10 том компаниас, 10 мянган иргэн нь дээр үү?
Сонгуулийн мөнгөний өрсөлдөөн болгох нь намуудад асар хортой
МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Мөнхбаттай сонгуулийн хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.
-Улс төр болон мөнгөний хамаарлыг хэрхэх вэ?
Улс төр болон мөнгөний хамаарлын асуудал хүн төрөлхтөний мөнхийн сэдэв байж ирсэн. Харин эрх зүйн орчноор нь хэр сайн зааглаж, нарийвчилж боловсронгуй болгож, хариуцлага тооцож буйгаараа ялгаатай.
Саяхан бид “Үндэсний аюулгүй байдал ба өндөр төвшний авлига” гэсэн сэдвээр экспертүүдийн дунд судлагаа явуулсан. Grand corruption буюу өндөр түвшний авлига нь зөвхөн мөнгөний хэмжээ гэхээс илүүтэй тэрхүү авлигын нийгэмд үзүүлэх хор нөлөөллийн хүрээгээр, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэрхэн нөлөөлөх нөлөөллөөр нь хэмжих явдал хамгийн чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн. Дэлхийн улс орнуудад өндөр түвшний авлигатай тэмцэх ажил их эрчмижиж байна. Хамгийн ойрын жишээ гэвэл манай өмнөд хөрш энэ тал дээр их анхаарч ажиллаж байна.
Эцсийн дүндээ улс төр гэдэг нийгмийг удирдах үйл ажиллагаа, нийгмийн нийтлэг эрх ашгийг хөндсөн шийдвэр улс төрөөр дамжиж гардаг. Тэрхүү үйл явцыг удирдаж, зохион байгуулдаг улс төрийн гол институци бол нам юм.
Энэхүү утгаараа манайд улс төрийн намын хийгээд улс төрийн сонгуулийн санхүүжилтыг ил тод, оновчтой, хариуцлагтай эрх зүйн орчныг боловсронгуй болгох болгох, том реформ хийх шаардлага бодит байдлаас урган гарах боллоо.
Бид 2011 онд улс төрийн санхүүжилтын асуудлаар НҮБХХ-ийн санхүүжилт, УИХ-ын төрийн байгуулалтын байнгиын хорооны захиалгаар судалгаа хийсэн. Сонгуулийн болон улс төрийн нам, улс төрийн санхүүжилтийн асуудлаа хуулиараа нарийн зохицуулсан Япон, Америк, Солонгос, Герман зэрэг хэд хэдэн улсын жишээг судалсан. Тухайн улсуудад хандивыг зарим нь хориглож байхад зарим нь хориглоогүй байгаа боловч зохицуулалтын механимзд маш сайн хяналт тавьсан байх нь нийтлэг.
Ер нь бол улс төрийн намууд иргэдийн үзэл бодлоороо нэгддэг иргэний оролцооны байгууллагын мөн чанараа хадгалж, гишүүд дэмжигчид, олон нийтийнхээ санхүүгийн дэмжлэгт суурилж, намын өдөр тутмын үйл ажиллагааг явуулах ёстой.
Манайд 2000 оноос намын иргэдийн оролцооны шинж нь хумигдан, томоохон хэмжээний мөнгө хандивлагчид орж ирэн намууд тэдний эрх ашиг, сонирхлыг хамгаалдаг байгууллага болж хувирах үйл явц явагдаж байна уу даа гэж харагдаад байна.
Олон гишүүдээс мөнгө босгоод ажиллахын оронд томоохон цөөн хэдэн хүнээс авах нь намд амар байж болох ч гэлээ өөрийг нь эвдэж байна. Тиймээс энэ байдлыг засч залруулахын тулд том хэмжээний санхүүжилтийг хуулиар хязгаарлах, хамгийн гол нь хариуцлагын механизмыг сайжруулсан эрх зүйн орчныг бий болгох, жижиг олон тооны хандивчлагдаас нам мөнгө босгодог тогтолцоонд шилжих ёстой.
10 том компаниас мөнгө авахгүйгээр 10 мянган иргэнээс хандив авбал намд том лобби орохгүй гэсэн үг. Эргээд нам нийгмийн эрх ашгийн төлөө үйлчилнэ.
Үүнийг улс төрийн намын тухай хуулиар, улс төрийн санхүүжилтийн хуулиар шийдэх ёстой. Улс төрийн санхүүжилтийн хуулийг Улс төрийн намын тухай хуулиас тусад нь гаргах учиртай. Улс төрийн санхүүжилтийн хууль дотроо сонгуулийн кампанит ажлын санхүүжилтыг мөн тусад нь заах өгөх нь чухал. Япон улс бол тийм зарчимтай.
Хэнд эрх мэдэл байна тэр шийдвэр гаргах эрх эдэлдэг. Улс төрийн шийдвэр нь нийгмийн баялагыг хуваарилах үйл явц учраас улс төр мөнгөний гинжин холбоосыг маш сайн зөв зохицуулахгүй бол мөнгө эргээд улс төрийг буруу замаар явуулах аюултай.
-Өнөөгийн манай намуудад улс төр мөнгөний хамаарал хэр байна вэ. Буруу замаар явж байна уу?
Манай улс төрийн намуудын хөгжил, төлөвшилтийг зохицуулж ирсэн хууль 1990 онд батлагдсан. Энэ хуулиар улс төрийн намууд өнөөг хүртэл явж байгаа. Чамгүй хугацаа. 1990 онд намыг төсөөлж байсан ойлголт өнөөдөр шал өөр болчихлоо.
Тухайн үед намыг ойлгохдоо засгийн эрхийг авахын төлөө эрмэлзэж, улс төрийн үзэл баримтлалаар нэгдсэн хүмүүсийн нэгдэл гэж үзэж ойлгож байсан бол орчин үед “Засгийн эрх авах зорилго байгаа ч хамгийн гол нь нам ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах, нийгмийг хөгжил дэвшилд хүргэх зөв бодлогыг боловсруулж түүнийгээ нийгэмд хэрэгжүүлэх замаар нийгмийн дэмжлэг авч, засгийн эрхийг барьдаг, өөрөөрхэлбэл иргэний нийгэм төр хоёрын хооронд гүүр, зуучлагч болдог улс төрийн байгууллага” гэж үзэх боллоо.
Энэ утгаараа нэг талдаа нам төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх суваг, нөгөө талдаа ард түмэн төрөө сонгуулийн зарчмаар байгуулахад тусалдаг зохион байгуулалтын хэлбэр болжээ. Тиймээс манайд улс төрийн намын ойлгож буй орчин үеийн энэ хандлага руу чиглэсэн цогц шинэчлэлүүдийг хийх шаардлага урган гарч байна.
-Сонгуулийн үеийн санхүүжилтыг хэрхэн зохицуулах ёстой юм бэ. Танд ямар санал байна. Санхүүжилт нь нэр дэвшигчдэд тэгш боломжийг олгосон, ижил гарааны зарчимтай байхын тулд сонгуулийн компанит ажлын зардлыг хэрхэн бууруулах ёстой вэ?
Манай намууд нэр дэвшигчдээ тодруулдаг хоёр гол шалгууртай. Мэдээж олон түмэнд танигдсан боловсролтой, нэр хүндтэй байх нь чухал. Гэхдээ тухайн тойрогт ялалт байгуулаад нэг суудал аваад ирэх нэр хүндтэйгээс гадна сонгуулийн кампанийн зардлаа гаргачих санхүүгийн чадвартай, мөн намдаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой байх гэсэн үзүүлэлт нэлээд голлоод байна. Сүүлийн сүүлийн хоёр шалгуур бол хамгийн чухал болчихоод байгаа байдал харагдаад байна шүү.
Ардчилал хөгжсөн, улс төрийн намууд нь институцичлагдсан оронд олон түмэнд сайн танигдсан нэр хүндтэй хүмүүсийг нам судлаад нэр дэвшүүлэх саналыг тавьж сонгуулийн кампанийн санхүүжилтийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх замаар асуудалд ханддаг жишиг нэгэнт бий болжээ.
Харин манайд хөрөнгө мөнгөтэй хүмүүсээр нам хүрээлүүлж сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргадаг болоод чамгүй хугацаа өнгөрч байна.
Гэтэл үүний цаана өндөр мэдлэг чадвартай, нэр хүндтэй, шударга, намд сэтгэлтэй олон тооны хүмүүс бодлогын гадна үлдээд байх шиг харагддаг. Энэ байдал хэсэг хугацаанд явах юм шиг байна л даа. Харин нийгэм хөгжихийн хэрээр илүү шударга, сайн шүүлтүүр намуудад гарч ирэх болов уу.
-Энэ байдлыг хэрхэн өөрчлөх ёстой вэ?
Намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтын эрх зүйн орчныг боловсронгуй болгож тус тусд нь хуульчлах. СЕХ-г хараат бусаар улс төрийн намын нөлөөлөлгүй байгуулж, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан механизмыг бий болгох хэрэгтэй болов уу.
Хэрэв хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохгүй, намын болон сонгуулийн кампанийн санхүүжилтийг зааглаж, хариуцлага тооцдог тогтолцоог бий болгож чадахгүй бол сонгууль мөнгөний өрсөлдөөн байсаар л байх болно.
-Мөнгөний нөлөөллөөс гарч чадахгүй байвал намд хэрхэн нөлөөлөх бол?
Улс төрийн намуудад их хортой. Намуудаад дамжсан төрийн бодлогын залгамж чанар алдагдах цаашлаад нийгмийн нийтлэг эрх ашиг хангагдахгүй байдалд хүрэх, нам нийгмийн цөөн хэсгийг төрийн өндөр албан тушаалд хүргэдэг “лифт” болж хувирна.
Ийм шинжийг нам өөртөө бий болгоод ирэхээр жирийн иргэд, гишүүд, дэмжигчдээсээ тасрах, хүмүүсийн яриад байгаачлан “олигархижиж” тал руугаа явсаар намууд иргэдийн итгэлийг алдах болно.
-Нам сонгуулийн үеийг ашиглаад мөнгө олох сонирхолтой учраас нэр дэвшигчдийг мөнгөөр уралдуулж байгаа гэдгийг экспертүүд хэлж байсан. Намын бүтэц, зардлыг хэрхэн бууруулах ёстой вэ?
Тийм сонирхол улс төрчид, намуудад аль алинд нь бий. Тиймээс намууд өнөөгийн хэв маягаа гээж, цомхон маневрлах чадвар сайтай бүтэц тогтолцоо руу явах ёстой.
-Орон нутгийн сонгуульд намаас бус иргэдээс нэр дэвшдэг болгохыг та дэмжиж байна уу?
УИХ буюу төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд засгийн эрхийг авахын төлөө намууд сонгуульд орж өрсөлддөг байх нь дэлхий дахины нийтлэг жишигт харшлахгүй юм. Орон нутгийн түвшинд засаг захиргааны жижиг нэгжийг улс төржүүлээд, намд хуваагаад намжуулаад хэрэггүй байх.
Хөдөө, орон нутагт тухайлбал сумд тухайн сумын иргэд хэн нь хэн бэ гэдгээ маш сайн мэднэ. Тиймээс засаг захиргааны жижиг нэгжид болж өгвөл нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд намууд ормооргүй байгаа юм. Орон нутгийн иргэд тухайн орон нутгийн иргэдийг хэн төлөөлж сайн ажиллаж чадах вэ, төрийн захиргааны байгууллагтай (засаг дарга, засаг даргын тамгын газар) хэл амаа ололцож нутаг орныг хөгжүүлэхэд зүтгэж ажиллах хүнээ иргэдийн хуралдаа сонгож ажиллуулдаг тогтолцоо, зарчим руу шилжихэд болохгүй гэх юмгүй санагдана.
Засгийн босоо тогтолцоо нь байгаад, засаг ИТХ хоёрын ойлголцол, харилцан хамтын ажиллагаан дээр нутаг орон хөгжиж боломжтой тийм л механзмыг бүрдүүлмээр байна. Үндсэн хуульд нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулж хэрэгжүүлнэ гэсэн байдаг.
-Сонгуулийн маргаан шийдвэрлэлт?
Хуулиас дээгүүрх улс төржилт байхгүй болж, хууль хэрэгждэг болсон цагт сонгуулийн маргаан шийдэгдэнэ.