Хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн ч зардлыг даатгалын сангаас гаргана
2016.06.08

Хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн ч зардлыг даатгалын сангаас гаргана

Хуулийн нэр: Эрүүл мэндийн даатгалын тухай

Өргөн барьсан: 2014.09.04

Батлагдсан: 2015.01.24

Эрүүл мэндийн даатгалын салбарт шинэ хууль боловсруулах ажлын хэсэг нь хуулийн үндэслэл, үзэл баримтлал, ач холбогдол, зайлшгүй оруулах шаардлагатай зохицуулалтыг тусгахад идэвхтэй ажилласны үр дүнд өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж буй хууль батлагдсан юм. Шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрх нь баталгаажсан юм.

Хууль батлагдсанаар өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн зарим сэргээн засах болон гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагын өндөр өртөгтэй эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болж байна. Үүнд, хорт хавдрын хими, туяа эмчилгээ, протез, ортопедийн зардал, жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ зэрэг багтана.

Өмнө нь үйлчилж байсан хууль эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд түлхүү чиглэж байсан бол энэ удаад хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах явдлыг дэмжсэн хууль болсон гэж хэлж болно. Учир нь эдгээр үйлчилгээг авсан иргэдийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төдийгүй өмчийн хэлбэр үл харгалзан эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн зардлыг даатгалын сангаас гаргах юм. Ингэснээр эрүүл мэндийн даатгалын үр шимийг бүх нийтээр амсах боломжтой. Төрөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхлэгч байгууллагатай гэрээ байгуулан, үйлчилгээний чанар, төлбөрийн хэмжээнд хяналт тавих механизм ажиллана.

Эмийн үнийн хөнгөлөлтийн хүрээг өргөжүүлж, зөвхөн өрх, сум, багийн эмчийн жороор үйлчилдэг байсныг аймаг, дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор эмийн хөнгөлөлт олгоно гэж хуульд тусгасан юм. Одоо иргэд эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ бүхий эмийн сангуудаар үйлчлүүлснээр хөнгөлөлттэй эм худалдан авах боломж бүрдлээ. Хуулийн дагуу даатгуулагч бүрт даатгалын цахим карт олгоно. Уг карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаар мэдээллийг агуулна. Эмнэлгийн байгууллагууд руу тусламж, үйлчилгээний зардлыг богино хугацаанд шилжүүлэх мэдээллийн цахим сан бий болно.