Эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулж чадах улстөрийн хүчин, хувь хүнийг сонгох ёстой
СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
Ер нь Сонгуулийн жил улсын эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Сонгуулийн жилд сонгуультай холбоотой зарим төсвийн зардлууд хэт их болдог. Зарим бүтээн байгуулалтын ажлууд идэвхжиж эхэлдэг. Энэ жилийн хувьд АСЕМ-тай холбоотойгоор завсар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт сонгогчид руу чиглэж эдийн засгийн түр зуурын идэвхижил ажиглагдан, төсвийн зардал ч нэмэгддэг.
Харин энэ жилийн хувьд төсвийн зардал урьд байгаагүй их хэмжээгээр нэмэгдэж, төсвийн алдагдал түүхэнд байгаагүй их хэмжээнд хүрсэн. Энэ нь сонгуулийн дараах эдийн засагт сайн үр дүн авчрахгүй.
Төсвийн алдагдал аль хэдийн 877 тэрбум төгрөгт хүрсэн. Сонгуулийн дараа ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Сонгуулийн дараа гэлтгүй бид сонгуулийн өмнө төсвөө тодотгох шаардлагатай байсан. Сүүлийн жилүүдэд их наяд давсан төсвийн алдагдалтай байна. Энэ жил илүү ихсэх магадлал бий. Тиймээс дараагийн Засгийн газар, УИХ төсвийг яаралтай тодотгож, эдийн засгийн бодит нөхцөл байдал руу шилжүүлэх хэрэгтэй.
Энэ байдлыг тэгшитгэхийн тулд төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй
Хэрэв тэгэхгүй бол төсвийн алдагдал даамжирч төрийн төлөвлөсөн ажлууд гүйцэлдэхгүй болох талтай. Ингэснээр бодит сектор, ААН-д ч нөлөөлдөг буруу жишиг тогтож байна. Ийм байдлыг яаралтай залруулах хэрэгтэй. Төрийн зардлын түвшин нэмэгдэж, орлого багассан. Энэ байдлыг тэгшитгэхийн тулд төсвийн тодотголыг яаралтай хийх хэрэгтэй.
Эдийн засгийн хямралтай жилд сонгуулийн зардлыг багасгах арга байдаг уу?
Сонгуулийн хуульд тодорхой хэмжээгээр зардлыг багасгахыг зорьсон заалтууд орсон. Сонгуулийн зардал гэдэг нэр дэвшигч, намуудын гаргаж буй зардал юм. Төрийн бүх үйл ажиллагааны зардлыг сонгуулийн хуулиар хянах боломж байдаггүй. Засгийн газрын зүгээс сонгогчдод хандан хэрэгжүүлж буй алхмууд нь төсвийн зардлыг нэмэх тал бий.
Тухайлбал 1072 ширхэг хувьцаатай холбоотой шийдвэр нь алдагдал өндөр төсвийг улам нэмэгдүүлэх шийдвэр болсон.
Үүнийг хуулиар хянах боломж бага. Засгийн газрын зүгээс “бид ажлаа хийж байна, энэ бол төсөвтэй хамаагүй” гэх зэргээр янз бүрийн тайлбар өгч, хуулийн цоорхойгоор бултаж байна.
Ер нь төсвийн тухай хуулиар төсвийн зардлын дээд хэмжээ, өөрчлөлт, хэлбэлзлийн түвшинг хязгаарлаж өгөх хэрэгтэй. Энэ талаар зарим заалтууд байдаг хэдий ч зардлын хэмжээг тодорхой заасан заалт ховор. Төсвийг урт хугацаандаа огцом хэлбэлзүүлж болохгүй, богино хугацаанд тийм байдлаар өсгөж болохгүй гэдэг хязгаарлалтуудыг төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулж өгөх ёстой. Ингэж зохицуулаагүй учраас Сонгуультай холбоотой их хэмжээний зардал гардаг. Ийм байдал нь эргээд Сонгуулийн дараах эдийн засагт дарамт болно.
Тавантолгойн хувьцааг сонгуулийн шоу гэж үзэх хүмүүс бий. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
Энэ хувьцаа эргэлтэнд орох боломжгүй. Дэлхийн зах зээл дээр сонгодог агуулгаараа хувьцаа болж чадаагүй, зөвхөн иргэдийн нэр дээр буй төлбөр тооцооны албан дахь бичилт л төдий юм. Тавантолгой компанийн блансад бүртгэгдээгүй, хуралд оролцох эрх, ноогдол ашиг авах эрх нээгдээгүй бодит хувьцаа болох санхүүгийн эх үүсвэр бүрдээгүй байсан. Сар гаруйн өмнө арилжаанд гаргах боломжгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс мэдэгдсэн. Гэтэл удалгүй уг хувьцааг Засгийн газар өөрөө авч буй нь эрх зүйн боломжийн хувьд ч сонгуулийн үйл ажиллагааны нэг хэсэг гэж харагдаж байна. Мөнгө тараах давтамжийг Сонгуулийн сурталчилгааны хугацаанд тохируулсан. Сүүлийн 100 мянган төгрөгийг сонгуулиа өгсний дараа олгохоор заасан нь иргэдийн саналыг худалдан авах гэсэн сонгуулийн зүй бус үйлдэл юм.
Бид энэ хувьцааг илүү үр дүнтэйгээр ашиглах боломжтой байсан уу?
Ер нь бол бий. Гэхдээ ойрын хугацаанд маш эргэлзээтэй. Мөнгөө авах гээд дугаарлан зогсож буй иргэдийг буруутгах аргагүй. Ийм шийдвэр гаргасан Засгийн газарт л харамсаж байна. Тавантолгойн хувьцааг үр ашигтай болоход төрийн бодлого, уул уурхайн цогц бодлого хэрхэн хэрэгжих вэ гэдгээс хамаарна. Мөн дэлхийн зах зээл дээрх нүүрс болон бусад эрдсийн бүтээгдэхүүний үнийн түвшингээс дам хамаардаг. Тиймээс иргэд хүлээвэл магадгүй нэг, хоёр жилийн дараа тодорхой үр ашгийг хүртэж болно.
Сонгогчид зөв сонголт хийснээс хамаарч эдийн засгийн нөхцөл байдал сэргэх боломжтой юу?
Тийм. Иргэд сонголтоо зөв хийх хэрэгтэй. Эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулж чадах улстөрийн хүчин, хувь хүнийг сонгох ёстой. Бидний энэ удаагийн сонголтоос олон зүйл хамаарна. Улсын эдийн засаг, өр зээлийн асуудал, өрийн дарамтыг давж гараад Монгол Улсын эдийн засаг сэргэх үү, үгүй юу гэсэн олон эргэлзээтэй асуудлын хариуг сонголтоороо өгөх болно.