Цэвэрлэгчийг хүртэл улс төрийн томилгоогоор томилдог гэхэд хилсдэхгүй
ШУТИС-ын багш, улс төр судлаач Д.Мягмарсүрэн
2014.12.25

Цэвэрлэгчийг хүртэл улс төрийн томилгоогоор томилдог гэхэд хилсдэхгүй

ШУТИС-ын багш, улс төр судлаач Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

- Төрийн ажилд хувийн ашиг сонирхол давамгайлсан, тэр ашиг сонирхлоо улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтээр дамжуулж хэрэгжүүлдэг байдлыг яаж халах вэ?

Монголын ардчилалд хамгийн их тулгамдсан асуудал бол улс төрийн авлигал. Мэдээж улс төрийн хүрээн дэх авлигыг саармагжуулахын тулд намын хуулийг шинэчлэх хэрэгтэй.  Сүүлийн үед улс төрийн намын үйл ажиллагаанд хэрэгтэй мөнгийг Герман зэрэг Европын зарим орнуудын адил төрөөс өгдөг байя гэж ярьж байна. Юун түрүүнд энэ алхмыг хийх хэрэгтэй гэж бодож байна.

- Тэгвэл уг алхмыг хийх нааштай хандлага байна уу?

Сая хоёр нам эвсэл болж сонгуулийн болон намын хуулиудад өөрчлөлт хийе гэсэн зөвшилцөлд хүрсэн. Хуулинд өөрчлөлт хийхэд зөвхөн нэг жилийн хугацаа л байна. 2016 он гарчихвал уг хуулиудыг огт оролдож болохгүй. Миний хувьд дээрх хуулиудад ямар нэгэн өөрчлөлт оруулна гэж бодож байна. Гэхдээ төрөөс санхүүжүүлэх  болтол өөрчилнө гэдэгт эргэлзэж байна. Яагаад гэвэл намууд энэ тал дээр байр суурийн зөрүүтэй. Ерөнхийдөө ирэх хаврын чуулганаар уг асуудлыг тодорхойлох байх.

- Сонгуулийн болон намын тухай хуулинд төрийн санхүүжилтээс гадна ямар том өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй вэ?

Институцийн том өөрчлөлтүүд хиймээр байна. Төрийн албаны зөвлөл гэж байдаг ч ямар нэгэн эрх мэдэлгүй, мэргэшсэн төрийн албан хаагчдаа хамгаалж чаддаггүй, нам нь солигдохоор дагаж солигддог. Энэ зөвлөл маш хүчтэй байх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо ч мөн адил.  Үүнийг шинэчлэх ажил бас л багагүй цаг хугацаа авна. Тэр дороо улс төржих хандлага багасана гэхэд хэцүү.

- Төрийн ажил тэр чигээрээ улс төржсөн, намчирхсан, танил тал харсан, албан тушаал наймаалцсан, мэддэг чаддаг хүмүүс нь мөнгөгүй, намд талгүй бол ажлаа хийх боломжгүй болчихсон энэ байдал цаашид хэвээр үргэлжилвэл нийгмийг юунд хүргэж болох вэ?

Ардчилал дампуурах тийшээгээ явж байна гэсэн үг. Төрийн бюрократ алба гэдэг бол төрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн, үйл ажиллагаа нь тогтвортой институци байх ёстой. Улс төрийн хүрээнд бодлогыг нь боловсруулдаг, харин тэрийг нь хэрэгжүүлдэг мэргэжлийн боловсон хүчин байх ёстой байтал манайд төрийн албан хаагчаар зогсохгүй бараг цэвэрлэгчийг хүртэл улс төрийн томилгоогоор томилдог болчихоод байна. Энэ маань ардчилсан шинэчлэлт хийж буй орон болгонд тулгамддаг асуудал.  Системийн хувьд “бялуу хуваах” систем гэдэг. Онолын хэллэгт “неопатримониалист” загвар гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл төрийг хувьчилж авсан хэдхэн хүмүүс төрийн бодлого шийдвэрийг зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ашигладаг, нийтийн эрх ашгийн төлөө явахаа больчихсон гэсэн үг. Энэ байдал хэвээрээ үргэлжилвэл Африкийн орнууд шиг дампуурсан байдалд хүрнэ гэсэн үг.

- Төрийн үйл ажиллагааг хянаж байх ёстой иргэний нийгмийн байгууллагууд жинхэнэ ёсоор ажиллахад юу дутагдаад байна вэ?

Манай улсад иргэний нийгэм аажим аажмаар төлөвшиж байна. Гэхдээ манай нийгмийн онцлог, ах дүүсэг байдал, дов жалганы үзэл зэргээс хамаараад Монгол дахь иргэний нийгэм нь гибрид буюу эрлийзжсэн байдалтай болчихож. Үүний хамгийн тод жишээ нь нутгийн зөвлөлүүд.  Нутгийн зөвлөл нь онолын хувьд өөрөө өөртөө үйлчилдэг иргэний нийгмийн байгууллага мөн. Гэтэл манайхан голдуу баярын үйл ажиллагаа зохион байгуулахаас хэтэрдэггүй. Харин орон нутаг өөрөө төсвөө мэддэг болсон нь нэг том алхам. Гэхдээ цаг хугацаа орно. Швейцарт л гэхэд шууд ардчиллын энэ зарчим хөгжөөд 200 жил болчихсон байх жишээтэй.

- Манай намууд яагаад үндсэн үзэл баримтлалаасаа зөрсөн улс төрийн бодлого, үйлдэл гаргаад байдгийг та юу гэж харж байна вэ?

Бас л шилжилтийн орнуудад тулгамддаг асуудлын нэг. Тэгээд ч дэлхийн чиг хандлага үзэл суртлаар талцах бус, нийтийн эрх ашгийн тулд зөвшилцдөг чиг рүү явж байна.

Манай орны хувьд нийгэм ядуураад ирэхээр хүмүүст бэлэн амлалт өгдөг зүүний чиглэлийн хандлага давамгайлаад байна. 20 мянгыг, 1,5 сая төгрөг өгье ч гэх шиг. Үндэсний нийт баялгийн 80 хувийг хүн амын дөнгөж таван хувь нь эзэмшиж байгаа гэхээр нийгэмд маш том ялгарал бий болчихсон. Үүний хариу реакци нь намуудын зүүний чиглэлийн бодлого болж байна.