Надад энэ нам, тэр нам муу, тэр хүн, энэ хүнийг сонгож болохгүй гэж хэлэх эрх байхгүй
Нам бол хамтын удирдлагын олон нийтийн байгууллага. Гаргаж буй шийдвэрээ хамтаараа хэлэлцэж, хамтаараа дагаж мөрдөж, хамтдаа хяналт тавих ёстой. Ингэж байж дотоод ардчилал гэдэг зүйл тэр намд үйлчилнэ. Энэ бол улс төр судлаач, багш Э.Гэрэлт-Одын байр суурь, үзэл бодол. Түүнтэй улс төрийн нам хийгээд төрийн түшээ сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ.
Улс төрийн намыг сонирхон судалдаг хүний хувьд өнөөгийн улс төрийн намын төлөвшил ямар түвшинд байна гэж хэлэх вэ?
Монголын төрд хямрал нүүрлээд байна гэж дүгнэж байгаагийн цаад шалтгаан нь улс төрийн нам гэж үздэг. Намуудыг төлөвшүүлж чадвал парламент төлөвшинө. Парламент төлөвшиж чадвал засаглалын тэнцвэр хадгалагдана. Намууд төлөвшинө гэдэг нь тэд хариуцлагатай, бодлоготой байна гэсэн үг.
"Ажил хийх чадвартай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүмүүсийг нам нэр дэвшүүлбэл сонгогддог болон томилогддог албан тушаалд гарах боломжтой."
Харамсалтай нь улс төрийн намууд нэр дэвшигчээ сонгон шалгаруулдаг механизм нь нэр төдий эсвэл танил тал, хөрөнгө мөнгөөр шийдэгдээд байгаа учраас өнөөдрийн төрийн түшээдэд иргэд итгэхгүй байна, төрийн түшээд нь итгэл даах чадваргүй болохоор парламент өөрөө чадавхигүй, парламент нь чадавхигүй болохоор Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй байна.
"Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал, хямралын гол шалтгаан нь ардчилалгүй намууд гэж гэж хэлнэ."
Хэрвээ улс төрийн намууд дотоод ардчилалтай байсан бол, ялангуяа намаас сонгогддог болон томилогддог албан тушаалуудад намаа төлөөлж чадахуйц, нэр хүндтэй хүн сонгосноор хариуцлагын механизм бий болно. Миний бодлоор Монголын ардчилалд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол дотоод ардчилалтай улс төрийн нам.
Дотоод ардчилал гэж юуг хэлээд байна?
Дотоод ардчиллыг үнэлэх таван шалгуур үзүүлэлт байдаг.
Нэгд. Гишүүдийн оролцоо. Нам дотор аливаа асуудлыг гишүүдийн оролцоотой шийдвэрлэж байна уу гэдэг асуудал. Тухайлбал УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа нийт гишүүдээсээ асуусан, тэдний хүсэлтийг харгалзсан уу гэдэг асуудал.
"Манай улс төрийн намуудад гишүүдийн оролцоо байна гэж хэлэхэд хэцүү, байхгүй гэж хэлэхэд хэцүү л байна."
Хоёрт. Төлөөлөл. Намын бүх шатны удирдах байгууллагад нийгмийн буюу эмэгтэйчүүд, залуучууд болон угсаатны зэрэг төлөөллийг оролцуулж хамтран шийдвэр гаргаж байна уу гэдгээр тодорхойлогдоно. Манайд намууд гишүүдийн төлөөллийг шийдвэр гаргах бүтэцдээ хангах асуудал нэр төдий л байна.
Гуравт. Намын доторх өрсөлдөөн. Нам доторх өрсөлдөөн хэр шударга байна? Шударга өрсөлдөөн байхгүй бол тэр нам дотоод ардчилалгүй гэсэн үг. Энэ нь нам доторх бодлогын эрүүл өрсөлдөөнийг хязгаарладаг. Манайд бол үндсэндээ фракциудын хоорондын бохир тулаан болж байна.
Дөрөвт. Намын хариуцлага. Нам сонгогчдын өмнө хариуцлага хүлээх чадвартай вэ гэдэг асуудал. Намын бодлого, шийдвэрээс гарах үр дагаврынхаа төлөө, намаа төлөөлж төрийн өндөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон гишүүдийнхээ өмнөөс хариуцлага хүлээж чадаж байна уу? нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаж байна уу.
Маш энгийнээр хэлэхэд, 2012 оны үеийн иргэдийн амжиргаа өнөөдөр 30 гаруй хувиар буурчихаад байна. Энэ бол бодлогын маш том алдаа. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байна.
"Бид бодлогын алдаа гаргасан байна гэж хэлэх чадвартай улс төрийн нам алга. Энэ бүхнээс харахад, манай намууд бодлого, шийдвэр, түүний хэрэгжилтэндээ хариуцлага хүлээх соёл тогтоогүй байна."
Тавд. Ил тод, нээлттэй байдал. Улс төрийн намуудын үйл ажиллагаа иргэд, олон нийтэд хэр ил тод, нээлттэй байдгаар энэ үзүүлэлт хэмжигдэнэ. Намууд нээлттэй, ил тод биш байна. Санхүүгийн үйл ажиллагаа, дотоод үйл ажиллагаа нь илүү хуучинсаг, магадгүй коммунист арга барилтай.
Улс төрийн намын дотоод ардчиллыг эдгээр үзүүлэлтээр тодорхойлдог дэлхий нийтийн жишиг тогтож байна. Энэхүү үзүүлэлтийг цогцоор нь шийдснээр нам дотоод ардчилалтай болно.
"Нам дотоод ардчилалтай болж чадвал аяндаа парламент, Засгийн газар чадавхижна."
Мэдээж намууд шууд ардчилалтай болно гэдэг хэцүү. Яагаад гэвэл дэг журамгүй, сахилга батгүй, хаалттай, бүлгийн өрсөлдөөнд тулгуурлаж байснаа гэнэт дэлхийн нийтийн чиг хандлага ийм байна, та нар өөрчлөгдөх хэрэгтэй гэвэл хэн ч дуртай хүлээж авахгүй.
Энэ цаг мөчид намууд маш хүнд сорилттой нүүр тулаад байна. Энэ сорилтыг давж чадах юм бол орчин үеийн ойлголтоор намууд төлөвшиж, ирээдүйн улс төрийн бодлогыг тодорхойлох боломжтой. Хэрэв чадахгүй бол намуудын легитим шинж алдагдах болно.
Намаас нэр дэвшиж, иргэдээс сонгогдсон төрийн түшээ хүн ямар байх ёстой гэж та боддог вэ?
УИХ-ын гишүүн гэдэг бол намаас мандат авч, иргэдээс сонгогдсон төлөөлөгч. Миний харж байгаагаар улс төрийн нам дотоод ардчилалтай болж, дүрэм журмаа дагаж мөрддөг болсон тохиолдолд бодлогын нам төлөвшиж чадна.
"Намаас нэр дэвшигдэж сонгогдсон төрийн түшээ хүн бол өөрийн намын үнэт зүйл, зарчмыг хатуу баримталдаг байх ёстой."
Харамсалтай нь манайд гишүүний бүрэн эрх гэдэг нэрээр анх мандат авсан нам, намын бодлого, үзэл баримтлал, үнэт зүйлийг уландаа гишгих хандлага харагдаад байгаа. Энэ нь намын төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа юм.
"УИХ-ын гишүүдийг төрийн түшээ, төр түшилцдэг хүн гэж үзвэл тэд нар нь улс төрийн соёлтой, хариуцлагатай байх ёстой."
Парламент гэдэг бол нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага. Түүнээс биш ухаантнуудын, суперменүүдээс бүрдсэн байгууллага биш. Жинхэнэ улс төр парламент дотор л байдаг.
Намууд тэнд л бодлогын мэтгэлцээн явуулж, үнэт зүйл, үзэл баримтлалаа хамгаалдаг байх ёстой. Түүнийхээ төлөө тэмцдэг, өөрийгөө илэрхийлж чаддаг бодлоготонг төрд гаргах хэрэгтэй.
Сүүлийн 25 жилийн хугацаанд сонгуулийн тогтолцооноос улбаатай хүнийг сонгодог тогтолцоо руу явчихаж. Манай сонгогчид хэн нь илүү ухаантай вэ, хэн нь илүү баян бэ гэж санал өгдөг нь тийм сайн биш тогтолцоо.
Тэгвэл та бас сонгогч. Та сонголтоо яаж хийдэг вэ? Танд сонголт байна уу?
Манай улс сонгуулийн 48/28 зэрэгцээ холимог тогтолцоотой. Тийм болохоор бидэнд хоёр төрлийн сонголт байна. Хүнийг бас намыг (бодлого) сонгодог. Надад олгогдсон эрх, үүргийн дагуу ухаалаг түвшинд сонголт хийхийг хичээдэг.
"Харамсалтай нь ихэнхи сонгогчид хүнээ харж сонголтоо хийгээд байгаа харагддаг."
Манайд улс төрийн намууд сонгуулийн үеэр ажлын байрыг хэдэн хувиар нэмэгдүүлнэ гэж тоо ярихаас биш яаж нэмэгдүүлэх арга замыг ярьдаггүй. Үнэн хэрэгтээ, сонгогчдод тухайн нам нийгэм, эдийн засгийн асуудлуудыг ардчилсан, социал демократ, либерал, консерватив үзлийг баримтлан асуудлыг ямар аргаар яаж шийдэх гээд байгааг нь ялган таних боломжийг намууд олгохгүй байна.
Сонгогчид ч ийм байдалд дасчихсан байна. Ер нь цаашид аль болох хүнийг сонгохоос татгалзуулсан тогтолцоо руу явуулах ёстой гэж би хэлэх гээд байгаа юм. Энэ яандаа намуудыг бодлогоороо өрсөлддөг болгох юм.
Монгол улсад ямар үзэл баримтлалыг баримталсан нам илүү тохирох бол?
Сонгогчид юу хүсэж байгаагаар тодорхойлогдож, шийдэгдэх асуудал. Судалгаанаас харахад, Монгол улстай ойролцоо түвшний улс орнуудад зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд амжилттай яваа туршлагууд бий.
Манай нам зүүний, барууны эсвэл төвийн нам гэх зэргээр өөрсдийгөө тодорхойлдог ч, засаглалыг хэрэгжүүлж буй намуудын бодлого нь бараг зүүнийх болж хувираад байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр улс төрийн намууд сонгогчдодоо тааруулж бодлогоо тодорхойлоод байгаагийн илрэл. Магадгүй энэ нь манай эдийн засгийн чадавхитай шууд холбоотой байх. Үүнийг буруутгах аргагүй.
Судлаач Э.Гэрэлт-Од
2016 онд шинэ намууд гарч ирэх болов уу?
Одоогоор нэр бүхий хэдэн нам л төрийн бодлогыг тодорхойлж байна. Бид олон ургальч үзэлтэй (плюраль) нийгэмд амьдарч байна. Энэ бол ардчиллын суурь үнэт зүйл. Тэр утгаараа 2016 онд тэр нам илүү дэмжлэг авна, Монголд илүү хэрэгтэй гэж хэлэх боломжгүй.
"Тэр нам илүү сайн, тэр нь муу гэж хэлэх эрх надад байхгүй. "
2016 оны УИХ-ын сонгуулиар шинэ нам, шин хүн олонхи болно гэдэгт эргэлзэж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд 6 удаагийн парламентаа иргэд сонгож байгуулсан.
Сонгуулиудын дүнг харж байхад МАН, АН-ууд ээлжлэн гарч ирдэг байсан бол сүүлийн хэдэн жил харьцангуй гуравдагч хүчний орон зайд цөөн намууд орж ирж байна. Гэхдээ эдгээр намууд нь нөлөө бүхий хоёр намаасаа өрх тусгаарласан намууд.
Тиймээс шинэ намууд биш. Зарим судалгааны байгууллагын дүн, улс төр сонирхогч, шинжээчдын хувьд шинэ нам, шинэ хүн гарч ирнэ гэж ярьж байгаа дуулдана. Би хувьдаа итгэхгүй байна. Байлаа гэж бодоход цөөн суудал авч болох юм.
Намуудын бодлого тогтвортой байх ёстой гэж ярилаа. Тэгвэл 1992 оны сонгуулиас хойш намуудын бодлого, мөрийн хөтөлбөр хэр өөрчлөгдсөн болохыг хийсэн судалгаа бий юу?
Улс төрийн намуудын бодлогод дүн шинжилгээ хийсэн цогц судалгаа алга. Миний хувьд улс төрийн намуудын дотоод ардчиллыг судалдаг. Маш олон судлаачид, бүх түвшинд намуудын бодлого тогтворгүй байна гэж дүгнээд байна. Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн залгамж холбоо, бодлого алдагдаж байна. Яг үнэндээ одоогийн улс төрийн намууд төрийг эзлэх арми болчихоод байна.
Зарчмын хувьд бидэнд язгуур хөгжлийн бодлого гэж байх ёстой. Ийм язгуур бодлого байхгүйгээс сонгогчид төөрөлдөж, энэ зөв юм ярьдаг, эх оронч үзэлтэй эсвэл баян хүн гэж бодон сонгож байна.
"Аль нэг нам сонгуульд ялалт байгууллаа гэхэд язгуур хөгжлийн бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт өөр өөрсдийн үзэл баримтлал, ялгаатай арга барилаар хандах хэрэгтэй."
Ийм л улс төрийн соёл тогтчихвол Монгол улсын хөгжлийн бодлого харьцангуй тогтвортой болно. Тэрнээс биш энэ бодлого огт хэрэггүй, бид ийм бодлого хэрэгжүүлнэ гэх эрх хэнд ч байхгүй.
"25 жилийн хугацаанд манай улсад улс төрийн соёл хараахан тогтоогүй, сонгогчид ч төлөвшөөгүй байна. "
Ингэж төлөвших нь цаг хугацааны асуудал уу? Эсвэл зоригтой, шийдэмгий бодлого, тэр бодлогыг хэрэгжүүлэх хүн хэрэгтэй байна уу?
Нийгмийн өнөөгийн байдлыг харахад сонин төлөв харагдаж байна. Энэ нь өнөөдрийн ардчилал утгаггүй юм байна, тиймээс хүчтэй удирдагч хэрэгтэй, Монголын хөгжлийн загвар бол Сингапур ч гэх шиг.
Ийм нийгмийн сэтгэл зүй газар авч байгаа нь улс төрийн намууд төлөвшөөгүй, улс төр нь хариуцлагагүй, ёс суртахуунгүй байгийн илрэл. Ийм нөхцөл даамжирвал ардчиллаасаа ухрах өндөр магадлалтай.
"Хүчтэй удирдагчийг хүсэх хандлага нь яг лоттери тоглож байгаатай адил."
Хэрэв бидэнд аз таарвал нөхцөл байдал дээрдэж магадгүй юм. Харин азгүй бол ардчилсан дэглэмээсээ ухрах аюул биднийг хүлээж байна. Тиймээс би хүнд итгэх биш бодлого, тогтолцоонд итгэх ёстой гэдэг нь ийм учиртай.
Бидний тогтолцоо бол чөлөөтэй ярьж, хэлэлцэж байж бодлогоо гаргах боломжтой нээлттэй тогтолцоо. Судлаач хүний хувьд хэлэхэд одоогийн тогтолцооны сайн талуудыг харж, хэрхэн хадгалж авч үлдэх тал дээр анхаарах нь зүйтэй.
Түүх сөхвөл, анх Монголд улс төрийн намын тогтолцоо бүрэлдэн тогтож байх үед дотоод ардчилалтай байсан уу?
Анх 1920 онд Монгол Ардын Нам байгуулагдаж байх үедээ нээлттэй ярилцдаг, шийдвэр гаргадаг, төлөөлөгчөө хамтдаа сонгодог, дүрмээ баталдаг, бодлогоо хэрэгжүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл дотоод ардчилалтай байсан.
Хөгжлийнхөө явцад зүүний чиглэлийн нам болон хувирч, тэр үеэс дотоод ардчиллыг марксист онолд тулгуурлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь бидний либерал ардчилсан нээлттэй тогтолцооны өнцгөөс харвал өөр ойлголт.
Монголын улс төрийн намууд дотоод ардчилал гэдэг зүйлийг сүүлийн хэдэн жил ярьж байна. 2005 онд “Улс төрийн намын тухай” хуулинд намууд дотоод үйл ажиллагаандаа ардчилсан зарчмыг баримтлах ёстой гэсэн заалт орсноор үүний тухай хэлж, ярьдаг болсон. Гэхдээ одоо болтол улс төрийн намуудад дотоод ардчилал тогтоогүй л байна.
Намынхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлгэх гэх зэргээр байр сууриа илэрхийлж буй нөхдүүдийг юу гэж харах нь зүйтэй вэ? Хагаралдаж байгаа хэрэг үү, дотоод ардчилалтай байна гэсэн үг үү?
Хэрэв нам дотоод ардчилалтай байна гэж үзвэл намынхаа дотоод асуудлыг дотроо л ярих ёстой гэж үздэг. Харамсалтай нь намын дотоод асуудлаа олон нийтэд дэлгэж, иргэдээс оноо авах, улс төрийн карьераа өсгөх, хэн нэгнийг шантаажлах хэрэгсэл болгох нь элбэг. Монголчуудын “олгой хагаравч тогоон дотроо” гэж үг ч бий.
Нөгөө талдаа нам бүх юмаа нуугаад, халхалаад байж болохгүй. Бид улс төрийн намыг нээлттэй, хариуцлагатай байлгахыг шахаж байгаа. Ямар ч тохиолдолд улс төрийн нам дотоод асуудлаа хэлэлцдэг, шийдвэрлэдэг бүтцээрээ асуудлыг шийдвэрлэдэг байх ёстой. Харин энэ асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол төрөөс санхүүгийн дэмжлэг авч чадахгүй, улмаар сонгогчид итгэж санал өгөхгүй болох юм.
Тэгвэл нэг намаас нөгөөд орж буй үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ?
Нам ямар хүн элсүүлэх вэ, би ямар намд элсэх вэ гэсэн асуултаас эхлэх хэрэгтэй. Намд элсэхдээ тухайн намын үнэт зүйлийг зөвшөөрсөн, бодлого, мөрийн хөтөлбөртэй нь яв цав санал нийлж байгаа тохиолдолд элсэх хэрэгтэй.
Тэгэхгүйгээр намд зөвхөн сонгуульд нэр дэвших, УИХ-ын гишүүн болох зорилготойгоор элсчихээд, тэр намын гишүүнчлэлээр тодорхой эрх мэдэл, байр сууринд хүрснийхээ дараа дуртай нам руугаа шилжиж орох эсвэл худалдагдаж байгаагаас нам ямар хүнийг элсүүлснээ, иргэд ямар хүн сонгосноо харж болно.
Хуулиараа энэ шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж болно. Хэрэв та намын мандатыг авч, олон нийтийн дэмжлэгээр сонгогдсон бол улс төрийн өөр байр суурь илэрхийлэх эрхгүй гэх мэтээр зааж өгөх нь зүйтэй.
"Ямар хүмүүсийн дэмжлэг авч сонгогдсон, ямар намын бодлогоор гарч ирснээ умартан, эрх мэдэл, мөнгөний төлөө намаа өөрчилж байгаа нь ард түмний сонголтыг уландаа гишгэж байгаа үйлдэл."
Энэ бол Манайд улс төрийн соёл тогтоогүй байгаатай шууд холбоотой. Тиймээс бид намыг дотоод ардчилалтай болохыг шаардаад байгаа юм.
Дэлхийн нэр хүндтэй улс төрчид намынхаа үзэл баримтлалыг илэрхийлэл болж чадсанаараа өнөөгийн амжилтад хүрсэн гэж ойлгож болох уу, эсвэл?
Гадаадын ч бай, дотоодын ч бай хүнийг дүгнэхдээ энэ хэр үнэнч хүн бэ гэдгийг харах хэрэгтэй. Хөгжлийн бодлого ярьж буй хүн туйлбаргүй байж болохгүй. Барууны улс орнуудад улс төрийн намын соёлоор хүнээ бэлдчихсэн байдаг.
Намынхаа үзэл баримтлалыг хүчтэй илэрхийлснээр нэр хүндтэй болсон гэж шууд хэлж чадахгүй. Бодлого нь хүчтэй, тогтвортой байгаагийн илэрхийлэл байх.
Улс төрчийг бэлдэнэ гэхээр яаж бэлддэг гэсэн үг үү? Манайд улс төрчдөө бэлдэж чадаж байна уу?
Улс төрийн нам нь түгээмэл 7 үүрэгтэй. Түүний нэг нь ирээдүйн залуу боловсон хүчнээ бэлтгэдэг дотоод тогтолцоотой байх юм. Европын орнууд бүгд 20, 30 жилийн дараа намаа төлөөлж чадахуйц улс төрчдийг багаас нь бэлтгэж, намынхаа үнэт зүйл, үзэл баримтлал, зарчмыг толгойд нь суулгадаг.
Манайд ийм зүйл байхгүй гэж хэлж болно. Одоогоор дэлхийн нэр хүнд бүхий сургуулиудад сургах эсвэл төрийн албаар дамжуулж боловсон хүчнээ бэлтгэх гэх зэрэг оролдлогууд хийгдэж байгаа болохоос биш намын бодлого, үзэл баримтлал, үнэт зүйлийг суулгадаггүй.
Хэн ч улс төрч байж болно эсвэл улс төрийн мэдлэг, боловсролтой байх ёстой гэсэн олон үзэл бодлууд зэрэгцэн оршиж байна. Үүний тухай таны бодол?
Макс Веберийн “Улс төр бол хувь зохиол ба мэргэжил мөн” гэсэн зохиол байдаг биз дээ. Заавал хуульч мэргэжилтэй, улс төр судлаач, эдийн засагч хүн улс төрч байх ёстой гэж туйлширч болохгүй. Хаана асуудал байна тэр асуудлын гарцыг хайж чаддаг, эрж олдог бодлоготон хүн улс төрч болох хэрэгтэй.
"Миний бодлоор хүн бүр улс төрч болох албагүй, харин улс төрийн боловсролтой байх ёстой гэж хэлэх байна."
Өөрөөр хэлбэл, иргэн бүр хэнээр удирдуулж байгаагаа мэдэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн байр сууриа илэрхийлэх, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх, анализ хийх, дүгнэлт гаргах чадвартай байх ёстой.
Сүүлийн үед улс төрийн намууд гэхээсээ илүү лобби бүлэглэлүүд хүчтэй байна гэдэг?
"Сүүлийн жилүүдэд улс төрийн намууд картельчлагдаж байна."
Картель улс төрийн намууд бий болсноор намын дотоод ардчилал хумигдаж, бүхнийг улс төрийн зорилгоор тайлбарлах хандлага тогтож байна. Энэ төрлийн намуудыг төрийн алба горилогч буюу office seeking нам гэж нэрлэх болсон. Ийм хандлага ганцхан Монголд биш дэлхий даяар байна.
Улс төрийн нам яавал давуу байдал олж авах бэ, яаж хадгалж үлдэх вэ гэдэг дээр санал нэгдэж байгаа нь картельчлагдаж буй процесс юм. Энэ нь улс төрийн намын мөн чанар, засгийн эрхийг барих хүсэл сонирхолтой нь яв цав тохироод байгаатай холбоотой.
Өрсөлдөгч намын бодлого зөв байвал яагаад “гар барьж” болохгүй гэж.
АНУ, Канадад сөрөг хүчнийхээ нөлөө бүхий чадварлаг боловсон хүчнийг Засгийн газартаа урьж ажиллуулсан жишээ бий. Хэрэв тухайн намын бодлогыг хүчтэй илэрхийлж, хэрэгжүүлж чаддаг хүнийг урьж авчраад ажиллуулах нь буруу биш. Үүнийг зөв нүдээр харах хэрэгтэй.