Мэндчилгээ
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох амаргүй олон шалгалтуудыг өөрийн хичээл зүтгэл, дадлага туршлагаараа даван гарч Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч хэмээх эрхийг авсан та бүхэндээ институтийн хамт олон, мэргэшсэн нягтлан бодогч ах, эгч нарын тань зүгээс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
ММНБИ өнөөдөр шинээр эрхээ авсан 104 мэргэшсэн нягтлан бодогчоор эгнээгээ тэлж байгаадаа баяртай байна. Та нартаа ММНБИ-ээрээ уламжлагдан Ази Номхон Далайн Нягтлан Бодогчдын Холбоо, Дэлхийн Нягтлан Бодогчдын Холбооны гишүүн болж байгаад баяр хүргэе.
Та бүхнийг Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч болсноороо мэргэжлийн өндөр түвшинд хүрч, олон нийтийн итгэл хүлээж ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Мэргэжлийн зөвлөгөө өгөх, аудит баталгаажуулалтын ажилд оролцох, цалингийн нэмэгдэл урамшуулал авах зэргээр ашиг орлого тань нэмэгдэх, төрийн болон төсвийн байгууллагын санхүүгийн удирдах ажил эрхлэх боломжуудаа хэрэгжүүлээрэй.
ММНБИ-ээс олон улс, бүс нутгийн болон өөрийн орны мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх, мөн даяарчлагдаж байгаа нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдэд байнга суралцаж, тасралтгүйгээр боловсролоо дээшлүүлэх боломжийг олгох болно.
Та бид хамтдаа мэргэжлийн нэр хүндээ өндөрт өргөн, мэргэжлийн салбараа хөгжүүлж, улмаар улс эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ жинтэй оруулах боломж нээгдлээ.
Сайн бүртгэл дэлгэрэх болтугай.
ММНБИ-ийн Гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн