УИХ-ын гишүүн Л.Болд
2016.12.22

Л.Болд: Олон улсын хилийн боомт дээр буутай цэрэг шалган хийж байгаа нь маш том зарчмын асуудал

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу уг хуультай холбогдуулж өргөн мэдүүлсэн бусад хуулиудыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн оруулсан саналаа буцаан татаж байгаагаа илэрхийлээд санал хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд

"Байнгын хороон дээр оруулсан саналаа би татаж авлаа. Санал хураах шаардлагагүй. Ц.Нямдорж даргад хандаж хэлэх санал байна. Та ажлын хэсгийн ахлагчийн хувьд хилийн боомдын шалганы асуудлыг эцсийн хэлэцүүлэгтээ дахин оруулахыг анхааралдаа аваач.

Хилийн 40 боомд дээр хилийн шалган хийх томилгоог Гадаадын иргэн харъяатын газраас хийхэд хүндрэлтэй байна. Учир нь хүн хүчний хувьд боломжгүй байгаа тухай хэлж байсныг бид хүлээж авсан.

Гэхдээ Олон улсын боомтууд дээр энэ асуудлыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг та өөрөө хэлсэн шүү дээ. Та өөрөө энэ байгууллагад ажиллах байхдаа үедээ энэ зөв алхамыг эхлүүлсэн хүн. Харамсалтай нь тэр бүхнээсээ ухарч байгаа юм шиг энэ байдал нь гадаад ертөнцөд Монголчуудыг ямар харагдуулж байгаа бол гэдгийг дахин бодож үзэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Олон улсын хилийн боомт дээр буутай цэрэг паспорт шалгаад сууж байгаа орон манайхаас өөр байхгүй.  Энэ асуудлыг шийдвэрлэхэд саад учруулж байгаа учир шалтгаан нь Их сонирхолтой. Гадаадын иргэн харъяатын газрын эмэгтэй ажилчдын хувцслалтаас болж байгаа утгатай зүйл ажлын албаны дарга нь ярьж байсан.

Энэ бол үнэхээр байгууллага хоорондын ажилтны хувцаслалтаас шалтгаалж байгаа хэрэг биш. Монгол Улсын нэр хүндэд нөлөөлөх маш том зарчмын асуудал юм. Олонхи болсон МАН-ын засгийн үед үүнийг заавал ухраах шаардлага байхгүй шүү дээ.

Аль болох Монгол Улсын нэрийн өмнөөс хийж шийдвэрлэх асуудал гэж үзээд аль болох зөв зүйтэйгээр шийдвэрлэх нь чухал юм.Түүнчлэн Монгол улсын хил залгаа аймаг, орон нутаг бүр хилийн боомттой байж энэ асуудалд тодорхой ойлголттой байж төрийн бодлогод багтаан хэлэлцэж байх зайлшгүй шаардлага байгааг давхар хэлмээр байна."