Шинэ хууль хэрэгжсэнээр замын хөдөлгөөний зөрчил эрс багассан байна
2015.09.03

Шинэ хууль хэрэгжсэнээр замын хөдөлгөөний зөрчил эрс багассан байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Шинэ хуулийн талаар хүмүүст мэдээлэл сайн хүрсэн бололтой. Хууль хэрэгжиж эхэлсэн өдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ гудамж, талбайд хяналт, шалгалт хийхэд дүрэм зөрчих байдал эрс багассан нь анзаарагджээ. Энэ сарын эхний өдрөөс үзлэг, оношилгоонд ороогүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа бөгөөд оролцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөн торгууль ноогдуулна.

Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 30,31-нд оношлогооны төвүүдийн ачаалал эрс ихэссэн ажээ. Тэгэхээр хүмүүс шинэ хуульд ач холбогдол өгч байгаа нь харагдаж буй юм. Торгуулийн хэмжээ өндөрссөн учраас дүрэм зөрчихгүй юмсан гэсэн эрмэлзэл их байна гэж цагдаагийн албан хаагчид онцолж байв. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр 2410 зөрчил илрүүлж, 2331 хүнийг 41.68 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна.

Өчигдөр Нийслэлийн замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах II тасгийн ахлагч Б.Батсүх, Нийслэлийн замын цагдаагийн хөдөлгөөн зохицуулах II тасгийн ахлах дэслэгч Ч.Цогтбаяр нартай 12.00-15.00 цагийн хооронд зам дээр зогсож жолооч нарыг дүрмээрээ явж буй эсэхийг шалгасан юм. Бид дээрх хугацаанд зам дээр зогсоход долоон зөрчил илрүүлэв Үүнээс жолооч нар хамгаалах бүс зүүгээгүй гурав, бичиг баримтаа биедээ авч яваагүй хоёр, утсаар ярьсан нэг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон нэг зөрчил илрүүлсэн юм.

Бид Төмөр замын соёлын ордны уулзвар дээр ирээд 10 минут болж байхад анхны зөрчил илэрсэн нь бүсээ зүүгээгүй хөдөлгөөнд оролцсон 7362 УНЛ серийн дугаартай автомашиныг зогсоосон юм. Автомашины жолооч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд ахлагч Б.Батсүх хуулийн талаар тайлбарлаад торгуулийн хуудас гаргаж өглөө. Удалгүй хууль зөрчин утсаар ярьж байгаа зөрчил гаргасан жолоочийг зогсооход “Уучлаарай чухал ажил ярьж байсан юм. Би дүрмээ мэдэж байгаа” хэмээн үг дуугүй буруугаа хүлээн торгуулийн хуудсаа авч харагдлаа.

Сэлэнгэ аймгийн иргэн Б.Мөнхжаргал “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх дүрэм чангарсан гэж сонссон. Гэхдээ яг нарийн заалтыг нь мэдээгүй байна. Хөдөө орон нутгаас орж ирж байгаа бидэнд товчоон дээр тараах хуудас өгмөөр байгаа юм. Мэдэхгүйгээсээ болоод торгуулаад явмааргүй байна” гэв.

Өмнө нь утсаар ярих, хамгаалалтын бүс зүүгээгүй, тэмдэглэгээний заалт зөрчих явдал их гардаг байсан аж. Хамгаалах бүс зүүгээгүй зөрчил багассан талаар цагдаагийн албан хаагчид онцолж байв. Шинэ хууль хэрэгжсэнээс хойш дүрэм зөрчихгүй байх эрмэлзэлтэй болжээ. Ахлах дэслэгч Ч.Цогтбаяр “Есдүгээр сарын 1-ний байдлаар түгжрэл их байсан ч урсгал сөрөх зөрчил харагдахгүй байна. Энэ нь жолооч нар дүрмээрээ явахыг илүүд үзэж замын хөдөлгөөнд оролцдог болсныг харуулж байна. Жолооч нарын дийлэнх нь шинэ хуулийг цагаа олсон зөв зүйл болсон 'гэж үзэж байгаа. Арай дэндэж байсан юм” хэмээв.

Мөн өмнө нь хамгаалахбүс бараг зүүдэггүй байсан, Эхний жолоочийг зогсоогоод арга хэмжээ авч байхад хажуу талын машин руу хараад энэ ч гэсэн бүсгүй явж байна гэж барьцдаг байсан. Ер нь торгож дуусаад эргээд харахад жолооч нар хамгаалах бүсгүй л явж байдаг байсан. Цагдаагийн албан хаагчид торгоод ч энэ зөрчлийг зогсоож чаддаггүй байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хар л даа, одоо бүс зүүгээгүй жолооч нар харагдахгүй байгаа биз” хэмээлээ.

СХД-ийн тавдугаар хорооны иргэн Г.Баасанхүү “Шинэ хэрэгжиж байгаа хуулийг дэмжиж байгаа. Явган зорчигчид нь гарцаараа гардаг болчихвол наад зах нь аваар осол багасна шүү дээ. Ер нь хараад байхад манай жолооч нар замын хөдөлгөөндөө сайхан соёлтой оролцдог болчихсон байна. Гэрлэн дохион дээр учиргүй л дуут дохиогоо хангинуулаад байдаг нь мэдэгдэхүйц багассан байна лээ шүү. Хууль хэрэгжилт жигдрээд ирэхээр цэгцтэй болчих байх” хэмээсэн юм.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодвол хуулийн заалт нэлээд чангарсан байгаа. Хуучнаар Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол зургаан сараас  хоёр жил эрх хасдаг байсан. Мөн эрхээ хасуулчихсан хэрнээ дахиад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилдаг заалттай байсан. Одооны хэрэгжиж байгаа шинэ хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол зургаан сараас хоёр жилээр эрх хасуулж  дээрээс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгуулна.

Мөн эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодвол хөдөлмөрийн , хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлж торгоод 7-30 хоног баривчилна. Мөн дахин давтан үйлдсэн бол хариуцлага тооцно. Жишээ нь эрхээ хасуулсан этгээд эрхээ сэргээсний дараа дахиад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол өмнөх хуулиар эрхийг нь дахин хасдаг байсан. Харин одоо эрхийг нь гурван жилээр хасаад 30 хоног баривчлахаар заасан 1 байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал багасаж байгаа аж.

Улаанбаатар хотод гудамж, талбайд хийсэн хяналт шалгалтаар хамгийн багадаа 80-90, дээд тал нь 100-120 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй зөрчил илрүүлдэг байсан аж. Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-н хүртэл 24 цагийн хооронд 49 согтуу жолооч журамлагдсан байна. Харин есдүгээр сарын 1-2-н хүртэл 24 цагийн хооронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил илрүүлжээ. Цагдаа нар өмнө нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг нугалж байгаад үлээлгэн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгадаг байсан бол одоо илрүүлэн тандагч тусгай багажтай болсон байна. Энэ нь согтуу жолоочийг илрүүлэхэд дөхөм болсон ажээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нар хуулийн дагуу хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд сүүлд гарсан 24 хоногийн судалгаагаар нэг өдөрт 80-120 согтуу жолооч журамлагддаг байсан нь 31 болж буурсан нь энэ зөрчил бараг 60 хувь багассан гэдгийг харуулж байна гэж албан хаагч онцлов. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй иргэд өөрсдөө ухамсарлаж байгаа гэв. Энэ зөрчил цаашдаа бүр багасна гэж найдаж буйгаа ахлагч Б.Батсүх ярьж байлаа.

БГД-ийн 14 дүгээрхорооны иргэн Л.Чимэг “Аюулгүй байдал талаасаа боломжийн дүрэм болсон. Би өмнө нь залхуураад шууд гарцгүй газраар алхчихдаг байсан бол хууль гарсан гэж сонсоод гарцаар л гарч байна. Ер нь энэ хоёр өдөр зам гарах үедээ харж байхад хүмүүс гарцаараа гардаг болчихсон байна лээ. Миний бодлобр энэ нь хувь хүний соёл шүү дээ. Наад зах нь машин тэрэгнээс айгаад замын голд зогсох аюул байхгүй болно" хэмээв.

Илрүүлж байгаа зөрчлийн тоо 2014 оны есдүгээр сарын 1 -нийг энэ онтой харьцуулахад буурсан аж. Мөн өмнөх жилийн торгуулж байсан мөнгөн дүнг энэ жилийнхтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа аж. Үүнийг албаны хүмүүс торгуулийн мөнгөн дүн өндөр болсонтой холбоотой гэж тайлбарлаж байб.

Өмнө нь захиргааны хариуцлагын тухай хуулиар торгоод л явуулчихдаг байсан. Харин одоо шинэ хуулиар жолооч нар зөрчлийн 10 оноотой болж байгаа юм байна. Ямар нэгэн зөрчил гаргаж торгуулбал зөрчлийн оноог хасах гэнэ. Оноогоо тэг болговол жолоодох эрхийг нь хасах аж. Хэрэв гэрэл дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгохоос гадна таны онооноос хоёр оноо хасагдана. Харин оноо нөхөх нөхцөлөөр хамгийн сүүлд зөрчил гаргаад оноо хасуулсан ч нэг жил зөрчил гаргахгүй бол хасагдсан оноо нь нэмэгдэх аж. Хоёр жил зөрчил гаргахгүй замын хөдөлгөөнд оролцвол дутуу оноо нь 10 болох юм байна. Харин оноогоо 10- аас дээшлүүлж болохгүй аж. Одоогоор оноог шалгах техникийн шинэчлэл хийгдэж байгаа аж.

Анх 1996 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай яригдаж эхлэх үед хууль гаргаж байсан аж. Түүнээс хойш 19 жил уг хуулиар зохицуулагдаж иржээ. 19 жилийн өмнөх хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярьж байсан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж дахиж энэ хуулийг шинэчлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна.