Их хэмжээний хохирол учирч болохоор гамшигт үзэгдэл бүх нутгийг хамарсан
ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяа
2016.03.11

Их хэмжээний хохирол учирч болохоор гамшигт үзэгдэл бүх нутгийг хамарсан

Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Туяагаас зарим зуйлийг тодрууллаа.

-Цаг агаар муудаж, гамшигт үзэгдэл болох мэдээллийг танайх болон ус цаг уурын хүрээлэнгээс урьдчилан мэдээлсэн. Ингэж шуурхай мэдээлэл хүргэсний үр дүн ямар байв?

-Цаг уур, орчны шинжилгээний газрын “Харанга” зэрэглэлтэй цаг агаарын мэдээг үндэслэн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд сэрэмжлүүлсэн. Мөн нөхцөл байдал хүндэрсний улмаас хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж ажиллалаа.

Хэвлэл мэдээллийн байгууллага, зарлан мэдээлэх дуут дохиоллын 12 цамхагийн цахим самбар, үүрэн холбооны оператор компаниудаар дамжуулан 1.6 сая хэрэглэгчид мэдээлэл хүргэж, орон нутгийн 134718 иргэн, малчдад “Багц” дуут шуудангаар сэрэмжлүүлэг хүргэлээ. Мэдээж урьдчилж сэрэмжлүүлээгүй бол малчид малаа хариулаад гарах, хотоос хөдөөг зорьсон хүмүүс замдаа саатах зэргээр хэлж баршгүй хохирол учрах байсныг үгүйсгэхгүй. Хэдийгээр Баян-Өлгий, Говь-Алтай аймагт хоёр иргэн амь насаа алдсан ч үүнээс их хэмжээний хохирол учирч болох гамшигт үзэгдэл бүх нутгийг хамарсан. Мөн саналаараа иргэдэд тусалсан залуус ч байлаа.

-Гамшигт үзэгдлээс үүдэлтэй хохирлыг тооцсон уу. Хэрхэн барагдуулах бол?

-Хохирлыг тооцож гаргаагүй байна. Орон нутгаас айлын гэр, байшин нурсан, цахилгаан тасарсан мэдээлэл ирж дуусаагүй байна. Хүчтэй цасан шуурганы үеэр Өвөрхангай аймгийн сумдад 1000 гаруй өрх, Өмнөговьд 10 мянга гаруй өрхийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Авто тээврийн үндэсний төвөөс хотхоорондын 446 зорчигчтой 26 автобусыг суурин газар хоноглуулж иргэдийг болзошгүй гамшгаас сэргийлсэн. Ер нь он гарсаар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 359981 мал хорогдоод байна. Хохирлыг барагдуулах тухайд төрийн өмчийн газар бол Гамшгаас хам-гаалах тухай хуулиар зохицуулна.

-Дахиад тэнгэр муудаж, цасаар шуурна гэсэн мэдээлэл байна. Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

-Цаг уурын байгууллагаас долоо хоногийн төлөв гарсан байгаа. Гэхдээ одоохондоо гамшигт үзэгдэл болно гэсэн мэдээлэл өгөөгүй байна. Ер нь явган шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа учраас анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй.