Ерөнхий сайдын мэдэгдэл сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэв
Монголын бизнесийн зөвлөлийн сарын хурал “Blue Sky Hotel”-ын гурван давхрын хурлын зааланд өчигдөр боллоо.
Тус хуралд зуу орчим компанийн төлөөлөл оролцсон юм. “Монголын бизнесийн зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн тавдугаар сарын үйл ажиллагааны тайлан болон, шинэ гишүүдийг танилцуулснаар хурал эхэллээ.
Энэ удаагийн хурал "зөвлөгөөн" хэлбэрээр явагдсанаараа онцлог байв.
Тэд “Сонгуулийн үр дүн-Эдийн засаг ба бизнесийн орчинд нөлөөлөх нь” гэсэн сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал эдийн засагч Д.Жаргалсайхан "УИХ-ын ээлжит сонгуульд 76 тойрогт 12 нам, 68 бие даагч, гурван эвсэл, 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ын 65 суудлыг авч, үнэмлэхүй ялалт байгуулав. Нийт сонгогчийн 72,1 хувь оролцсон тус сонгуулиар төрийн эрх барьж ирсэн АН дөнгөж ес, МАХН, бие даагч тус бүр нэг суудал авсан бөгөөд ийм үр дүн гарна гэж хэн ч урьдчилан тооцоогүй байлаа.
Өмнөх өдөр нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн хэвлэлийн бага хурал сонгуулийн үр дүн ингэж гарахад онцгой нөлөөлсөн юм. Монгол, Оросын хамтарсан төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч Оросын Ростех корпорац өөрийн хувиа "Монголын зэс" компанид зарчихсаныг тэрбээр зарлаад, одоо энэ үйлдвэр бүхэлдээ Монголын хөрөнгө болсныг онцлон тэмдэглэсэн. Энэ бол эхний "цунами" байлаа" гэсэн юм.
Монголын бизнесийн зөвлөл сар бүр шинэ гишүүдээр хүрээгээ тэлж байдаг. Энэ удаагийн шинэ гишүүдтэй цөөн хором ярилцлаа.
“Orchuulga24” төвийн захирал Мандухай
Байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?
Манай байгууллага “Orchuulga24” гэдэг нэртэйгээр 2014 онд байгуулагдаж, байгууллагын орчуулгын үйлчилгээ үзүүлж байна.
“BCM”-ийг яагаад сонгох болов?
Монголын бүхий л том байгууллагууд, ААН-ийн удирдлагууд уулзаж Монголд өрнөж буй өөрчлөлтүүд, нийгэмд тулгамдаж буй асуудлыг Бизнесийн зөвлөлийн сарын хурлаар хэлэлцдэг. Салбар тус бүрийн төлөөллүүд ирж тулгамдсан асуудлын талаар санал, шийдлүүд, байр сууриа илэрхийлдэг учраас их зүйл сурах боломж бүрддэг. Мөн “BCM”-д нэгдсэнээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд бусдад таниулах боломжтой болох юм.
Бизнесийн зөвлөлд элсэн орсноор үйл ажиллагааны чиглэлээ хэрхэн өргөжинө гэж харж байна вэ?
Энэ байгууллагын гишүүн болсноор олон сайхан боломжууд харагдаж байна. Цаашид зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өөрийн цар хүрээгээ тэлэхийг хүсч байна.
“Oshmi” компанийн гүйцэтгэх захирал С.Мойлтмаа
“Oshmi” компани нь 2011 онд байгуулагдсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ОУ-ын стандартын сургалт, зөвөлгөө үзүүлдэг байгууллага юм.
Бизнесийн зөвлөлийн гишүүнээр яагаад элсэх болов?
Манай байгууллагын үзүүлж буй үйлчилгээ бизнесийн болон төрийн бүх байгууллагад хамааралтай. Энэ утгаараа юуны түрүүнд өөрсдийн үйл ажиллагааг таниулах зорилготой. Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөгжлийн орчин бүх салбарт доогуур байдаг. Тиймээс байгууллага бүр ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаардаг болж, цаашлаад хамтарч ажиллан төр засагт нөлөөлөл үзүүлэхийг зорьж байна.
Бизнесийн зөвлөлийн гишүүн болсноор тогтмол мэдээлэл авч, бизнесийн зарчим, ёс зүйгээ дээшлүүлэх боломж бүрдэх юм.
Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хурал ийнхүү амжилттай болсон юм.