УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2016.12.22

Ё.Баатарбилэг: Маш тодорхой 4 асуултад хариу хүсч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Анх оруулж ирсэн хуулийн төсөлд хилийн бүсийг огт байхгүй байсныг өөрчилж, оруулж ирсэнд талархаж байна. Хилийн бүс, хилчдийн галт зэвсэг зэрэг асуудлаар олон нийт нилээн буруу ойлголттой явж ирсэн.

Нэгд, хилийн бүсийг яг 100 км гэж зааж өгч болдоггүй юм гэхэд 100 км-ээс илүүгүй гэлгүй 100 км-ээс багагүй гэж оруулж ирж болох уу?

Хоёрт, хуулийн төслийн 48,1 дэх хэсэгт галт зэвсэг анхааруулахгүйгээр хэрэглэх, анхаарч хэрэглэх гэж хоёр өөр ойлголт байна. Галт зэвсэг хэрэглэх сувьект нь хилийн анги салбар, хилийн манаа гэж заажээ. “Хилчин” гэж заагаагүй байна.

Хилчин гэдэг нь 3,1,17 дахь хэсэгт заасны дагуу хилийн цэрэгт алба хааж буй цэргийн албан хаагчийг хэлдэг. Галт зэвсэг хэрэглэж болох тохиолдлуудыг харахад, хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа обьектод бүлэглэн халдсан, халдахыг завдсан бол галт зэвсэг хэрэглэхгүй гэж заасан байна. Тэгсэн атлаа иргэний обьектод халдвал галт зэвсэг хэрэглэж болно гэж заасан байх юм.

Үндсэндээ, хил хамгаалах ерөнхий байгууллагын хамгаалалтад байгаа обьектод бүлэглэн халдсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэхгүй, тусгай хэрэгсэл хэрэглэнэ гэж заажээ. Энэ нь хилийн цэргийн гарыг мухарлаж, цагдаа шиг зэвсэггүй болгож буй хэрэг биш үү?

Гуравт, хуулийн төслийн үзэл баримтлалд тал хээрийн бүсийг гэрээт хилчинд шилжүүлэх шаардлагатай гэж дурджээ. Одоогийн хэлбэрээрээ явахад ямар асуудал байна? Гэрээт хилчин гэдэг бол хил хамгаалалтыг сулруулж буй хэлбэр гэж харж байна. Өмнө нь ч гэсэн сайн дурын, гэрээт гэсэн нэр томьёонууд байсан.

Дөрөвт, хилийн бүс гэж байхгүй болгосноор уул уурхайн хайгуул, олборлолт эрчимжинэ гэсэн болгоомжлол байна. Тодорхой жишээгээр цагаан алт олсон учраас Сулинхээрийн отрьядыг нүүлгэн шилжүүлсэн явдлыг нэрлэж болно.  Үнэхээр эдийн засгийн хүнд нөхцөлд 2,1 тэрбум төгрөгөөр уг отрьядыг нүүлгэн шилжүүлсэн нь үнэн юм уу?

УИХ-ын гишүүн О.Батнасан:

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд хилийн бүсийг 100 км-ээс илүүгүй гэж заасан байдаг. Энэ заалт уг хуулийн төсөлд ч хэвээр туссан. “100 км-ээс багагүй” гэж оруулах санал байнгын хорооны хуралдааны үеэр гараагүй.