Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт шинэчлэгдсэн журмаар явагдаж байна
2016.06.17

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт шинэчлэгдсэн журмаар явагдаж байна

Улаанбаатар хотын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өнөөдрөөс мэргэжлийн англи хэлний шалгалтаар эхэллээ.

Энэ удаагийн шалгалтанд 900 орчим нягтлан бодогч орж байгаа бөгөөд шалгалтыг Мэргэжлийн англи хэл, Хууль эрх зүй, татварын бүртгэл, Аудит ба баталгаажуулалт, Санхүүгийн менежмент-1, Санхүүгийн тайлагнал-1, Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага хичээлүүдээр авч байна. 

Өнгөрсөн онд “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль шинэчлэгдэж, 2016 оноос эхлэн мөрдөгдөж байгаатай холбоотойгоор мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон ба энэ удаагийн шалгалтаас эхлэн хэрэгжиж байна. Шинэчлэгдсэн хуульд нягтлан бодогчдод хүндрэл үүсгэхгүйгээр, шалгалт шүүлгийг хөнгөвчлөх, нарийн мэргэшүүлэх чиглэлээр өөрчлөлт оруулсан.

Иймээс эрх олгох шалгалтын шинэ журамд орсон гол өөрчлөлтөөс дурьдвал, Монгол улсын иргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэг (Association of Chartered Certified Accountants-АССА)-ийн шалгалтуудыг амжилттай өгч жинхэнэ гишүүн болсон тохиолдолд “Хууль эрх зүй, татварын бүртгэл-2”-оос бусад шалгалтуудаас, мөн АССА-ийн шалгалтуудаас амжилттай өгч тэнцсэн тохиолдолд тухайн шалгалттай дүйцэхүйц хичээлийн шалгалтаас, хэрэв татварын мэргэшсэн зөвлөхийн эрх авсан бол “Хууль эрх зүй, татварын бүртгэл-1” шалгалтаас тус тус чөлөөлөхөөр тусгасан байна. МНБ-ийн эрх олгох шалгалтын хөнгөлөлт буюу шалгалтанд тэнцсэн хүчинтэй хугацааг 6 сараар сунгаж өгсөн. Өөрөөр хэлбэл мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын аль нэгэнд тэнцсэн бол тухайн шалгалтын хүчинтэй хугацаа 18 сар байсныг 2 жил болгосон. Мөн МНБ-ийн эрх олгох ба сунгалтанд үзүүлэх хөнгөлөлт чөлөөлөлт нэмэгдсэн зэрэг давуу талтай.  

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын дүнг www.testaccount.monicpa.mn хуудас руу шалгуулагч өөрийнхөө нэвтрэх эрхээр орж, шалгалтын мэдээлэл хэсгээс харах боломжтой. Эрх олгох шалгалт 6 сарын 18-ыг дуустал үргэлжилнэ.