Хүүхдүүд жолооч нарт дуу хоолойгоо хүргэлээ
Хүүхдүүд
2015.04.13

Хүүхдүүд жолооч нарт дуу хоолойгоо хүргэлээ

Нийслэлийн Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ удаагийн аян дэлхий даяар' явагдаж байгаа “Хүүхэд ба Замын аюулгүй байдал” аянтай нэг өдөр болж байгаагаараа онцлог болсон юм. Өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Чингэлтэй дүүргийн IX цэцэрлэгийн багачууд оролцож өөрсдийн дуу хоолойгоо жолооч нарт хүргэлээ. Мөн зам тээврийн ослоор нас барсан сурагчдад болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэн ширээ, сандал тавьсан байх бөгөөд тэдэнд зориулан зул асааж, бяцхан лам нар ном уншсан юм.

Хүүхдүүд ихэвчлэн "Гэр- сургууль-цэцэрлэг" гэсэн маршрутаар хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцохоос үүдэн зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах явдал гардаг аж. Нөгөөтэйгүүр замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг муу, эцэг эхчүүд буруу үлгэр дууриалал үзүүлдэгээс зам тээврийн осолд өртөх нь их байдаг аж.

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 10 хүүхэд нас барж, 138 хүүхэд гэмтсэнээс 74.2 хувь нь явганаар, 24.4 хувь нь тээврийн хэрэгслээр, 1.4 хувь нь дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн байдаг ажээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барж, 44 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтжээ. Тийм учраас энэ төрлийн ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэхийн тулд олон ажлуудыг хийх шаардлагатай байгааг энэ үеэр албаны хүмүүс онцолж байлаа.

Гэвч уг ажлыг дан ганц Замын цагдаагийн газар хийх боломжгүй юм. Сургууль цэцэрлэг, хувь хүн, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид болон автозамын хөдөлгөөнд оролцогчид бүгд хамтран хийж байж энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, огт гаргахгүй байх боломжтой байдаг. Энэ үеэр хүүхдүүд “Жолооч нараа битгий архи уугаач”, "Бидэнд аюулгүй зам хэрэгтэй”, “Жолооч ах, эгчээ та бидний төлөө юу хийж чадах вэ” зэрэг асуултыг барьсан байв.

Дашрамд сонирхуулахад УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй найман гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болоод байгаа.Энэхүү хууль дэмжигдвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч төдийгүй зорчигчид шинэ дүрэм, журмыг дагаж мөрдөх шаардлагатай болох юм. Тухайлбал, Согтуугаар жолоо баривал 384 мянган төгрөгөөр торгохоор тусгажээ.

Мөн хоёр дахь удаагаа тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодвол жолоо барих эрхийг дөрөв хүртэл жил хасах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 768 мянган төгрөгөөр торгохоор заасан байна. Хамгаалалтын бүсээ зүүгээгүй бол есөн мянган төгрөгөөр торгох бол хэт ядарсан үедээ жолоо барьвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувьтай тэнцэх хэмжээгээр торгоно.

Тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалалтын бүсээ хэрэглэхгүйгээр хөдөлгөөнд оролцвол есөн мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. Мөн арын суудалд суугаа зорчигчид ч энэхүү шийтгэл хамаатай гэдгийг онцлон анхаарах нь зүйтэй болов уу. Мөн жолооч автомашин барьж явах үедээ утсаар ярьсан тохиолдолд мөн л есөн мянган төгрөгөөр торгож байх гэнэ. Манай орны хувьд жолооч нар аюулгүйн  бүсээ зүүж хэвшээгүй. Хэрвээ бүсийг зүүж хэвшвэл ослоос болж бэртэл гэмтэл авах. амь насаа алдах эрсдэл 50 хувиар буурах боломжтой аж.

Тиймээс аюулгүйн бүсээ зүүлгүй хөдөлгөөнд оролцсон жолооч, дэргэдэх зорчигч нарт Захиргааны хариуцлага хүлээлгэхээр заалт оруулжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар хэт их ядарсан.өвчтэй байгаа үедээ замын хөдөлгөөнд оролцвол эрсдэлтэй гэж үзэн торгууль оногдуулах юм байна. Хэрэв толгой эргэсэн, бие эвгүйрхсэн, хэт сульдаж ядарсан үедээ жолоо барих юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах гэнэ. Өөрөөр хэлбэл энэ үедээ жолоочид хамгийн их осол гаргах эрсдэлтэй байдаг тул элдэв ослоос сэргийлэн 48 мянган төгрөгөөр торгох аж.