Улс төрийн намуудад хариуцлага тооцох хэрэгтэй
Улс төрийн шинжлэх ухааны доктор Э.Гэрэлт-Одоос улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн намыг гишүүнчлэлгүй болгох талаар яриа цухалзах боллоо. Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийг өөрчлөх асуудал яригдах болсон. Та судлаач хүний хувьд юу гэж бодож байна вэ?
Намыг гишүүнчлэлгүй болгохыг дэмжихгүй. Учир гишүүдээр дамжуулж намын лидерүүдээ хянадаг тогтолцоо нь өөрөө намыг нам шиг болгодог зүйл.
Гишүүнчлэлтэй байсан цагт нам оршин тогтнож, ардчилсан шинжтэй байна. Үгүй бол зүгээр нэг бүлгийн шинжтэй, хамтаан садан, гэр бүлийн шинжтэй, найз нөхдийн хүрээнд нам явах болно.
Тэнд хэн ч хэнтэй ч хариуцлага тооцохгүй. Улам л данхайна гэсэн үг. Ингэснээр төр иргэн хоёрын харилцаа улам л холдох болно.
-Тэгэхээр хэрхэн зохицуулах ёстой гэсэн үг вэ?
Нэг арга нь улс төрийн намыг гишүүнчлэлтэй байлгах ёстой. Гэхдээ зарчмын хувьд өнөөдрийнх шиг хатуу гишүүнчлэлгүйгээр илүү шударга, хүмүүнлэг хүний эрхэд үндэслэсэн гишүүнчлэлийн тогтолцоог ашиглах ёстой.
-Өнөөгийн намууд санхүүжилтын асуудлаас болоод лобби бүлэгт өртөх, олигархиудын талд шийдвэр гаргах нөхцөл үүсээд байгаа. Тэгэхээр шинэчлэгдэх хуулиар хэрхэн шийдэх ёстой юм бол?
Бид нарын нэг хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйл бол улс төрийн намуудад төрөөс өгч байгаа санхүүжилт. Төрөөс санхүүжилт өгөөд ирэхээр яалт ч үгүй бид татвар төлөгчийн мөнгийг хамгаалах хэрэгтэй болж, ингэснээр улс төрийн намыг хариуцлагатай боломжтой бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл энэ санаачлагыг ярьж байгаа улс төрийн намуудад хариуцлага тооцдог системийг бий болгохоор зорьж байна гэсэн үг. Өнөөдөр манай улсад дэлхийн улс төрийн намуудад хэрэглэгдэж байгаа бүхий л туршлагууд нэвтэрсэн ч ерөөсөө хэрэгждэггүй.
Ажиллахгүй байгаа учраас хэн ч тэрийг тоодоггүй. Эцсийн дүндээ улстөрчид, нам нь данхайгаад улс төрчид улам хариуцлагагүй болсоор байна.
-Ирээдүйн улс төрийн намуудын чиг хандлага асар том бүтэцтэй биш, жижиг энгийн байх тал руу орж байгаа хэмээн МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрдэмтэд хэлж байсан?
Авсаархан бүтэцтэй байж болно. Намуудын асар том бүтэц нь өөрөө нүсэр зардлуудыг дагуулдаг. Өөрөөр хэлбэл том хэмжээний штаб ажиллах хэрэгтэй болдог.
Гэхдээ нам нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний бүтэц, албатай байх ёстой. Тэр бүтцээ яаж ажиллуулах вэ гэдгийг ярьж болно.
Гэхдээ төрийн санхүүжилтын хүрээнд улс төрийн намуудын бүтцийг санхүүжүүлээд эхэлнэ гэвэл логикийн хувьд буруу болчихож байгаа юм.
Өөрөөр хэлбэл нам том байр бариад, олон хүнтэй ажиллаад эхэлвэл тэр болгоныг төрөөс санхүүжүүлэх шаардлагатай болно гэсэн үг. Тэгэхээр миний санал бол намуудын зөвхөн үйл ажиллагааг л санхүүжүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байгаа юм.
Зорилтот санхүүжилтыг хийх ёстой. Түүнээс биш намуудыг оршин байх зардлыг санхүүжүүлж болохгүй.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүд болон хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэг Германы туршлагыг их судлах болсон. Германы намууд дэргэдээ Конрад айденаур зэрэг сантай байдаг. Манайд хэрэгжүүлж болох уу?
Германы туршлага их цэвэрхэн. Яагаад гэвэл тэнд хариуцлага, дэг журам, улс төрийн соёл нь өндөр хэмжээнд төлөвшчихсөн.
Гэхдээ манайх авч огт болохгүй гэсэн зүйл байхгүй. Германы туршлагаас сан болон нам оршин тогтнох, европ хэв маягийн намуудын загвар манайд хадгалагдаж байгаа. Энэ хэв маягийг сайжруулах талаас нь ярих ёстой.
Энэ утгаараа бол маш зөв. Ялангуяа санхүүжилтыг яаж өгөх вэ, яаж хянах бэ гэдэг тогтолцоонд бид яалт ч үгүй Германы загвар өнөөдөртөө шилдэг нь.
Төрөөс өгч байгаа санхүүжилтыг сангаар дамжуулна гэдэг санаа нь зорилтот санхүүжилтээр дамжуулаад хянаад явах учраас давуу талтай.
Санаа нь татвар төлөгчдийн мөнгийг баталгаатай хянаж байна гэсэн үг. Тэгэхгүй бол төрөөс мөнгө аваад данхайгаад улам хяналтгүй болоод байвал одоо байгаагаас илүү ёс суртахууны хариуцлагагүй улс төрчид л бий болно.