“Зовлон” мэдэхгүй Ерөнхий сайдыг үндэсний зөвлөлийн даргаар тавихыг шүүмжлэв
УИХ-ын хаврын ээлжит чуулган
2015.04.10

“Зовлон” мэдэхгүй Ерөнхий сайдыг үндэсний зөвлөлийн даргаар тавихыг шүүмжлэв

УИХ-ын хаврын ээлжит чуулган анхны хуралдаанаа өчигдөр хийлээ. Уг хуралдаанаар Захиргааны ерөнхий болон бусад холбогдох хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн най- руулгыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо. Энэ хуулийн төслөөр согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн хариуцлагыг чангатгаж байгаа аж.

Шинэчилсэн найруулгад явган зорчигчийн эрх үүргийг нарийн тусгаж өгснөөрөө онцлогтой. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд тээврийн хэрэгслийн өмнүүр орж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гардаг. Ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг гишүүд тодруулж байлаа. Уг хуульд үндэсний зөвлөл байгуулж, түүнийг нь Ерөнхий сайд удирдахаар зааж өгчээ.

Энэ заалтыг шүүмжлэх гишүүн цөөнгүй байлаа. Өглөө, оройд албаны тэргээр өндөр хамгаалалтын дор зорчдог замын хөдөлгөөний зовлон мэдэхгүй Ерөнхий сайдаар дахин нэг байгууллага толгойлуулсан сэтэр зүүлгэх шаардлагагүй хэмээж байв. Хууль дагаж, шинэ орон тоо, байгууллага бий болгохоо зогсоох хэрэгтэйг гишүүд хэлэв. Гэвч ажлын хэсгийнхний зүгээс үндэсний зөвлөл бий болсноор төсөвт ямар ч хүндрэл учрахгүй гэсэн юм. Чуулганы хуралдааны үеэр Замын хөдөлгөөний хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор хэн, юу хэлснийг хүргэе. 

Д.Сарангэрэл: -Монголын гурван сая иргэн замын хөдөлгөөнд оролцож байгаа. Манцуйтай хүүхдийг ч эцэг эх нь тэврээд замын хөдөлгөөнд оролцдог. Тэгэхээр энэ хуулийн төсөл бүх хүний аюулгүй байдалтай холбоотой. Ажлын хэсгийнхэн уг хуулийн төсөл дээр нэлээн удаан ажилласан. Замын хөдөлгөөнтэй холбогдох бүх асуудлыг тал бүрээс нь оруулахыг хичээсэн. УИХ-ын дарга хуулийн төслийг дараалал хамаарахгүйгээр хэлэлцэж байгаад талархаж байна. Одоо нийгмийн дунд хүлээлт үүсгээд байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэж өгөхийг УИХ-ын даргаас хүсч байна. 

Д.Лүндээжанцан: -Автозамын ослын талаар тоо мэдээллийг 10- 20 жилээр гаргадаг болмоор байна. Манайх ийм гамшгийн хэмжээнд хүрлээ гэдгийг сонор сэрэмж болгох үүднээс иргэдэд харуулмаар байна. Тав, зургаан сумын оршин суугчидтай тэнцэх хэмжээний иргэдээ зам тээврийн ослоор алдана гэхээр ямар сайн байх билээ. Уг нь ч холбогдох газраас нь жил болгон л статистик мэдээлэл гаргах юм. Зам тээврийн осол өнгөрсөн жил ийм байсан.

Одоо ингэж өслөө, буурлаа гээд зарлаж байна. Хамгийн гол нь олон нийт мэдээллийг хэвийн байдаг л зүйл мэтээр хүлээж авч байна. Өөрөөр хэлбэл, дасал болоод байна. Зөрчлийн тухай хуулийн төсөлд тухайн үйлдэлд нь хариуцлага тооцно гэсэн байгаа. Тэгэхээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд алдаатай үйлдлээ олон удаа давтсан бол хариуцлага улам хүндэрнэ гэж байна. Энэ хоёр хууль хоорондоо зөрчилдөөд байгааг анхаарна уу. Төрийн ордны зүүн талын гэрлэн дохио алдаатай ажиллаад байх шиг байна.

Ногоон гэрэл асахгүй их удах юм. Би гишүүн юм болохоороо ичсэн нэрэндээ хүлээгээд зогсдог. Дүрмээ зөрчиж байгааг нь шүүмжилж, адлагдаж байна. Эцэг эхчүүд нь хүүхдээ сургуульд хүргэж өгдөг байх тухай заажээ. Буйдхан сумын төвд энэ заалт хэрэгжинэ гэж байхгүй. Дээр нь жолооны үнэмлэх гаргах асуудлыг Замын цагдаагийн газар, Зам тээврийн яам хоорондоо булаалдаад байдаг. Хоёр байгууллагын тайлбарыг сонсохоор үндэслэлтэй ч юм шиг. Энэ маргааныг эцэслэх ёстой. 

Г.Батхүү: -Статистикийг олон жилээр гаргах талд санал нэг байна. Жолооны сургалтыг Хөдөлмөрийн яамны харьяанд аваачиж байгаа. Тус яамны хяналтад оруулж байна гэсэн үг. Жолооны үнэмлэхийг Замын цагдаа эсвэл салбарын яамнаас биш бүртгэлийн газраас олгоно. 

Ч.Хүрэлбаатар: -Хөдөөгийн малч дад жо лооны үнэмлэхтэй болох асуудлыг хөнгөнрөөр шийдэж болохгүй юм уу. Хөдөөгийн иргэд машин худалдаж авдаг. Түүнийгээ барих гэхээр үнэмлэх шаардлагатай болдог. Гэтэл тэдэнд малаа маллахаас авахуулаад зөндөө ажил бий. Бүх ажлаа хаячихаад төв бараадаж, сургалтад суух нөхцөл боломж хомс. Жолооны үнэмлэхийг 10 жилийн хугацаатайгаар сунгуулна гэж байна. Яагаад заавал ингэж хугацаа тогтоож өгсөн юм бэ. Тухайн хүн дүрмээ зөрчихгүй бол сайн л биз дээ.

Сунгана гэхгүйгээр явж болохгүй юм уу. Олон улсын жолооны үнэмлэхийг авахын тулд жаахан явдал суудал болох нь. Ер нь Монголын жолооны үнэмлэх аль ч улсад үйлчлэхээр байж болохгүй гэж үү. Үндэсний зөвлөл байгуулаад даргаар нь Ч.Сайханбилэгийг тавихаар хуульд оруулсан байна. Урьдчилж замын хөдөлгөөн хаачихаад тусгай хамгаалалттай явдаг хүн наад асуудлыг чинь мэдэхгүй. 

А.Тлейхан: -Авто ослоор жил дээ хэдэн хүн гэм тэж байна вэ. Үүний цаад учир шалтгаан нь юу байв. Явган зорчигчийн тухайд ямар заалт орж байна вэ. Архи уучихаад хэнэггүй машин бариад давхиж байгаа жолоочийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй шүү. Ер нь аливаа болж бүтэхгүй зүйлийг эдийн засгийн хөшүүргээр л бууруулна. Манайхан мөнгөтэй ярихаар хаширдаг. Энэ хууль хаана ч байсан гологдохооргүй байх ёстой. Тийм төвшинд хүрч чадсан уу. Энэ дашрамд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. 

Ё.Отгонбаяр: -Байнгын хороонд хэлсэн гишүүдийн үгийг дүгнэлтэд оруулаагүй. Замын аюулгүй байдлын талаар албан байгууллагын хүлээх үүрэг хариуцлага хаана байна вэ. Иргэн хуулийн этгээдийн харьяа зам гэсэн ойлгомжгүй тодорхойлолт оруулсан байна. Энэ хэсгийн замыг цас орохоор хэн очиж цэвэрлэх юм бол. Явган зорчигчийн эрх үүргийн талаар хуульд маш бага тусгаж өгчээ. Манайхан явган хүний замаа их сонин хийх юм. Хүнийг аль болох их тойруулсан гарц хийж байна.

Дээр нь явган хүний зам дандаа эвдэрхий байна. Үүнээс болоод иргэд замгүй газраар гүйлдээд байгаа шүү дээ. Хотын замын хөдөлгөөнд түлхүү анхаарал тавьжээ. Хөдөө орон нутагт холбоотой зохицуулалт тун хомс байна. Ойлгомжгүй заалтууд хуульд олон байна. Ядарсан үедээ жолоо барихгүй гэжээ. Ядарсан эсэхийг нь ямар байдлаар тодорхойлох юм. Орой зургаан цагаас хойш ажлаа тараад явж байгаа хүн болгоныг зогсоогоод байх юм уу. 

Л.Эрдэнэчимэг: -Жил бүр авто замын осолд хүүхэд маш их өртөж байна. Хамгийн гол нь согтуугаар жолоо барих явдал буурахгүй байгаа нь аюултай. Өдөрт дунджаар 80-100 жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад саатуулагдсан гэх тооцоо бий. Энэ бол холбогдох газар нь баригдсан жолоочийн 40 хувь нь гэж байгаа. Жолоочийн эрхийг хасах арга хэмжээ авсан ч дорвитой үр дүн, цочроо өгч чадахгүй байна. Тэгэхээр хариуцлагаа чангатгах зайлшгүй шаардлага үүсч байна. Наад зах нь согтуугаар жолоо барьсан бол нэг сая төгрөгөөр торгох хэрэгтэй. Явган зорчигчийн асуудлыг орхиж болохгүй.

Дүрэм журмаараа жолоо бариад явж байхад согтуугаар шууд орж ирээд дайруулах тохиолдол гардаг. Тэгээд мөрөөрөө явсан жолооч нь буруутан болж, цаана нь бүхэл бүтэн гэр бүлийн амьдрал сүйрдэг. Сургуулийн ойр орчмын газарт хурд сааруулагч байршуулах болон эцэг эхчүүд аюул ослоос сэргийлэх чиглэлд хамтарч ажиллах үүрэг оролцоо хэр хангаж өгсөн бэ. Дээр нь иргэд явган хүний замаар давуу эрхтэй гарч чадахгүй байна. 

Г.Батхүү: -Согтуугаар машин жолоодох нь манай нийгмийн өмнө тулгамдаж байгаа том асуудал. Бид манай улстай төстэй зургаан орны туршлагыг судалж байж энэ хуулийг боловсруулсан. Өмнө нь Япон Улсад гэхэд замын хөдөлгөөний эрсдэл маш өндөр байсан. Жолоочид оногдуулах тор гуулиа нэмэгдүүлж байж, энэ тоог бууруулсан туршлага бий.

Манайд нэгдсэн мэдээллийн сан байхгүй нь бэрхшээл үүсгэж байна. Замын цагдаагийн газар, Эрүүл мэнд, спортын яам жилд авто осолд өртөж байгаа иргэдийн талаар зөрүүтэй тоо хэлдэг. Ер нь цаашдаа дүрэм зөрчсөн тоогоор нь хариуцлагыг нь чангатгаад явах ёстой. Ингэхийн тулд тухайн жолоочийн мэдээлэл бүртгэгдсэн байх шаардлагатай болж байгаа юм.