Өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцэл урамшуулал олгоно
2016.06.02

Өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавьжтай тэмцэл урамшуулал олгоно

Хуулийн нэр: Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Өргөн барьсан: 2013 - 05 - 03

Баталсан: 2013 – 07 – 09

2012 онд батлагдсан Ойн тухай / шинэчилсэн найруулга/ хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ хуулиар орон нутагт ойн ангийн бүтэц бий болгосноор олон эерэг үр дүн гарч байгаа хэдий ч ой хээрийн түймрээс хамгаалах талаар нийтлэг шаардлага тавьсан байсныг нарийвчлан тусгаж өгөх, улмаар байгаль хамгаалагчийн эрх, үүргийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан учраас Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.

Энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлт төсөл нь ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн. Ойн мэргэжлийн байгууллага, хамт олон, орон нутгийн иргэд болон байгаль орчны төрийн бус байгууллагаар хэлэлцүүлж, тэдний саналыг тусгасан байна.

Төсөлд ахуйн хэрэгцээнд зориулж, түлээ бэлтгэх зэрэг эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгох замаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан зохицуулалт хийсэн. Мөн ойд тооллого хийх ажлыг олон улсын жишигт дүйцүүлэн хийх эрх зүйн орчныг бүрдүүлсний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр ойн түймэр, хөнөөлт шавжтай тэмцсэн тохиолдолд төрөөс урамшуулах асуудлыг тусгасан юм.

... Тухайлбал, ойн тооллогыг таван жил тутам улсын хэмжээнд явуулж, ойн зохион байгуулалтын ажлыг арван жил тутамд хийж, ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинэчлэн батлахаар хуульчилж өгсөн юм ...

Ойн тухай хуульд зааснаар түймрийн аюултай үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ой хээрийн бүс нутагт ил задгай гал түлэх, мод бэлтгэлийн талбайг цэвэрлэхдээ шатаах аргыг хэрэглэх, шатах тослох материал, хөвөн даавууг ил хаях, тээврийн хэрэгсэл, бусад техникийг шатахуунаар цэнэглэх үед тамхи татах, үнс, шүдэнз зэргийг хаях зэрэг хориглосон үйлдэл хийсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж нэмэлт өөрчлөлтөд оруулж өгчээ. Мөн иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгох журмыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд батална гэж нэмэлтээр оруулсан байна.

Ой, хээрт мод бэлтгэх, эрэл хайгуул, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, хээрийн шинжилгээний анги зохион байгуулахдаа тухайн орон нутгийн байгаль хамгаалагчид мэдэгдэнэ гэж нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.