Хуулиар зөвшөөрөгдсөн өндөр хэмжээний зардалтай сонгууль болно гэх дүр зураг харагдаж байна
2016.06.15

Хуулиар зөвшөөрөгдсөн өндөр хэмжээний зардалтай сонгууль болно гэх дүр зураг харагдаж байна

МУБИС-ийн НХУС- ийн нийгмийн ухааны тэнхимийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

Сар гаруйн дараа сонгууль болох нь. Энэ жилийн сонгуулийн өмнөх уур амьсгал ямархуу байх шиг байна вэ?

-Сонгуулийн хууль, эрхзүйн орчныг энэ сард хөндсөнөөс хойш үүсэж буй үр дагавар нэлээн хөвөрч байна. Тогтолцооны өөрчлөлт эмэгтэйчүүдийн квотыг багасгаж, сонгогчдын төлөөлөл, оролцоог хангах боломжийг хааж эхэлж байна. Мөн тойрог хуваарилах газрын зураг зурахдаа нөлөө бүхий эрх баригчдын хүслээр шийдэгдпээ. Гадаададбайгаа сонгогчид саналаа өгөх эрхгүй боллоо.

Цаашид ямар үр дагавар гарахыг урьдчилан хэлэхэд хэцүү байна.Өнөөдөр сонгуулийн календарь үйл ажиллагааныхаа хувьд тасраад, хойшоо татагдаад явж байгаа.

Ямартай ч сонгууль болохын хувьд болох байх. Тайван, ардчилсан сонгууль болоосой гэж найдаж байна. Гэхдээ өнөөдөр байгаа сонгуулийн хууль, эрхзүйн орчинтой холбоотой үүсэж байгаа үр дагаврууд цөөнгүй сонгогчдын бухимдлыг төрүүлж байна. Энэ бол харамсалтай. Сонгуульд итгэх итгэл, сонгуулийн үр дүнд итгэх итгэлийг алдагдуулж байгаа хэрэг.

-Тойргийг хуваахдаа тухайн газар нутгийг өм цөм болгож хуваасан гээд байгаа. Тойргийн мандатыг хэрхэн хуваарилах ёстой байдаг вэ?

-Дэлхийн бусад улс орны жишгийг харж байхад олон хувилбар туршиж үзсэн байдаг. Манайх өмнө нь газар нутгийн факторыг илүү ашиглана гэж байснаа энэ жилээс хүн амын төлөөллөө харгалздаг болоод байна.

Энэ хоёрт аль алинд нь давуу болон сул тал бий. Хэдийгээр нийт сонгогчдын нэлээдгүй хэсэг нь Улаанбаатарт амьдарч байна гэж үзвэл мандатын тоог нэмэгдүүлэх тухай ярьж болно. Гэхдээ Монгол Улс 1.5 сая км.кв газар нутагтай. Энэ газар нутаг эзэнтэй, төлөөлөлтэй. Тэнд амьдарч буй хүмүүст улс төрийн эрхээ эдлэх боломжийг олгох ёстой. Нөгөө талдаа орон нутагт нэр дэвшиж байгаа хүн, хотод нэр дэвшиж байгаа хүний сонгуулийн зардлыг яаж баланслах ёстой вэ зэргийг бодолцох ёстой. Олон хүчин зүйлээс шийдэл олдог.

Харамсалтай нь улс төрийн хүчнүүд уг асуудлыг хэрхэн шийдэж байгааг судлаач хүний хувьд ойлгохгүй л байгаа.

Тухайлбал, Улаанбаатарт нэрдэвшиж байгаа хүн таваас зургаан хорооноос сонгогдох боломж бий. Өөрөөр хэлбэл хайш хайшаа 2-3 км радиус дотор ,л өрсөлдөөд ялалт байгуулах боломж нээлттэй.

Ийм тохиолдолд сонгууль илүү хямдхан зардлаар явагдаж магадгүй. Гэтэл орон нутагт цөөхөн сонгогчдоос санал авахын тулд бүх газар нутгийг нь нэгжих, тойрох шаардлага гарч ирнэ. Жишээ нь, Булган, Говь-Алтайн тойрог байна. Нэг мандаттай, аймгаараа байгаа томсгосон тойрог эрсдэл өндөртэй, зардал их гарна.

-Жижигсгэсэн тойрог дээр хэн их мөнгөтэй нь гараад ирнэ гэх яриа бий. Үнэхээр жижиг 76 тойрог мөнгөний сонгууль болох  уу. Энэ тогтолцооны сайн ба муу тал нь юу байх вэ?

-Ер нь жижиг болон томсгосон мажоритар тойргийн ялгаа нь хэр их мөнгө зарцуулах вэ гэдэг асуудал байдаг. Одоо болж буй үйл явцыг ажиглахаар Сонгуулийн ерөнхий хороо гурван сард томсгосон тойргоор сонгууль явагдвал намууд болон нэр дэвшигчдийн зарцуулалтын дээд хэмжээг зааж өгсөн. Тэрнээс хойш сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөхөд тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг бууруулахгүй байх шинжтэй харагдаж байна. Тэгэхээр хуулиар зөвшөөрөгдсөн өндөр хэмжээний зардалтай сонгууль болох байх гэсэн дүр зураг л харагдаж байна.

-Жижигсгэсэн тойргоос эмэгтэйчүүд сонгогдох магадлал хэр их байдаг вэ?

-Дэлхий нийтийн практикаас аваад үзвэл сонгуулийн мажоритар тогтолцоо эмэгтэйчүүдэд ээлтэй байдаггүй. Холимог тогтолцооны системээр явж байж л эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр 2012 онд хэрэглэсэн сонгуулийн тогтолцооноосоо ухралт хийж байна гэдэг бол сонгогчдын оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх битгий хэл парламентад тусгүй нөхцөл байдал руу аваачиж байна гэсэн үг.

Одоо бидний сонгосон байгаа тогтолцоогоор ялагч бүхнийг авна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг хүний саналын зөрүүгээр л ялахад үлдсэн 49.9 хувийн санал бүхэлдээ орхигдоно. Өнгөрсөн 26 жилийн турш монголчууд яагаад мажоритар системээс салах гээд байсан юм бэ гэвэл сонгогчдын санал гээгдэж байсантай холбоотой. Одоо бид хүссэн хүсээгүй санал гээгддэг тогтолцоогоор сонгуулиа өгөх нь.

-Яагаад ийм байдал руу ухралт хийсэн шийдвэр гаргачихав?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнээд үзвэл улс төрийн намуудад итгэх итгэл буурчихсан байна. Тэр дундаа МАН, АН-д итгэх итгэл бүхэлдээ уначихсан байгаа. Ийм тохиолдолд голлож буй улс төрийн хүчин хоорондоо тохиролцоод гуравдагч хүчний орон зайг хязгаарлах замаар хоёулаа өрсөлдье гэх такгикийг гаргаж ирсэн байж магадгүй. Энэ нь өөрөө маш олон сөрөг үр дагавартай. Дэлхий даяар ийм тогтолцооноос татгалзаж байгаа.

-Нэг ёсондоо жижиг намуудыг шахаж байгаа. Үүнээс болоод улс төрийн хүчнүүд нэгдэж байна?

-Сонгуулийн мажоритар системийн нэг давуу тал нь энэ. Улстөрийн намууд нэгдэх боломжийг гаргаж ирдэг. Нөлөө бүхий улстөрчид аль нэг намд орж байж өөрсдийн сонгогдох магадлалаа нэмэгдүүлдэг. Нэгүгээрхэлбэл олонд танигдсан улстөрчид л сонгогдох магадлал өндөр. Нөгөө талаараа хууль эрхзүйн орчноороо 17 хоногт багтаан сурталчилгаа хийхийг зөвшөөрсөн. Түүнчлэн их хурал, орон нутгийн сонгуулийн саналыг зэрэг авах учраас сонгогчид төөрөгдөх, мэдээлэл олж авч чадахгүй байх нөхцөл байдалд хүрдэг. Үр дүнд нь олонд хэдийнэ танигдсан, эсвэл мөнгөтэй хүн л гарч ирнэ.

-Энэ жилийн хувьд сонгогчдын ирц, идэвх хэр байх бол. Ер нь сүүлийн хэдэн удаагийн сонгуулийн ирц байнга буурсан байдаг шүү дээ?

-Өмнөх сонгуулийн урьдчилсан судалгаануудыг аваад үзэхээр сонгогчдын оролцоо буурах хандлагатай байж магадгүй. Гэхдээ улс төрийн намуудын сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байна. Намууд, нэр дэвшигчид сонгогчдод нөлөөлөөд, кампанит ажлаа явуулаад эхлэхэд сонгогчдын оролцоо өсөх байх. Түүнээс биш ирц 50 хувьдаа хүрэхгүй сонгууль болно гэх эргэлзээ бага байна.

-Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж болно биз дээ. Үндэсний үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ хямд үнээр борлуулдаг ч юм уу?

-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор нэгж тараасан. Гэсэн хэдий ч сонгогчдын ирц хүсэн хүлээж байсан хэмжээнд хүртлээ хангалттай байгаагүй. Тэгэхээр нарийн судалгаа хэрэгтэй. 2016 оны сонгуульд сонгогчдыг идэвхтэй оролцуулахын тулд СЕХ-ноос олон ажил хийх байх. Нөгөө талдаа олон улсын байгууллага, ТББ- ууд сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэхийн тулд нэлээн хөрөнгө зарж ажлууд хийж байх шиг байна. Ялангуяа 18-35 насныхны оролцоог нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлөх байх.

                          2016.05.24