Гүржид чимээ шуугианыг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
Гүржид энэ оны есдүгээр сараас хэвийн хэмжээнээс хэтэрсэн чимээ шуугиан гаргавал торгодог болж магадгүй байна. Уг хууль хувь хүн, хуулийн этгээдийн аль алинд хамаатай.
Чанга чимээ, шуугианыг хориглох хуулийн төслийг Гүржийн нийслэл Тибилис хотын Зөвлөлийн хууль зүйн асуудал эрхэлсэн дарга Федор Кобахидзе санаачилжээ.
... Хуулийн төсөлд тусгаснаар өдрийн цагаар орон байр болон олон нийтийн газарт нэвтэрч буй дуу чимээ 40 децибел (өглөөний 07 цагаас оройн 11 хүртэл), шөнийн цагаар 30 децибелээс давж байвал торгуулийн арга хэмжээ авна ...
40 децибел гэдэг нь хүмүүсийн энгийн яриа, 30 децибел нь ханын цаг дуугарах, шивнээ ярианы сонсогдох түвшин юм.
... Хуулийг санаачлагч өдрийн чимээ шуугианы нормыг зөрчсөн хувь хүнийг 150 паригаар (62 ам.доллар), хуулийн этгээдийг 500 паригаар (207 ам.доллар) торгох санал гаргажээ ...
Харин шөнийн цагаар наргидаг, чимээ шуугианд дуртай хүмүүс илүү мөнгө төлөх шаардлагатай болно. Тэдний хувьд давтан зөрчил гаргавал торгуулийн хэмжээ хоёр дахин өснө.
Федор Кобахидзе түүний хуулийн төслийг парламентын гишүүд дэмжиж ирэх есдүгээр сараас мөрдөж эхэлнэ гэж найдаж байна.
Гэвч зарим нэгэн бизнесменүүд энэ мэтийн хууль аялал жуулчлалын компаниуд, түүний дотор зугаа цэнгээний газруудын орлогод сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Федор Кобахидзе
Чимээ шуугианы эргүүл
Хуулийн төслийг Гүржийн парламентын Хүний эрхийн хороогоор хэлэлцээд амжжээ. Кобахидзегийн хэлснээр тус хорооны гишүүд хуулийн төслийг үндсэндээ дэмжсэн, гэхдээ анх удаа зөрчил гаргахад сануулга өгөхийг санал болгожээ.
Одоогийн байдлаар Гүржид Эрүүл мэндийн сайдын тушаалаар чимээ шуугианы зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон байдаг бөгөөд зөрчил гарсан газар хотын захиргааны хяналтын албаныхан ирээд сануулаад буцахаас хэтэрдэггүй.
... Кобахидзегийн хуулийн төсөлд тусгаснаар чимээ шуугиантай холбоотой дуудлага хүлээн авах, хянах үүргийг хотын захиргааны хяналтын албаныхан биш, тусгай тоноглолтой эргүүлийн цагдаа хүлээнэ ...
Түүний үзэж буйгаар шинэ хууль Гүржийн иргэдийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй баарны эзэд, оршин суугчдын зөрчилдөөнийг шийдвэрлэх ач холбогдолтой.
Бизнесийнхэнд яаж нөлөөлөх вэ?
Хэрэв парламентаар энэ хуулийг дэмжиж баталвал зугаа цэнгээний газруудад илүү хамаатай учир бизнест сөргөөр нөлөөлөхгүй гэж Кобахидзе үзэж байна. Европын зарим улсад ч ийм журам үйлчилдэг. Жишээ нь Туркийн эргийн олон тооны баар, ресторанууд нь дуу чимээ үл нэвтрүүлэх тусгаарлах материал ашигладаг байна.
Энэ хуулийг эрс эсэргүүцэж буй хүмүүс бий. Жишээ нь Гүржийн сөрөг хүчин болох Үндэсний нэгдмэл хөдөлгөөний намаас сонгогдсон гишүүн, Парламентын Хүний эрхийн хорооны дарга Чиора Тактакишвили уг хуулийг “утгагүй зүйл” гэж нэрлэжээ. Түүний үзэж буйгаар парламент зохиомол асуудал гаргаж ирчихээд, дараа нь шийдвэрлэх арга зам хайдаг байж таарахгүй. Тэрээр “Гүржийн иргэдэд тулгамдсан асуудал мундахгүй байна, мөнгө үнэгүйдэж, ядуурал өсч байхад Парламент үүнийг зогсоох ёстой” гэж хэлжээ.