Японд цаазын ялтан цаазлуулах тухайгаа хагас цагийн өмнө мэддэг
2016.03.25

Японд цаазын ялтан цаазлуулах тухайгаа хагас цагийн өмнө мэддэг

Гуравдугаар сарын 25-нд Японд хоёр хүний цаазын ялыг гүйцэтгэсэн тухай тус улсын хууль зүйн сайд Мицухидэ Иваки мэдээлэв. 

Үүнээс өмнө өнгөрсөн оны 12 дугаар сард нэг хүнийг цаазалж байжээ.  Шинзо Абэ  Засгийн газар толгойлсон гурван жилийн дотор нийтдээ 16 гэмт хэрэгтнийг цаазалсан байна. Одоогоор цаазаар авах ёстой 126 гэмт хэрэгтэн байгаа аж. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Японы эрх баригчдаас цаазын ялыг халахыг эртнээс уриалж байгаа билээ.

Японы цаазын ял өөрийн онцлогтой.

... Тус улсад гэмт хэрэгтэнд цаазын ял оноох шүүхийн шийдвэр гарсан ч ялын гүйцэтгэлийг хэдэн жилийн дараа хийдэг. Гэмт хэрэгтэн хэдэн ч жил цаазын ялаа хүлээж болно. Гэхдээ цаазлуулна гэдгээ зөвхөн цаазаар авах өдөр хагас цагийн өмнө мэддэг. Харин төрөл садан, өмгөөлөгч ч энэ тухай зөвхөн цаазалсан хойно нь олж мэддэг. Цаазлахдаа дүүжилдэг. Чухам ямар шалгуураар цаазын хугацааг тодорхойлдог нь одоо хүртэл нууц хэвээр байна ...

Гэхдээ цаазын ял гүйцэтгэхээс өмнө гэмт хэрэгтэн гэм буруугүй нь нотлогдох тохиолдол гардаг байна. Тиймээс Японы өмгөөлөгчдийн холбоо шүүхийн буруутай шийдвэрээс болж хүний амь хөнөөх эрсдэлтэй хэмээн үзэж цаазын ялыг халах шаардлагыг өнгөрсөн онд Засгийн газартаа хүргүүлжээ.

Харин Шинзо Абэ “олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар иргэдийн 85 хувь нь онц хүнд гэмт хэрэгтнийг цаазлах нь зүйтэй хариулсан. Тиймээс цаазын ялыг халах бодолгүй байгаа” гэж мэдэгджээ.

Цаазын ялтныг ганцаар хэдэн ч жил хорьж болно.