Торгуулын доод хэмжээ 10000 төгрөгт хүргэнэ
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.04.10

Торгуулын доод хэмжээ 10000 төгрөгт хүргэнэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар  Г.Батхүү нарын санаачилсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

2014 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 674.869 автомашины 61,7 хувь буюу 416,360 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа нь замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларч, түгжрэл саатал үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Чуулганы үеэр гишүүд төсөлтэй холбоотой өөрсдийн сонирхсон асуултаа УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс асууж байлаа.

Энэ үеэр "Хуулийн төслийн долдугаар заалтан дээр үндэсний зөвлөл байгуулна гэсэн байхын. Энэ чинь хэтэрхий олон болоод байгаа биш үү. Ерөнхий сайд чинь хийх ажилтай  ш дээ. Үндэсний зөвлөлийн үүрэг гэсэн арван зүйлд нь Ерөнхий сайдын хийгээд байх зүйл алга байна. Үүнийг чинь Цагдаагийн газар, Боловсролын газар, Орон нутаг нь шийдчихэж болно ш дээ. Тиймээс Үндэсний зөвлө байгуулж байгаа шаардлагыг хэлж өгнүү" гэсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын асуултад хууль санаачлагч Г.Батхүү хариуллаа.

Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгаар жолооны үнэмлэхтэй холбоотой заалтуудад гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандсан. Тухайлбал Ч. Хүрэлбаатар “Жолооны үнэмлэхийг заавал 10 жилийн хугацаата гэж заасан байна. Хүн ямар нэг зөрчил гаргахгүй бол заавал 10 жил болоод шалгалт өгөх ямар шаардлагатай байна” гэж хэлсэн бол олон улсын үнэмлэх нэмж авах тухай заалтыг УИХ-ын дарга “ Нэмж үнэмлэх авах шаардлага байна уу. Өөрсдийнхөө үнэмлэхийг олон улсын жишигт тааруулчихаж болохгүй муу” гэдгийг хэлж байлаа.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Г.Батхүү “Урьд нь жолоочийн үнэмлэх олгох асуудлаар хуулинд хоёр ч удаа өөрчлөлт оруулж байсан. Харин шинэ хуулиар Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ-ийн дэд чиглэл рүү нь жолооны курсын сургалтуудыг хамааруулж байгаа. Харин төрийн болон хувийн байгууллагууд эрх авсны дагуу Хөдөлмөрийн яамны хяналтанд байхаар зохион байгуулсан" гэдгийг хэллээ.

Түүнчлэн хуулийн нэг чухал заалт нь “Согтуугаар машин жолоодох” үед хэрхэн хариуцлага хүлээлгэх тухай юм. Шинэчилсэн найруулгаар согтуугаар машин жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх хариуцлагыг тусгасан байна.

Өөр нэг зүйл нь жолоочид нэгдсэн мэдээллийн сан байхгүй учраас нэг хүн өдөрт арван удаа дүрэм зөрчсөн ч авдаг хариуцлага нь ижилхэн, нэг хүн хэдэн удаа архи ууж эрүүлжүүлэгдсэн ч эдгээр асуудал нь тухайн байцаагчийн үзэмжээр шийдэгддэг тул энэ нь өөрөө олон зөрчил гаргасныхаа хэрээр ногдох торгууль, дүрэм зөрчсөнийхөө тоогоор нэмэгдэх торгуулийн хэмжээ, үүрэг хариуцлагын хэмжээ мэдэгдэхгүй байсныг мэдээллийн сүлжээтэй болгож хариуцлагын механизмыг өсөн нэмэгдэх чиглэлээр тодорхойлсон гэдгийг чуулганы үеэр хууль санаачлагчид хэлж байлаа.

Мөн торгуулын доод хэмжээ 1000 төгрөг байсныг 10000 төгрөгт хүргэсэн байна. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.