Х.Нямбаатар: Ш.Раднаасэдийн гаргасан саналыг гишүүд дэмжсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Тус байнгын хороо 2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан “Төслөөс уг хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй нийцүүлж хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн болно.
Дээрх хуулийн төслүүдийн талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хүргүүлж байна.