Сонгууль дахь мөнгөний нөлөөллийг багасгах ёстой
Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяа
2014.12.22

Сонгууль дахь мөнгөний нөлөөллийг багасгах ёстой

Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяатай сонгуулийн хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.  

-Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтийг хэрхэн шийдэх ёстой вэ. Одоо шинэчлэгдэх сонгуулийн хуулинд хэрхэн тусгах ёстой вэ?

Сонгуулийн санхүүжилтын асуудал аминд тулсан чухал асуудал болоод байна. Учир нь сүүлийн жилүүдэд хийгдэж буй энэ чиглэлийн олон судалгаануудаас харахад том хэмжээний, улс төрийн авлигын асуудал доод түвшний авилгын асуудлаас ч илүү аюултай болж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо. Үүний шалтгаан нь сонгуулийн санхүүжилт болоод байна.

АТГ-ын авлигын түвшин тогтоох хоёр жилийн судлагаанаас үзэхэд авилга ихтэй салбар нь улс төрийн нам, улс төрийн хүрээн дэх авлигын шалтгаан нь  улс төрийн санхүүжилт, сонгуулийн санхүүжилттэй холбоотой харагдаад байна. Парламентад суудалтай намууд томоохон компаниуд, бизнесийн бүлэглэлд зориулж бодлого, хууль, шийдвэр гаргаж байгаа нь үүний тод илрэл.

Тиймээс сонгуулийн санхүүжилтийн асуудлыг шинээр, иж бүрэн, цогцоор харахгүй бол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах нь. Гэхдээ энэ зөвхөн монголын хувьд бус, олон улс орон ийм асуудалтай нүүр тулж байна. Үүнийг хэтэрхий муу зүйл мэтээр хүлээн авч бас болохгүй л дээ. Шийдээд, сайжруулаад, сонгуулийн хуулиа шинэчлээд явах боломжтой.

-Сонгуулийн санхүүжилтийн асуудалд судлаачдын хувьд ямар зүйлийг хэлмээр байна вэ?

Хуулийн этгээдийн хандивыг хориглож, иргэдийн хандивыг бага хэмжээнд байлгах боломжтой. Олон хандивлагчдаас бага хэмжээний хандив авах тусмаа улс төрийн шийдлүүд мөнгөтэй хэн нэгэн, бизнесийн нөлөөлөлд автахгүй байх боломж бүрдэнэ. Гэхдээ нөгөө талаар хуулийн этгээдийн хандивыг шууд хориглох нь суурь зарчмаараа тийм ч сайн арга биш. Харин хариуцлагатай, ил тод, тайлагнал, хяналттай байх гэдэг механизмыг бүрдүүлвэл хорьж цагдаад байх хэрэггүй юм.

-Хариуцлага, хяналтыг хэрхэн бүрдүүлэх вэ. Хэн хянах вэ. Иргэний нийгэм зэрэг хөндлөнгийн байгууллага хянах уу?

Тэгэхээр ерөөсөө нээлттэй, ил тод мэдээлэх шаардлага урган гарч ирж байна.

Одоогийн хуулиарсонгуулийн санхүүжилтийн зарчимдсонгууль болсноос хойш 30 хоногийн дотор аудитын шалгалт орж, дүгнэлт хийж байгаа.

Гэтэл 30 хоногийн дараа тайлан гаргах нь ямар ч үр дүнгүй байдаг. Сонгогчид аль хэдийн сонголтоо хийчихсэн. Угтаа бол сонгуулиас өмнө долоо, долоо хоногоор сонгуулийн зардал, санхүүжилтийн мэдээг сонгогчдод тайлагнаж байх ёстой. Үнэхээр “А” гэдэг нэр дэвшигчийн ард уул уурхайн хандивлагчид байна уу гэдгийг сонгогчид мэдэх ёстой. “А” нэр дэвшигч их хуралд гарсан хойноо уул уурхайн компаниудын талд шийдвэр гаргаад, олонхийн эрх ашгийг хохироовол яах вэ.

Тиймээс тухай бүрд мэдээлээд явах нь сонгогчдын сонголтод асар их нөлөөтэй. Яг үүнтэй адилхан хэнээс хандив авч байна, хуулинд зааснаас хэтэрсэн байна уу, хууль ёсны хандив уу гэдгийг мэдэх эрхтэй. Хэрвээ хууль бусаар хандив аваад эсвэл гадны компаниудаас хандив авахыг хориглосон байтал авсан бол илрүүлэх ёстой.

Энэ мэтчилэн сонгуульд нэр дэвшиж байхдаа л хууль бус зүйл хийгээд эхэлвэл сонгогчид итгэл үзүүлэхгүй байх нь ойлгомжтой болно. Тиймээс одоогийн системийг өөрчлөх хэрэгтэй.

-Сонгуулийн зардлын тайлангийн үнэн бодитой байдлыг хэрхэн шалгах юм бэ. Нэр дэвшигчид, намууд худлаа мэдээлвэл яах вэ?

2008 онд тухайн үеийн МАХН /одоогийн МАН/ зардлын тайлангаа гаргасан мэдээлэл Сонгуулийн ерөнхий хорооны сайтанд байдаг. Шатахуун 0 төгрөг, харилцаа холбооны зардал 0 төгрөг,  уулзалтын зардал 0 төгрөг, сонгуульд ажилласан хүмүүсийн урамшуулал 0 төгрөг гэсэн. Энэ юу гэсэн үг вэ. Баян-Өлгий хүртэл ямар ч шатахуун заралгүйгээр явсан байна.

Бүхэл бүтэн 1,5 сая км хавтгай дөрвөлжин газарт улсын хамгийн том нам нэг ч төгрөг зарахгүйгээр сонгуулийн сурталчилгаа хийсэн гэх нь хэр үнэн бодит тайлан вэ. Энэ тайланд шалгалт хийсэн аудитын байгууллага юу хийж байгаа юм бэ. Намууд ил тод мэдээллэх гэдэгт ямар ч ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдаж байна. Энэ нь хариуцлагын механизмтай холбоотой.

Хэрвээ чи сонгуулийн зардлаа худлаа тайлагнавал, чамайг дараагийн сонгуульд оруулахгүй, төсвөөс мөнгө өгөхгүй, сонгогдсон их хурлын гишүүдийг тангараг өргүүлэхгүй гээд хариуцлагын системийг нарийвчилж, чангалвалил тод мэдээлж эхэлнэ шүү дээ. Гэтэл зуун мянгангаас үсрээд хоёр сая хүртэлх төгрөгийн хариуцлагатай байхаар чинь торгуулиа төлчихөөд хууль зөрчье л гэх байх л даа.

-Парламентад суудалтай намууд төсвөөс мөнгө авдаг шүү дээ. Улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн санхүүжилтын зардлыг бууруулах ямар боломж байна вэ?

Бусад улс орнуудыг харахаар улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх чиглэл рүү илүү явж байна Улс төрийн намуудыг төлөвшүүлэх, үзэл бодлын нам болгох, үзэл бодлоо уралдуулаад засгийн эрхийн төлөө шударгаар өрсөлддөг, хариуцлагатай олон нийтийн нам болгоход төрөөс санхүүжүүлэх явдал нь их том түлхэц болдог.

Манай улсад төрөөс өгч байгаа санхүүжилт тухайн улс төрийн намын нийт санхүүжилтийн бага хувийг эзэлдэг учраас хүндрэлтэй.

Гадны улсад нийт зардлын дөчин хувийг нь төр санхүүжүүлдэг. Үлдсэнийг нь гишүүдийн хандив, гишүүний татвар, нийгэмд тустай үйлчилгээгээр олдог.  Мэдээж парламентад суудалтай, суудалгүй намуудын ялгаа байгаа ч сонгуулийн үеэр санхүүжилт нь адилхан болж, ижил гарааны зарчмыг хэрэгжүүлдэг.

-Намуудын санхүүжилтийг бууруулах ямар боломж байна вэ. Учир нь намууд хөдөө орон нутагт асар том бүтцээр ажиллаж, үйл ажиллагааны зардал их гаргадаг.

Бусад улс оронд хэрэглэдэг олон арга бий. Нэг том байшин барьж өгөөд суурь зардлыг төр нь даагаад намуудыг нэг дор байрлуулдаг. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам, Ардын нам олон давхар байшин барьж, нүсэр бүтэцтэй ажиллаж байна.

Германд бол намуудын дэргэд сангууд ажилладаг. Улс төрийн намууд нэгэнт өөрөө олон нийтийн үзэл бодлыг нэгтгэдэг гэдгээрээ иргэдийн улс төрийн боловсрол, иргэний боловсролын асуудалд анхаарлаа хандуулдаг. Германы төр намыг санхүүжүүлэхээс гадна тэр мөнгөөрөө давхар иргэнээ болон сонгогчдын боловсролд давхар хөрөнгө оруулалт хийдэг. Тухайлбал Конрад Аденауэрын сан, Ханс Зайделийн сан, Фридрих Эйбертийн сан байдаг.

Улс төрийн нам өөрийн гишүүд дэмжигчид, сонгогчдод, олон нийт иргэдэд зориулж боловсрол мэдлэгт нь тусалдаг.Үндсэн хууль гэж юу вэ, орон нутгийн шийдвэр хэрхэн гардаг вэ, иргэд хууль тогтоох шийдвэрт хэрхэн оролцох ёстой юм, төрийн үйлчилгээнд ямар тохиолдолд санал гомдлоо гаргах ёстой гэдгийг сургалтаар дамжуулан мэдээлдэг. Сургалтын хөтөлбөрийг нь Боловсролын яам батлаж, төсвийг нь өгдөг. Эргээд тайлангаа яамдаа тавьдаг. Гэтэл өнөөдөр монголд сонгогчдын боловсролд зориулж мөнгө гаргахгүй л байна.

-Сонгогчдын боловсролд зориулсан төсөв байхгүй гэж үү. Сонгуулийн ерөнхий хороо сонгууль болоогүй үед ямар ажил хийдэг вэ?

2005 оноос өмнө нэг ч байгаагүй. 2005 онд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг батлаад хуулиндаа сонгогчдын боловсролд зориулсан төсвийг СЕХ-дны төсөвт суулгадаг байхаар болсон. Гэхдээ сонгууль болохоор л хэдэн төгрөг өгдөг байх. Угтаа бол ээлжит сонгуулийн хооронд СЕХ-ны хийх ёстой ажил бол сонгогчдын боловсролын ажил шүү дээ.

Гэхдээ мөнгө байдаггүй байх. Манай Сонгогчдын боловсрол төв бол нэг ч мөнгө улсаас авдаггүй. Гэхдээ нэг талаараа сонгогчдын боловсролд мөнгө зориулах, төсөвлөх хүсэлгүй юм шиг санагддаг. Хэрвээ сонгогчид нь боловсролтой болчихвол тэдний сонголтын үр дүнд гарч буй хүмүүс нь чанартай, парламент нь сайн ажилладаг байх нөхцөл бүрдэнэ. Сонгогчид харанхуй байх нь  төр засгийн эрх барьж байгаа хүмүүст хэрэгтэй.

-Сонгуулийн хуулийн шинэчлэлийн асуудлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж, хэлэлцүүлсэн. Танай зүгээс хуулийн шинэчлэлээс юуг харж хүлээж байна вэ?

Сонгуулийн зардлыг бууруулах тухай асуудал бий. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал 2009 оноос 2013 оны хооронд тав дахин өссөн байдаг.

Өөрөөр хэлбэл сонгуулийн зардлын хэмжээ маш хяналтгүй өндөрөөр өсч байгаа учраас сонгуульд мөнгөтэй л хүн орох, мөнгөний нөлөө орох аюултай. Мөнгөний нөлөө их байх тусам сонгууль худалдагддаг. Сонгуулиар бий болсон төр нь хандивлагчдад үйлчилдэг төр болно гэсэн үг. Тиймээс сонгуулийн зардлыг маш бага болгохын тулд гол өөрчлөлтийг хийх ёстой болов уу.

-Сонгуулийн зардалд судалгаа хийж үзсэн үү?

Сонгуулийн зардлын 90 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулагддаг. Мөн сонгуульд ажиллаж буй хүмүүсийн урамшуулал цалин ордог. Тиймээс хуулинд өөрчлөлт хийж бууруулах боломжтой. Нөгөө талаас сонгуулийн санхүүжилт, зардал их байгаа нь эмэгтэйчүүдэд ээлгүй. Эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэрбум тэрбумаар гаргаж өрсөлдөх боломжгүй. Хэрвээ мөнгөний нөлөөг багасгавал эмэгтэйчүүд өрсөлдөх боломжтой болж, УИХ дахь жендерийн ялгаа багасч, нийгэм дэх олон тулгамдсан асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ.

Тайландын сонгуулийг ажиглах явцад нэг зүйл их таалагдсан. Юу гэвэл, нэр дэвшигч, намуудын сурталчилгаа, мөрийн хөтөлбөрийг нь СЕХ нь бүгдийг нь адил хар өнгөөр, сонингийн цаасан дээр хэвлээд сонгогчдод тараадаг юм билээ. Намууд өөрөөр сурталчилгаа хийдэггүй. Харин Германд манайх шиг том самбаруудыг сурталчилгаанд ашигладаггүй бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд А4 хэмжээтэй сурталчилгааны хуудсыг үнэ төлбөргүй байдлаар байршуулдаг. Энэ мэт жишээнээс санаа авч сонгуулийн зардлыг бууруулж, мөнгөний нөлөөг багасгах нь зүйтэй

-Сонгогчдын боловсрол төв эдгээр саналаа сонгуулийн хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт өгсөн болов уу?

Өгсөн. Нэлээн одон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан, ажлын хэсгээс зохион байгуулсанд нь ч оролцсон. Сонгуулийн хууль өөрөө сонирхлын зөрчилтэй хууль. Улсын Их хурлын гишүүд нь би дараагийн сонгуульд яаж гарах вэ гэдэг өнцгөөр бодож, сонгуулийн хуулийн шинэчлэлийг харж байгаа болохоос биш шударга болгочих юмсан, сайн болгохсон гэж бодох нь юу бол. Мэдээж сайнаар бодож байгаа хүмүүс байгаа л байх. Гэхдээ л хэцүү.

-Сонгуулийн санхүүжилт, зардалтай холбоотойгоор танай зүгээс судалгаа хийж байсан уу?

Жилийн өмнө сонгуулийн зардлын хэмжээ болохоо болилоо гэдгийг гаргаж тавьсан. 1992 онд нэг сонгогчид 13 төгрөг зарцуулдаг байсан бол 1996 онд 3000 төгрөг, одоо бол 30,000 төгрөгийг зарцуулж байна. Энэ нь нэг сонгогчийн тархийг 30,000 төгрөгөөр угааж байна гэсэн үг.

Сонгуулийн зардал өөрөө асар хурдацтай өсч байна. 2008 онд бүх улс төрийн намууд нийлээд 6 тэрбумаар сонгуулийг хийсэн бол 2012 онд 36 тэрбумаар хийсэн байх жишээтэй.

-Энэ их мөнгө хаанаас бий болж байна вэ. Бүгд хууль ёсны мөнгө мөн үү?

Сонгуулийн хуулиар зохицуулаагүй маш их мөнгөний урсгал бий болоод байгаа. Тухайлбал бид дэнчингийн асуудлыг ярьдаг. Сонгуульд нэр дэвшихийн тулд намдаа мөнгө өгч, намууд нь мөнгө авахын тулд босго тогтоож гарах эрхийг нь өгдөг. Гэтэл уг нь сонгуулийн хуулиараа хориотой. Сонгуулийн хуулиар зохицуулаагүй мөнгө сонгуульд орж ирэх нь бохир мөнгө гэсэн үг. Үүнээс болж тэгш эрх, үл ялгаварлагдах нөхцөл алдагддаг.

Энэ үйл явцыг судлаачийн хувьд ажиглахаар намууд сонгуулийн үеэр мөнгө босгоод байна уу гэх хардлагыг төрүүлдэг. Дөрвөн жилд нэг удаа улс төрийн намууд маш их мөнгө олж авдаг. 50 сая төгрөгийг өгч байж нэр дэвшиж байна.

-Уг нь гишүүд нь татвар төлж байгаа ш дээ?

Уг нь тийм. Тэгэхээр мөнгөтэй хүн л нэр дэвших болчихдог. Сонгуулинд зарцуулагдсан 36 тэрбумын бараг 50 хувийг нь нэр дэвшигчид өөрсдөөсөөгаргасан байдаг. Канад улсад гэхэд нэр дэвшигч өөрөөсөө нэг ч төгрөгийг зарцуулж болдоггүй.

Учир нь нөгөө өөр мөнгөгүй нэр дэвшигчийн хооронд ялгаа гаргахгүйн тулд нэг ч төгрөгийг сонгуулийн компанит ажилд зарцуулж болдоггүй. Яг ижил гарааны зарчимтай болно. Гэтэл манайд мөнгөтэй л хүн орж байна. Мөнгөтэй, намтай санхүүжүүлдэг хүн маань намдаа захирагдахааргүй, хувь хүний эрх ашигтай болчихдог.

Тэгэхээр аль болох сонгуулийн зардлыг бууруулах түвшинд хуулийн шинэчлэлийг хийгээсэй гэж хүсч байгаа

-Сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх, шүүхийн процессыг хөнгөвчлөх асуудлыг их ярьдаг. Хуулийн шинэчлэлд хэрхэн тусгах ёстой вэ?

Маргаан шийдэгддэх ёстой. Шуурхай байх ёстой. 2010 онд Сонгогчдын боловсрол төв, Хүний эрхийн төлөө төрийн бус байгууллагуудын форумаас НҮБ рүү сонгох, сонгогдох эрхийн талаар илтгэл бичсэн. Энд хөндөгдсөн сэдэв нь сонгуулийн эрхийг шүүхээр хамгаалах тухай асуудал байсан.

Монгол улсад сонгуулийн эрхийн асуудал, хамгаалал шүүхийн гадна байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн. Сонгогдох, сонгох эрх шүүхийн хамгаалалтад ороогүй.  2004 оноос хойш Захиргааны шүүхтэй болоод сонгуулийн маргаан шийдэгдэх боломж нээгдсэн ч сонгуулийн маргаан эх адаггүй их болж, дэгдлээ гээд уг шүүхийн харьяаллаас гаргасан. Ингээд сонгуулийн маргааныг Иргэний шүүх шийддэг болсон.

Иргэний шүүх хүний үндсэн эрхтэй холбоотой, улс төрийн эрхийг шийднэ гэхээр тэнд ажиллаж буй шүүгчийн мэргэшсэн байдал, шүүхийн процесс нь удаан үргэлжилдэг гээд олон асуудлыг үүсгэдэг.

Энэ маргаан гишүүн байх бүрэх эрхийн хугацаанд шийдэгдэхгүй байх магадлалтай.

-Тэгэхээр яах ёстой вэ?

Тайландад сонгуулийн шүүх ажиллаж, шүүгч сууж байгаад маргааныг тэр дор нь шийддэг. 200-300 шүүгч зэрэг ажилладаг. Түргэвчилсэн, богино хугацаанд мэргэшсэн шүүгчид ажилладаг гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа.