Олон улсын тоймч: Хуучин өрийг тэглэсэн нь Оросын Монголд нөлөөгөө тогтоох далд санаа
Энэ оны нэгдүгээр сарын төгсгөлд Монгол, ОХУ хоёр Монголын ЗХУ-д тавьсан өрийн 97 хувь буюу 172 сая ам.долларын өрийг тэглэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
Энэ тухай АНУ-ын Засгийн газрын ажилтан, Төв Азийн асуудлаар мэргэшсэн олон улсын тоймч Саманта Брлэтих (Samantha Brletich) ОХУ Монголын Зөвлөлтөд төлөх байсан өрийг тэглэсэн нь Монголд нөлөөгөө бэхжүүлж газрын тосныхоо найдвартай импортлогч болгохыг зорьж байна хэмээн бичжээ. Тэрээр хуучин өрийг тэглэх арга нь ОХУ-ын үндсэн дипломат арга хэрэгслийн нэг гэж үзэж байна.
Дэлхийн газрын тосны зах зээл хямарсан нь Орос болон хуучин социалист орнуудын эдийн засагт хүндээр тусч Оростой газрын тосны салбарт хамтран ажилладаг улсуудын санаа өөрчлөгдөж эхэлсэн. Тиймээс Оросуудын хувьд газрын тос импортлогч орнуудаа, ялангуяа Монголыг алдахгүй байх нь нэгэн том зорилт гэжээ.
2014 онд л гэхэд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 91 хувийг Оросоос хангажээ. Импортоор авдаг гол бүтээгдэхүүн нь бензин, онгоцны шатахуун, дизелийн түлш юм.
... Самантагийн бичсэнээр хоёр улсын эдийн засгийн харилцаа өндөр түвшинд очоогүй ч Монгол газрын тосоор хараат байна гэдэг тус улсыг маш эмзэг болгож байна. Тэрээр Орос Украйнд байгалийн хий нийлүүлэхээ больсноор юу болсныг санахад илүүдэхгүй гэж бичсэн байна ....
Тиймээс Монгол Улс Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг Азийн хөгжингүй орнуудтай харилцаагаа өргөтгөж, эрчим хүчний хараат байдлаасаа гарах хэрэгтэй гэсэн байна.