алтайн Тайширын УЦС Кувейтын сангийн 20 орчим сая ам.доллар, Абу Даби сангаас 13 орчим сая нийт 33 орчим сая ам.долларын өртөгтэйгөөр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, уламжлалт нүүрсээр ажилладаг ДЦС барихаас хавьгүй хямд өртөгтэй байгаа юм.

Могойн голд ДЦС байгуулахад 110 орчим сая ам.доллар шаардлагатай гэж буй билээ. Усан цахилгаан станц жирийн ДЦС-аас хавьгүй бага өртөгтэй дээрээс нь экологид хор нөлөөгүй гэх мэт давуу талтай нь эндээс харагдаж байна. Тийм ч учраас дэлхий дахин усны эрчим хүч рүү хошуурсаар байгаа юм.

Манай улсын хувьд ямар ч байсан хоёр усан цахилгаан станц ашиглалтад орсон нь сайшаалтай ч эрчим хүчний хэрэгцээнийхээ дийлэнх хувийг уламжлалт технологиор хангасан хэвээр байна. Улсын хэмжээнд 330 гаруй сум байдаг ч тэдний ердөө 13 нь сэргээгдэх эрчим хүчний сүлжээнд холбогджээ. Улсын хэмжээнд байгаа 330 гаруй сум гэж тооцвол ердөө гурав хүрэхгүй хувь нь усан цахилгаан станцаас эрчим хүчний хэрэгцээгээ хангаж байгаа хэрэг.

Өнөөг хүртэл гэрэл цахилгаанд холбогдоогүй байгаа 103 сум байдаг аж. Хэрвээ тэдгээр сумдыг усан цахилгаан станцад холбочихвол нийт эрчим хүчний сүлжээнийхээ 30 гаруй хувийг байгальд ээлтэй технологиор хангах бололцоо байгаа юм.

Дэлхийд усны эрчим хүч үйлдвэрлэлээрээ Канад улс тэргүүлдэг юм байна. Харин дараа нь АНУ, Бразил, Хятад, ОХУ-ууд ордог аж. Европ тивийн хувьд Норвеги улс тэргүүлдэг бөгөөд нийт эрчим хүчнийхээ 99.5 хувийг усан цахилгаан станцаас хангадаг гэх судалгаа бий. Манай улс Норвеги шиг болдоггүй юм гэхэд Азидаа усны эрчим хүч үйлдвэрлэлээрээ дээгүүрт жагсах боломж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Хамгийн гол нь усан цахилгаан станцыг хөгжүүлснээр байгаль экологио хамгаалаад зогсохгүй эдийн засгийн өндөр өсөлт авчрах боломжтой юм байна. Тодруулбал, манай Дөргөн, Тайширын усан цахилгаан станц Киотогийн протоколийн цэвэр хөгжлийн механизмд бүртгүүлж чадсан. Энэхүү хоёр усан цахилгаан станц жилдээ 60000 тонн хүлэмжийн хийг бууруулж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадвал жилд 500 мянга хүртэлх ам.долларын нэмэлт орлого олох боломжтой ажээ. Өөрөөр хэлбэл, Киотогийн протоколоос Монгол Улсыг байгальд ээлтэй, цэвэр технологийг хөгжүүлснийх нь төлөө мөнгө өгөх нь байна.

Ер нь дэлхий дахинд Монгол Улс уул уурхайгаасаа гадна сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр чамгүй баян орон орны тоонд ордог гэсэн. Усан цахилгаан станцаас эрчим хүчнийхээ хэрэгцээг бүрэн хангаад экспортлох ч боломжтой. Ингэснээр жинхэнэ ногоон хөгжлийн ирээдүй гэрэлтэж ирэх биз ээ.

Цаашдаа Монгол Улс уул уурхайгаасаа гадна усан цахилгаан станцаа хөгжүүлэхэд тодорхой анхаарал хандуулж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээнийхээ багагүй хувийг байгальд ээлтэй технологиор хангахад анхаарах хэрэгтэй болов уу. Хамгийн гол нь иргэдийнхээ энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг сайжруулж, усан цахилгаан станц гэхээр гол мөрөн ширгээдэг гэдэг ойлголтоос нь салгах хэрэгтэй.

Эсрэгээрээ усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл, газрын гүний болон гадаргын усыг тэтгэдэг хэмээн Тайширын Усан цахилгаан станцын мэргэжилтэн хэлж байсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.