Ө.Энхтүвшин: Ц.Сэргэлэн хэлсэндээ хүрнэ гэж найдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хуучин хилийн цэрэг, одоогийн Гадаадын иргэн, харьяатын газарт харьяалагдаж буй хүмүүсийн асуудлыг хөндлөө.
Ө.Энхтүвшин: Хил дээр ажиллах дараалалд Гадаадын иргэн, харьяатын байгууллагыг оруулах нь зүйтэй
Өмнөх парламентаар Хилийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, би ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байлаа. Уг хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга буруу байсан учраас УИХ-аар цааш хэлэлцээгүй.
Одоогийн хэлэлцэж буй хуулийн төсөл нь шинэчилсэн найруулга гэдэг утгаараа асуудлыг цогцоор нь авч үзсэн байна. Гадаадын иргэн, харьяатын байгууллагад харьяалагддаг хилийн цэргээс салангид 400-500 хүн бий. Тэдгээр хүмүүсийг эргүүлэн Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд оруулахаар хуулийн төсөлд заасан байна.
Үе, үеийн парламентад нэг хэсэг хүмүүсийг байгууллагын харьяанаас гаргаж өөр байгууллага руу шилжүүлж, хэсэг хугацааны дараа буцааж хуучин харьяанд нь оруулдаг. Энэ зуур ажлаа хийж явсан хүмүүс хохирдог. Сайн дураараа өөр байгууллагын харьяанд очсон юм шиг ад үздэг, сольж халдаг явдал бий.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн цэргийн хүний хувьд хилийн цэргийн харьяа болж буй хүмүүсийн цол, цалин хангамжийг бууруулахгүй, халахгүй гэдгээ илэрхийлсэн. Генерал цолтой хүн “эр хүн шиг” ингэж амлаж байгаа учраас хэлсэндээ хүрнэ гэж бодож байна. Тиймээс уг хуулийн төслийг дэмжинэ.
Цаашид Гадаадын иргэн, харьяатын байгууллага хяналтын үүргийг гүйцэтгэх нь байна. Үүнтэй холбогдуулан хил дээр ажиллах байгууллагуудын дараалал гэж байх ёстой гэж бодож байна. Гааль, хил, мэргэжлийн хяналтын байгууллагууд гэж дурдсан атлаа Гадаадын иргэн, харьяатын газрыг энэ дараалалдаа оруулахгүй юм шиг ойлгогдлоо. Хэрвээ ингэвэл яаж хяналтын үүргээ гүйцэтгэх вэ?
Хил дээр виз олгох ажлаа Гадаадын иргэн, харьяатынхан яаж хийх вэ? Хэрэв хянахгүй бол жуулчин гэдэг нэрээр гадаадаас ажиллах хүч оруулж ирэх магадлалтай шүү дээ. Хилийн хяналтгүй болох гээд байгаа юм биш үү?
О.Батнасан: Гадаадын иргэн, харьяатын байгууллагыг дараалалд оруулаагүй байсан нь үнэн
Хил дээр ажиллах дарааллыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Энэ дараалалд Гадаадын иргэн, харьяатын газрыг оруулаагүй байсан нь үнэн.
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн 17,4 дэх хэсэгт “Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь Улсын хил хамгаалах байгууллагын шалгалтаар илэрсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг шийдвэрлэнэ” гэсэн шинэ томьёолол оруулж өгсөн. Энэ томьёоллоор санал хураах болно.