Нүүдэлчдийн суурингаас хотын шинж рүү шилжиж байгаагийн илрэл нь Г.Батхүүгийн санаачилсан замын хөдөлгөөний хууль боллоо
2015.09.02

Нүүдэлчдийн суурингаас хотын шинж рүү шилжиж байгаагийн илрэл нь Г.Батхүүгийн санаачилсан замын хөдөлгөөний хууль боллоо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжсэн эхний өдөр ихэнх жолооч хамгаалах бүсээ зүүсэн харагдана лээ.

Явган хүмүүс гарц руу алхаж явсан. Урсгал сөрөөд, хөндлөн гулд давхиад байдаг жолооч нар хамжааргатай болсон нь мэдэгдсэн. Замын цагдаагийн газар хоногт дунджаар 100- 130 согтуу жолоочид арга хэмжээ авдаг байсан. Харин наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаад 49 согтуу жолооч машин барьж явсныг илрүүлжээ. Зам тээврийн осол, зөрчил ч бага хоносныг мэдээлсэн. Шинэ хууль хэрэгжиж байгаагийн эхний үр дүн энэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хамгийн түрүүнд замын түгжрэл багасна гэж найдаж байгаа.

Урсгал сөрж хөндлөн гулд давхих, гэрлэн дохио зөрчиж түгжрэл үүсгэх, хүн дайрчих шахам давхих гээд зөрчил бүрт өндөр торгууль оноодог болсон. Урсгал сөрвөл 96 мянга, замын тэмдэг тэмдэглэгээний заалтыг зөрчсөн бол 48 мянган төгрөгөөр торгож хатуу арга хэмжээ авах хууль үйлчилж эхэллээ. Урьд нь нэг нөхөр урсгал сөрж давхиад замын хөдөлгөөнийг таг гацаачихдаг байсан. Гацаахдаа дуут дохиогоо хангинуулж, хараал урсгаж тэр хавьд явж байгаа хүн бүрийг ядаргаанд оруулчихдаг.

Өөрийнх нь буруугаас болж олон хүн цаг зав, ажлаа алдаж байгааг тоосон шинжгүй орилж, хашгичиж байгаад давхиад явчихдаг байсан. Одоо ийм үйлдэл гаргавал зуу шахам мянган төгрөгөөр торгуулж, зөрчлийн оноогоо нэмүүлнэ. Тиймээс бусдыг хүндэлдэггүй юм гэхэд түрийвчин дэх мөнгөө тооцоолж үйлдлээ хянахаас аргагүй болно. Үр дүнд нь түгжрэл багасч, уур бухимдал багатай замын хөдөлгөөнд орол цох боломж бүрдэнэ.

Шинэ хуулийг торгоно, шийтгэнэ гэсэн хатуу заалттай, чанга хэцүү болж гэцгээх юм. Аль ч улсын замын хөдөлгөөний хууль найраагүй, хатуу чанга байдаг. Замын хөдөлгөөний хуулиар хүний амь хамгаалдаг учраас тэр. Монголын зам дээр дайнтай улсаас олон хүн үхэж, үрэгдэж байгаа. Өнгөрсөн онд гэхэд 503 хүн зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай тоон мэдээ байна. Нарийвчилбал 138 иргэн нийслэлд, 364 нь орон нутгийн замд осолдож нас баржээ. Талийгаачдын 48 нь хүүхэд. Өнгөрсөн онд орон нутгийн замд өдөр бүр нэг хүн нас барсан гэсэн үг. Улсын хэмжээнд хоногт бараг хоёр хүн зам дээр зуурдаар нас барж, ард түмэн уй гашууд автаж байна. Өнгөрсөн наадмын дараах арваадхан хоногт 30 хүн зам тээврийн ослоор амиа алдсан. Хоногт гурван хүн нас барсан гэсэн үг. Өглөө гэрээсээ инээгээд гарсан хүү нь өдөр ослоор

нас барсан, хүүгээ үнсээд явсан аав нь дахиад ирэхгүй болчихоор ард түмэн уй гашууд автахгүй яах билээ, Өнгөрсөн долоо хоногт гэхэд өвөө нь зээ хүүтэйгээ явж байгаад ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослыг харсан хүний ярьж байгаагаар үлдэгсэд нь ухаан алдаж өдөржин эмч нарыг сандаргасан гэсэн. Монголчууд зам тээврийн ослоор нэгийгээ алдаж байгаа энэ их уй гашуу, хагацлыг дайнтай улстай харьцуулшгүй байна. Арван жил үргэлжилсэн Иракийн дайнд АНУ жилд дунджаар 440 цэргээ алдсан тоон баримт байна. Гэтэл манай улс зам дээр 503 хүнээ алдчихаж байгаа. Иргэд хэнэггүй, нийгэмшээгүйн дээр хууль нь зөөлөн байснаас ийм эмгэнэлтэй байдал бий болсон.

Зам тээврийн осол хоногт хэдэн зуугаараа гараад байгаагийн шалтгаан гэхээр “хулхи” жолооч их болчихсоноос үүдэлтэй. Сум бүрт -шахам жолооны курс нээсэн. Улсын хэмжээнд 330 гаруй жолооны курс ажиллаж байгаа. Тэдгээрийн 120 гаруй нь хотод үлдсэн нь орон нутагт жолооч бэлтгэдэг. Хөдөө жолооны курс төгссөн нөхдүүд Замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг, тэмдэглэгээ огг мэддэггүй. Заадаг ч үгүй. Тэнд шалгалтаар хүнийг яаж аргалж үнэмлэх авах тухай л заадаг. Худлаа гэвэл, өнгөрсөн онд 150 жолооны курсын 1170 багшаас жолооны дүрмийн шалгалт авахад 350 нь унасан байна лээ. Унасан багш нараас дахин шалгалт авахад ихэнх нь хоёр дахиа унажээ. Дүрмээ мэддэггүй багш бусдад дүрэм, журам заана гэж байхгүй. Харин муу арга л зааж, "хулхи” жолооч бэлтгэдэг. “Хулхи” жолооч ихэссэнээс болж аваар гарч, сард хэдэн арав, жилд хэдэн зуун хүн үхэж үрэгдэж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжсэнээр үүнийг багасгана. Яагаад гэвэл зөрчил бүрт оноо өгдөг болсон. Зөрчлийн онооны дээд хэмжээнд хүрэнгүүт эрхийг нь хасна. Гэрлэн дохио зөрчвөл нэг, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон бол хоёр гэх мэтээр оноо авч 10 оноонд хүрэнгүүт тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдах юм. Эрхээ хасуулсан жолооч дахин шалгалт өгч байж тээврийн хэрэгсэл жолоодох эрх авна. Энэ шалгалтыг хот, ядахдаа аймгийн төвд авах хэрэгтэй. Суманд ийм шалгалт авах талаар ярих ч хэрэггүй. Суманд бол дахиад л муу аргаар “хулхи” жолоочид эрх өгчихнө.

Нийслэл, аймгийн төвд эрх сэргээх шалгалтыг маш хатуу авмаар байна. Болж өгвөл унагааж байх хэрэггэй. Америкт гэхэд жолооны шалгалтыг маш чанга авдаг. Замын хөдөлгөөний бүх л шаардлагыг хангасан гудамжинд жолооны шалгалт авна. Сургуулийн гадаа яаж явах, түргэний болон галын машинд хэрхэн зам тавьж өгөх вэ гэх зэргээр үйлдэл бүрийг шалгадаг. Нэг алдаа гаргавал унагачихна. Дахиад эхнээс нь сурах шаардлагатай болдог. Яг үүн шиг чанга, хатуу, найраагүй шалгаж байж эрхийг нь сэргээх хэрэгтэй. Яагаад гэвэл жолооч зам дээр өөрийнхөө болон бусдын амийг хариуцаж байдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үед манай сонин “Америкийн тэнэгүүд дэлгүүрийн сагс түрдэг, манайхны тэнэгүүд эксел унаж зам түгждэг” гэж бичиж байсан. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр энэ байдал татарна. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй бол зам дээр хөдлөх аргагүй хатуу заалттай хууль хэрэгжиж байгаа. Хэрвээ бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон бол өндөр торгууль төлөхөөс гадна эрхээ хасуулж, машинаа журамлуулах заалт шинэ хуульд орсон.

Хууль хэрэгжээд эхэллээ Одоо хуулийг үүрэгтэй замын цагдаа нарын эрх үүргийг'сайжруулмаар байна. Шаардлагатай үед “буудах” эрх мэдэлтэй, түүн шигээ ард түмэнд үйлчилж чаддаг цагдаатай болох хэрэгтэй. Улсын харцага Г.Намсрайжав, наадамд түрүүлсэн арслан хүүтэйгээ хамт явж байхдаа замын голд цагдааг хэмх зодчихоод яваад өгсөн. Олны нүдэн дээр төрийн албан хаагчийг хүнд гэмтээчихээд давхисан харцагад ганц сар баривчлах төдий ял оноож байлаа. Саяхан өөр нэг эмэгтэй цагдааг ажил хийлгэхгүй элдвээр доромжилж, занаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсан. Өнөөх эмэгтэйд хэн ч хариуцлага тооцоогүй. Ерөөсөө л хэн дуртай нь уураа хүрэхээр замын цагдааг нүдчихдэг. Түүнийг нь олон нийт өөгшүүлдэг байлаа. Энэ нь нийгэмшээгүй нүүдэлчдийн бүдүүлэг араншин. Харин шинэ хууль батлагдсан нь хөл толгой нь мэдэгдэхгүй нүүдэлчдийн суурингаас өөрийн гэсэн хууль, дүрэм, журамтай хотын шинж рүү шилжиж байгаагийн илрэл боллоо. Урьд нь хэн ч юу ч хийж болдог утаа май болсон бужигнасан олны цугларал байсан бол одоо болно, болохгүйг ялгасан хууль дүрэм үйлчилж эхэллээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү зам тээврийн чиглэлийн ганц мэргэжилтэн гэсэндээ сайн хууль санаачилжээ. Хэрвээ Г.Батхүү гишүүн бизнесээ бодсон бол "АПУ”- гийн архийг уухад эрхийг нь хасдаггүй хууль батлуулах байлаа. Харин ч тээврийн салбарын хүн учраас согтуу жолоо баривал 800 шахам мянган төгрөгөөр торгуулж, баривчлагдан, эрхээ хасуулах заалттай хуулийн төсөл санаачилж батлууллаа. Дайнд үрэгдсэнээс олон хүн зам дээр эндэж байгаа  манайх шиг улсад ийм хууль үгүйлэгдэж байсан юм. Одоо хуулиа биелүүлэх л үлдлээ.