Монгол хүн өрөвдөхөөрөө их хурдан шийдвэр гаргадаг
Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
УИХ-ын ээлжит сонгууль өгөхөд хэдхэн хоног дутуу байна. Ер нь хүмүүсийн сонголтод юу нөлөөлдөг бол.Өмнөх жилүүдтэй харьцуулсан судалгаа бий юу?
Манай байгууллага сонгуулиуд дээр гарсан өөрчлөлтүүдийг судалж амжаагүй байна. Харин Монголчуудын сэтгэл зүйн өвөрмөц онцлогийг судалсан судалгаанууд бий. Монгол хүний шийдвэр гаргах үйл явц өвөрмөц шүү дээ. Тогтчихсон бүрэн бий болчихсон ойлголтоосоо илүү нэгдүгээрт сэтгэлийн хөдөлгөөн дээрээ тулгуурлаж шийдвэр гаргах тал нэлээд ажиглагддаг. Мөн тухайн үеийн нөхцөлөөс хамаарч шийдвэр гаргах нь илүүтэй байдаг.
Түүнчлэн бусдын нөлөөнд автах буюу эргэн тойрны хүмүүсийн юу хэлж байгаа вэ гэдгийг сонирхож санал өгөх байдал маш их. Тэгэхээр монгол хүний хувьд яг өөрийн тогтчихсон үзэл бодлоороо яг л тэр хүнд, тийм намд саналаа өгнө гэж сонголт хийх нь их сул гэж тодорхойлж болно. Ихэвчлэн тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж сонголт хийдэг. Тийм ч учраас “Одоо сонгууль болох юм бол та хэнд саналаа өгөх вэ” гээд судалгаа хийхэд “Одоогоор би шийдээгүй байгаа” гэдэг хариулт илүү их өгдөг юм. Энэ чинь юуг илэрхийлээд байна вэ гэхээр сонгууль болтол юу болох нь вэ, ямар хүн орж ирэх нь вэ гэдгийг ажиглах гэж байгаа хэрэг.
Сонголт хийхдээ голлон анхаардаг зүйл байдаг л байлгүй дээ?
Түрүүчийн сонгуулиар МАН шиг муухай юм байхгүй гэж байсан. Гэтэл дөрвөн жилийн дараа АН шиг муухай юмгүй байгаа биз дээ. Тэгэхээр манай сонгогчид зүгээр л хийж байгаа үйлдлийг нь хардаг гэсэн үг. Ингэхээр намууд өөрсдөө тодорхой үзэл баримтлалаа хамгаалж бодлогоо боловсруулахаас илүүтэйгээр ард түмэн юуг сонирхож байна гэдэг дээр л үйл ажиллагаа хийгээд байгаа нийтлэг дүр зураг ажиглагддаг. Энэ нь сонгогчид боловсроогүй байгаатай холбоотой. Эргээд намууд ч боловсроогүй арга зүйнүүдийг барьж ирж байгаа юм.
Тухайлбал, манай сонгогчид бодлого гэдэг юмыг сайн ойлгохгүй байна шүү дээ. Та яагаад энэ хүнийг сонгохгүй байна гэхээр “Манай тойрог дээр юу ч хийгээгүй” гэж хариулдаг. Гэтэл УИХ-ын гишүүн тойрогт цэцэрлэг барьдаг эсвэл тоглоомын талбай хийдэг хүн биш. Хууль тогтоох, төрийн эрхийг барих байгууллагын гишүүн болж байгаа хэрэг шүү дээ. Хамгийн гол нь ард иргэдэд хэрэгцээтэй байгаа хууль эрх зүйн тогтолцоо, бодлогоор л ард түмнийг хангах ёстой болохоос биш гүүр барих, гүний худаг зохицуулах ёсгүй гэдгийг нэр дэвшигчид маань ч өөрсдөө ард түмэнд хэлэхгүй байна. Ард түмэн ч өөрсдөө энэ талаас нь нэр дэвшигчийг ойлгож чадахгүй байна л даа. Манай тойрогт юу хийх юм гэдэг зүйлээр л хязгаарлаад байгаа юм. Тэр утгаар нь хүмүүс тойрогт юу хийсэн бэ гэдгээр нь сонгох хандлага байна.
Тэгвэл сонгогчид хэзээ боловсорч гүйцэх юм бэ?
Бид өөрсдөө л уншиж судалж мэдэхгүй бол энэ байдал байсаар ч байна. Улам дордож магадгүй. Хэн ч үүнийг сайжруулахгүй. Нийт масс маань өөрсдөө мэдээлэл авч байж л дээшилнэ. Ард түмний мэдлэг сул байлгах нь эрх баригчдын, улстөрчдийн зорилго юм гэж улс төрийн онолд ч байдаг зүйл. Энэ бол яалт ч үгүй үнэн. Хэрвээ сонгогчдын мэдлэг муу байвал хялбар аргаар эрх мэдлийг олж авна. Хүмүүсийн тархийг амархан угааж болно шүү дээ. Харин ард иргэд боловсрогдсон байвал нөгөө хүмүүс чинь өөрсдөө дахиад илүү боловсрох, хөгжих болно.
Сонгууль дөхөхөөр бие биенээ “харлуулах” арга хэрэглэх нь бий. Саяхан төрийн ордонд тамхи татаж байгаа гишүүний бичлэг цацагдахад мэдээлэл хийсэн хүмүүс нь эргээд асуудалд орчихож байна. Энэ шинэ өөрчлөлт үү?
Би ярианыхаа эхэнд хэлсэн. Монгол хүний шийдвэр гаргаж байгаа нь бусад ижил төстэй байж болохуйц Азийн улсуудтай харьцуулаад үзэхэд их өвөрмөц л дөө. Бусдыг их өрөвдөж эсвэл үзэн ядаж хайрлаж шийдвэр гаргадаг. Энэ бүгдээрээ нийлээд сэтгэлийн хөдөлгөөн юм. Ерөөсөө сэтгэлийн хөдөлгөөн дээрээ суурилж шийдвэр гаргаж байна шүү дээ. Түүнээс бодлоороо шийдвэр гаргаж чадахгүй байна л даа. Үүнийг нь ашиглаад байдаг. Ялангуяа өрөвдөх сэтгэлгээ маш хүчтэй байдаг. Ер нь Монгол хүн бусдыг өрөвдөхөөрөө их хурдан шийдвэр гаргадаг. Дээрээс нь их буруу шийдвэр гаргачихдаг хүмүүс. Үүн дээрээ л бид их сайн бодолтой байх ёстой. Би битгий өрөвд гээгүй юм шүү. Сонголтоо сайн бодож хийх ёстой гэсэн санаа. Иргэд маань төр засгаас амьдрахад хэрэгцээтэй яг ямар төрлийн үйлчилгээ хүсч буйгаа бодох хэрэгтэй.
Ялангуяа хуучин социалист системд байдаг орнуудад үзэн ядуулах аргыг хэрэглэж хүмүүсийн саналыг авдаг. Сонгогчдыг бухимдуулж байгаад санал авах нь амархан ч эргээд нийгэмд, санал өгч байгаа хүний эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй гэдэг. Энэ арга манайд анзаарагддаг уу?
Манай нийгэм өөрөө тогтвортой гэхээсээ илүү даган дууриалтын сэтгэл зүйтэй. Тэр тийм байна гэж амнаас ам дамжиж санал бодлоо хоорондоо илэрхийлдэг. Аль нэг хүний яриан дундаас шийдвэрээ өөрчлөөд өөр хүнд саналаа өгөх байдал монголчуудын дунд нийтлэг л дээ. Энэ бол өөрсдийнх нь эрхэлж байсан аж ахуй, амьдралтай холбоотой. Холын хүнээс үг дуул гэсэн сургаалт үгтэйгээ адилхан бусад хүмүүс юу гэж бодож байна гэдэг монгол хүнд маш сонирхолтой байдаг.
Мөн өөрт хамаатай гэхээс илүү хамаагүй зүйлээс болж их нервтдэг. Тэрнээс болоод өөрийнхөө сонголт, шийдвэрийг буруу хийх нь элбэг байдаг. Ер нь хүний амьдралд хэдэн том сонголт байдаг шүү дээ. Үүнд мэргэжил, хань ижил, сургууль, ажлын газраа сонгохыг хэлж болно. Эдгээр дээр манайхан яг өөрөө шийдвэрээ гаргаад байна уу гэхээр тийм биш. Миний дээр хэлсэн шиг хүмүүс юу гэж бодоод байна гэдэг чухал. Аав ээж, найзууд багш нь юу гэж үзэж байна гэдэг илүү сонин болоод хувирчихсан байдаг. Өөрөө өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах, өөрийнхөө үзэл бодолд бат тогтвортой байх гэдэг бол их хэрэгтэй. Тийм байж чадахгүйгээс болоод амархан стресст ордог, хямардаг, мэдээлэлд автамхай байдаг хүмүүс юм.
Сонгуулийн үеэр сурталчилгааны материалыг өдийд маш ихээр тарааж байна. Энэ нь сонгогчдод хэрхэн нөлөөлдөг бол?
Нэгдүгээрт хүмүүс огт сонирхохоо больчихдог. Энэ өөрөө сэтгэлзүйн хууль. Ямарваа нэгэн зүйлийг их өгөх тусам хүн түүнээс залхдаг. Тэгэхээр хэний ч сонгуулийн сурталчилгааг сонирхохоо болиод бүх мэдрэхүйн эрхтнүүдээ хаана гэсэн үг. Сонирхолгүй болно гэдэг чинь залхана гэсэн үг. Жишээлбэл одоо хүмүүс зурагтаа үзэх, машиндаа радио сонсохоос зайлхийж залхалтын тал руугаа ороод эхэлчихсэн байна. Сонгуулийн ухуулга сурталчилгаа хйиж байгаа бүх намын штабууд үүнийг бодох хэрэгтэй л дээ.
Хэтэрхий их мэдээллээр хүмүүсийг балбасаар” байгаад өөртөө дургүй болгох уу, эсвэл зөв талаас нь сурталчилгаа явуулаад өөрийн мөрийн хөтөлбөрөө зөв таниулах уу гэдэг тухай штабуудын сонголт болно. Цангаж байгаа хүнд нэг стакан ус өгвөл “ямар сайхан юм бэ” гээд л уучихна. Хэсэг хугацааны дараа хоёр стаканыг өгвөл уучих байх, харин таван минутын дараа дахиад гурван стакан ус өгвөл уухгүй шүү дээ. Үүн шиг хүний тархинд мэдээлэл авах хэмжээ хязгаар бий. Түүнээс давуулж өгөх юм бол стресдэнэ. Тэгээд огт үзэхгүй байхыг эрхэмлэнэ. Хэсэг хугацааны дараа дахиад хүлээж авна л даа. Одоо сонгуулиас илүүтэй хөдөө гарах юмсан, чих амар байхсан гэсэн тал руугаа орчихож байна. Хүзмүүс яагаад ухуулагчдад хаалгаа тайлж өгөх дургүй байгаа юм бэ гэхээр тэр мэдээллийг авах хүсэлгүй л байна гэсэн үг шүү дээ.
Сошиалд идэвхтэй хэсэг хүмүүс байдаг. Нэг асуудал гараад ирэнгүүт тал талаас нь шүүж, цэгнэдэг. Тэдний нийгэмд нөлөөлөх нөлөө ямар байдаг вэ?
Фейсбүүк, твиттерт хүмүүс хоорондоо маргалдаж мэтгэлцэж болно. Хэтэрхий их байвал дээрх шиг “өө тийм л байдаг юм” гэх хандлагаар хүлээж авч эхэлдэг. Ингээд зөвхөн тэр хүмүүс хоорондын асуудал гэж ойлгож эхэлнэ. Эхлээд маргаан хүмүүст сонирхолтой байдаг бол сүүл рүүгээ ямар ч сонирхолгүй өөрт нь наалдацгүй болдог учраас хүн түүнээс залхдаг гэсэн үг. Яахав сошиалд дур сонирхолтой хэсэг бий. Гэхдээ тэр нь цөөхөн. Манайхан түүнийг нийт нийгэм гэж хараад байна л даа. Улстөрчид өөрсдөө орчинд нь байдаг учраас сошиалыг улс нэг нийгэм гэж хараад байна. Гэтэл тийм биш. Тэрнээс гадуур зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр сошиал дээр болж байгаа зүйлийг энэ нийгэмд болж байгаа зүйл юм байна гэж бодох нь маш том эндүүрэл.
2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын нэгэнд үймээн гарч байлаа. Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлуудаас болоод хүмүүс сэтгэл хөөрөлд автаж дэлбэрэхэд бэлэн болчихдог байх ?
Монголчууд бол тийм айхтар хөөргөн хүмүүс биш л дээ. Харин хөөргөх процессыг ямар технологиор хийж байна гэдгээс хамаарна. Түүнээс амьдрал болохгүй гэсэн хэрнээ л лаглайгаад суугаад байдаг, нэг бол хэвтээд байдаг хүмүүс шүү дээ. Тэгээд ч монголчууд учиргүй айхтар хувьсгалч хүмүүс биш. Долдугаар сарын нэгний үйл явдал хэн ч тэр хүмүүсийг тайвшруулаагүйн дээр гэнэт цэрэг, цагдаа болсонтой холбоотой болж таарч байгаа. Хэрвээ хүмүүст байдал ийм байна шүү гэж хэлээд тайвшруулсан бол ноцтой байдалд хүрэхгүй байсан л даа. Энэ сонгуулийг би харьцангуй тайван сонгууль болох байх гэж бодож байгаа. Мөн өмнө нь тэтгэврийн насныхны сонголтоор л бид явчихдаг байсан бол энэ удаа залуучуудыг сонгуульд нэлээд идэвхитэй оролцоно гэж бодож байгаа.
Яагаад?
1992 оноос хойш өгсөн бүх сонгууль доошоо урсгалтай явж байна. Сүүлийн 2012 сонгууль бүр 65 хувийн ирцтэй байсан. Тэр ирцийг сайжирна гэж найдаж байгаа. Залуус өөрсдөө саналаа өгөхгүй бол биднийг төлөөлж чадахгүй өөр хүмүүсийн дуу хоолой гарч ирээд байна гэдгийг анзаарч эхэллээ. Энэ хандлага оюутнууд, ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусын дунд нийтлэг байна гэж ажиглалтаараа дүгнээд байгаа юм.
2008 оны долдугаар сарын 1 дараа дараагийн сонгуулийн ирцэд нөлөөлсөн болов уу. 2012 оны сонгууль саналаа өгсөн иргэд арван хувиар буурсан байдаг?
Манай цөм болж байгаа залуусын хэсэг л очиж саналаа өгөхгүй байгаа юм. Заоуус айхтар анализ хийгээд байгаагаас илүү сонгуулийн хэсгийн хороо руу явахаас залхуурч байгаа юм болов уу. Мөн надаас бусад нь өгчих биз дээ гэж хандсанаас сонгуулийн ирцэд нөлөөлөөд байна. Дээрээс нь аав ээж ахмад настай хүмүүс залуустаа санал өг гэж хэлэх хэрэгтэй. Яг үнэндээ хүн үүргээ гүйцэтгэчихээд дараа нь эрхээ шаардах ёстой. Гэтэл дөрвөн жилийн турш хамгийн их асуудал тавьдаг, бухимдаж санал бодлоо илэрхийлдэг хүмүүс нь залуус хэрнээ сонгуулиа очиж өгдөггүй.
Сонгуульд саналаа өгөхгүй бол хүсээгүй төлөөлөл нь гарах нь ээ?
Тийм. Мөн өөр насныхны төлөөлөл гарахаар тэр хүмүүс дээрээ тулгуурласан бодлого илүү хэрэгжүүлээд, эрхзүйн орчноо бүрдүүлээд явчихдаг гэж ойлгож болно. Залуус “ Залучуудад хандсан төрийн бодлого бага байна” гэж шүүмжилдэг. Тэгвэл өөрсдөө яагаад шахаж болохгүй байгаа юм бэ. Өөрсдөө яагаад сонгуулиа өгөхгүй байгаа юм. Хэрвээ саналаа өгөх тэр хүн таныг төлөөлж чадахгүй гэж үзвэл тохирох хүмүүсийг өөрсдөө лоббидож дундаасаа гаргаж ирэх ёстой л доо. 35 хүртэлх насны хүмүүсийг л залуус гэж нийтлэг хэлдэг.
Энэ насныхан Монголын нийт хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа нь өөрөө маш том хүч. Би яагаад сонгуулиа өгөхийг уриалаад байна гэхээр өнөөдөр залуус өөрсдөө урдах ажлаа “гүрийгээд” хийгээд байдаг. Гэхдээ тэр зүйл нь эрхзүйн орчноор маш сайн баталгаажих ёстой. Ямар нэгэн хайр халамжийн бодлого биш шүү. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуустай холбоотой шийдвэр, хөгжлийн бодлогууд учир дутагдалтай байдаг. Тэгэхээр энэ жил 18 хүрч байгаа залуус ч мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулж үзэж байгаад сонголтоо хийгээсэй гэж хүсч байна. Сонголт хийнэ гэдэг их том зүйл биш шүү дээ. Мөрийн хөтөлбөрүүдийг ганц цаг хооронд нь харьцуулж хараад л хийчихнэ. Бидний амьдрал ямар бодлого шийдвэрээр хангагдах вэ гэдгээс шалтгаалах учраас битгий залхуураарай гэж хэлмээр байна даа.