Нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөнө
Нийслэлийн Засаг даргын орлогч нар ирэх жил нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын зарим ажлын талаар өнөөдөр танилцууллаа.
2012 онд нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлого хариуцсан орлогч Ц.Цогзолмаагийн хэлснээр нийгмийн салбарт 34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн байр насжилт өндөртэй, дээвэр, дулааны шугам сүлжээ гээд зайлшгүй засвар хийх шаардлагатай газрууд олон байгааг тэрбээр онцолсон юм. Ц.Цогзолмаа “Энэ жил бидний хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь анхан шатны үйлчилгээний цогцолборуудыг барих юм. Өнгөрсөн жил есдүгээр сарын 1 гэхэд сургууль, цэцэрлэгийн засвар дуусах ёстой байсан. Зарим нэг сургуулийн засвар хожуу дууссан тохиолдол байгаа.
Тиймээс барилга, гүйцэтгэлийн ажил хийх тендерийг эрт эхлэхийн тулд хоёрдугаар сарын 1-ний дотор зарлаж, шалгаруулаад дараа нь дулааны улирал эхлэнгүүт ажлаа эхлүүлэхээр болсон. Мөн өнгөрсөн онд хийсэн ажлынхаа дүнг хэлэлцээд, ямар ажил нь үр дүнтэй байсан, аль нь үр дүн бага гарсан зэргээс шалтгаалан энэ жилийн гүйцэтгэлийн ажил хийх компаниудад өндөр шаардлага тавьж эхлэнэ. Өөрөөр хэлбэл ажлаа үр дүн багатай хийсэн компанийг энэ жилийн тендерт оролцуулахгүйгээр хэн нь юу хийснийг бид олон нийтэд ил тодоор мэдээлэх болно” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч Б.Мөнхбаатар өнгөрсөн онд хийж дуусаагүй 10 гаруй замын ажлыг танилцуулсан юм. 2012 онд зам засварын ажилд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд зарим ажлын гүйцэтгэл, тендер шалгаруулалтаас шалтгаалан хөрөнгө мөнгө өөрчлөгдөж болзошгүй байгаа аж.
Өнгөрсөн онд хийгдсэн Дарь эхийн замын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 5-нд гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг хийж дуусгахаар болжээ. Энэ жил зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 15-аас эхлэх учраас тендерийг эрт зарлаж зам засварын ажил эхлүүлэх бэлтгэл хангахыг үүрэг болголоо.