Э.Гэрэлт-Од: Улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн
улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од
2016.08.19

Э.Гэрэлт-Од: Улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн

МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-Мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголт гарч ирлээ. Судлаачийн нүдээр харахад мэргэжлийн Засгийн газар гэж ямар Засгийн газрыг хэлэх ёстой юм бол. Яамны хүмүүс нь мэргэжлийн байх ёстой юм уу, сайд нар нь мэргэжлийн байх ёстой юм уу?

-Мэргэжлийн Засгийн газрын талаар хүмүүс маш их ярьж байна. Ойлгомжгүй тайлбарууд ч их явж байгаа харагдсан.

Шууд утгаараа бол мэргэжлийн Засгийн газар гэдэг нь моодны нэр томъёо л доо.

Ямар ч Засгийн газар өөрийн чиг үүргийн мэргэжилтнүүдээс бүрддэг.

Манай оронд улс төрийн томилгоо хэт хүчтэй байдаг учраас Засгийн газар болон түүний бүтэц бүрэлдэхүүний тухай асуудал дээр ямар хүн ирэх бол, ирээд яах бол гэсэн айдсын үүднээс яригдаж байна л даа.

Би хувьдаа мэргэжлийн Засгийн газар гэдэг ойлголтыг тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжлийн баг бүтцийг хэлэх ёстой гэж ойлгодог.

Түүнээс сайд нь мэргэжлийнх байх уу, мэргэжлийн бус байх уу гэдэг асуудал огтхон ч биш. Асуудлаа ойлгодог, тухайн салбартаа туршлагатай сайд томилогдох юм бол сайн л даа. Гэхдээ сөрөг тал их байдаг.

-Тухайлбал ямар сөрөг зүйлс байх уу?

-Монгол улс шиг цөөх хүн амтай орон танил талын хүрээ гарч ирдэг. Мөн өөрийнх нь асуудал шийдэх гэхээр өөрийнх нь өнгөрсөн улс төр болон хувийн амьдралд нь сонирхлын зөрчлүүд гардаг.

Тэгэхээр мэргэжлийн Засгийн газар гэж мэргэжлийн баг хамт олноос бүрдсэн байх ёстой гэж боддог.

-Одоогийн Засгийн газрыг та мэргэжлийн Засгийн газар гэж харж байна уу. Гадуур үгүйсгэсэн, дэмжсэн янз бүрийн байр сууриуд явж байна л даа?

-Өнөөдрийн байгаа тогтолцоо зөв биш гэдгийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл манай нам ялчихбал Хууль зүйн сайд нь тэр, Эрүүл мэндийн сайд нь тэр хүн болно гээд Засгийн газрын бүтцээ урьдчилан зарлачихвал иргэд бодлогыг хэрэгжүүлэх багийг харж сонгодог болно.

Түүнээс биш харанхуй сонголт хийчихээд хэн сайд болоод ирэх бол гэдэг айдастай цаг үе ирээдүйд орхигдоно. Ийм өөрчлөлт хийсэн улс төрийн нам ирээдүйд сонгогчдоос дэмжлэг авна.

-Монголчууд гурван саяулаа. Өнөөдөр манай улсад 24 улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байна. Таны яриад байгаа шалгуурт тэнцэх улс төрийн нам байна уу?

- Энэ бол бодлогын л асуудал. Ямар ч улстөрийн хүчин, лидер гарч ирээд мэргэжлийн засгийн газар байгуулна гээд зарладаг болог нь  улстөрийн нам том, жижиг байхаас нь нь үл   хамаарна.

Ердөө л бодлогын зүйл байгаа юм. Энэ бодлогыг Монгол Улс үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намууд хэрэгжүүлээд явах бүрэн боломжтой.

-Манай улсад шагналын буюу сонгуулийн үеэр намдаа ихээхэн хэмжээний хандив өргөсөн хүмүүс сайд болж байгаа талаар шүүмжилж байна. Ард түмний сонголт хаан сонголт гэдэг хэдий ч энэ бүхэн начир дээрээ эсрэгээрээ яваад байх юм?

-Улс төрийн намын дотоод асуудал. Хэнийгээ сайд болгохоо тухайн улс төрийн нам шийддэг.

Хамгийн гол нь урьдчилаад сайд нарынхаа нэрсийг зарлачихдаг болох хэрэгтэй гэдэг чинь энэ асуулт дээр мөн гарч ирж байгаа юм.

Өнөөдөр улс төрийн томилгоонууд бохир байгаа нь үнэн. Бид ч бас харанхуй байна.

Өөрт таалагдсан болон танил талын хүрээгээрээ томилогдчихвол сайн байна, биш бол муу байна гэдэг ийм л дүр зураг манайд харагдаж байна даа.

-Миний таниас асуугаад байгаа асуултууд ерөнхийдөө ард түмний дунд яригдаж, оновчтой хариулт олж чадахгүй байгаа зүйлс гэхэд болно. Дэд сайд нарын орон тоо байх ёстой юу. Дэд сайдын орон тоо байснаараа ямар ашигтай юм. Байхгүй бол ямар ашигтай юм бол?

- Ямар хэрэгцээ, ямар улстөрийн шаардлага байгаа вэ гэдгээ бодох ёстой. Үнэхээр хэмнэлтийн засгийн газар байгуулах гэж байгаа юм бол улс орны эдийн засгийг аврах гээд байгаа юм бол жилдээ хоёр тэрбум төгрөгийн зарлагатай дэд сайдаар яах юм.

Харин тухайн нам боловсон хүчнээ бэлдье гэж байгаа бол тэр нам дэд сайдтай байх үгүй нь өөрсдийнх нь асуудал. Зүгээр л улс төрийн шийдэл байхгүй юу.

-Олонх болсон улс төрийн намын дарга Ерөнхий сайд байх нь оновчтой юу, УИХ-ын дарга байх нь оновчтой юу?

-Олон улсын практикийг харж байхад ялсан намын дарга Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилладаг.

Монгол Улс парламентын засаглалтай. Эрх мэдэл нь парламентдаа байнаа гэж үзэх юм бол ялсан намын дарга яагаад Их хурлын даргаа хийж болохгүй гэж.

УИХ-ын дарга нь гол бодлогоо зангидаад Гүйцэтгэх засаглалыг дуудаж ирээд асуух зүйлээ асуугаад, ажил даалгавраа өгч болно.

Яагаад өөрөө тэнд очиж хуваарилалт хийх ёстой юм. Тийм биз дээ. Энэнд мөн л улс төрийн шийдэл хэрэгтэй. Түгээмэл практик нь Ерөнхий сайд болдог л доо.

-Улс төрийн намууд шинэчлэгдэх эхний алхам юу байх ёстой бол. Манайхан улс төрийн намууд шинэчлэл х ёстой гэж байнга л ; юм?

-Улстөрийн намууд хамгийн түрүүнд эв санааны нэгдэлтэй байх ёстой. Шинэчлэл залуучуудаасаа эхэллээ л дээ. Нам хүч тарамдан сарнихгүй, үйл ажиллагаа нь тогтвортой, төлөвлөлттэй байх шаардлагатай. Тэгэж байж шинэчлэл явна. Тэгэж чадахгүй бол шинэчлэл ярих ч хэрэггүй.

-Монгол Улсад 24 төрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөн амтай оронд ахадсан гэх юм. Онолын хувьд ямар байдаг вэ?

-Энэ бол тийм их биш байдаг л тоо шүү дээ.  Монголчууд 24 нам бүгдээрэнг нь Их хуралд гаргах гээд байгаа юм биш. Иргэдийн эвлэлдэн нэг эрхийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр бүү хэл хоёулаа нэгдээд нам байгуулахыг хүлээн зөвшөөрчихвөл та хоёр яагаад нам байгуулж болохгүй гэж. Өнөөдрийн хуулиар 801 хүн нам байгуулах эрхтэй. 801 хүн эвлэлдэн нэгдээд нам байгуулах эрх нь нээлттэй байхад яагаад хэмжээний хувьд их байна гээд хязгаарлах гээд багаай юм гэсэн асуулт гарч ирнэ.

-Зургадугаар сарын 29- нд УИХ, аймаг, нийслэлийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн систем хнр  оновчтой байсан бэ?

-Шууд утгаараа 2000 оны сонгуулийн үйл явц харагдаж байна. Саяны явуулсан можаритар систем бол хамгийн муу хувилбар. 

Би хувьдаа холимог тогтолцоо буюу пропорцианаль тогтолцоог дэмжиж  байж намын төлөвшлийг бий болгоно гэж боддог. Тэгж чадаагүйгээс болоод сонгогчдоос хүчтэй хамааралтай парламентыг байгуулж байна.

Энэ нь бодлогын хувьд ухралт болсон. Улс төрийн намын төлөвшлийг дэмжиж чадахгүй тийм систем.

-Манайх сонгууль бүрийн өмнө Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулдаг. Энэ удаагийн сонгуулийн систем муу байсан юм бол зайлшгүй өөрчлөх шаардлагатай юм байна, тийм үү?

-Ер нь бол өөрчлөх ёстой. Гэхдээ улс төрийн энэ өнцгөөс харах юм бол өөрчлөгдөхгүй. МАН өөрсдийн үнэмлэхүй ялсан тоглоомын дүрмийг өөрчлөхгүй болов уу.

Тиймээс өөрсдийн давуу байдлыг хадгалж үлдэхийн тулд энэ парламентын хугацаанд өөрчлөлт орохгүй байх. Судлаачийн хувьд хэлэхэд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв

Ярилцсан: Э.Энхболд