Онцгой байдлын Ерөнхий газар
2016.03.09

Гамшигт үзэгдлийн үеэр 786 иргэний амь насыг авран хамгааллаа

Энэ сарын 3-5-ны өдөр нийт нутгаар болсон гамшигт үзэгдлийн үеэр 15 аймаг, нийслэлийн 42 сум, дөрвөн дүүрэгт 76 удаагийн дуудлагаар ажиллаж сураггүй болсон 136 иргэнээс 134 иргэнийг эсэн мэнд олжээ. 

Баян-Өлгий аймгийн Буянт сум, Говь-Алтай аймгийн Цогт суманд малдаа явсан тус бүр 1 иргэн, нийт 2 иргэн осгож нас барсан байна. 652 зорчигчтой 159 автомашин цасанд суусан, эвдэрсэн, шатахуун дууссан зэрэг дуудлагаар ажиллаж нийт 786 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан.

Эрэн хайх, аврах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 202 албан хаагч, 32 автомашин, цагдаагийн байгууллагын 175 албан хаагч, 45 автомашин, орон нутгийн, нутгийн захиргааны байгууллагын 385 иргэн, 78 автомашин, автозам арчлалтын компанийн 160 хүн, үйлчилгээний 23  автомашин, 62 машин механизм, нийт 922 хүн, 240 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.