Хилийн дагуух хана аюулгүйн баталгаа болж чадах уу?
2016.03.04

Хилийн дагуух хана аюулгүйн баталгаа болж чадах уу?

Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Ерөнхийлөгч болвол хууль бус цагаачдаас сэргийлж АНУ-Мексикийн хил дагуу хана босгоно гэж амласан. Түүний тооцсоноор хананы урт 1600 км, өндөр 10-12 метр, өртөг нь найман тэрбум доллар байна. Гэхдээ америкчууд үүнээс өмнө хилийн хаалт барьж байгаагүй гэвэл тийм биш. Анх 1994 онд Мексикийн хилийн дагуу 10 км урттай хашаа баригдаж байв.

Гэвч хана барьдаг улс бол зөвхөн Америк биш.  Орчин үед Ойрхи Дорнод болон Европод хилийнхээ дагуу хэрмэн хана босгосон, босгохыг хүсч буй хэд хэдэн орон бий болжээ. Үүний шалтгаан нь юу юм бол?

Израйлын эхлүүлсэн туршлага

2000-аад оны эхэнд НҮБ, Палестины эрх баригчид болон дэлхийн хүний эрхийн байгууллагуудын эсэргүүцлийг сөрж Израиль улс Палестин-Израйлийн хилийн дагуу өндөр хаалт барьж эхэлсэн. Израйлчууд үүнийгээ аюулгүй байдлаа хангаж байна гэж тайлбарлаж байв (Үнэхээр хаалт барьсан газруудад зэвсэгт халдлага бага гардаг нь хожим нотлогджээ). Энэхүү хаалт хэдэн зуун километрын урттай бөгөөд өргөст тортой төмөр хашаа, гүнзгий судаг, мөр илрүүлэх хяналтын зурвасаас бүрддэг. Эргүүлийнхэнд зориулсан хатуу хучилттай замтай.  

Түүнээс гадна хөдөлгөөн илрүүлэгч, камер зэрэг орчин үеийн хяналтын тоног төхөөрөмжөөр тоноглогджээ. Гэхдээ эдгээр төхөөрөмжүүд гудамжны зураачдыг айлгасангүй. Тухайлбал Палестины гудамжны зураач Бэнкси хаалтын ханан дээр уран бүтээлээ үлдээжээ. Израйлийн цэргүүд түүний зүг сэрэмжүүлэн буудаж байсан ч тэр зурсаар л байжээ.

Израиль, Палестины хилийн дагуух ханан хэрэм

Израйль улс 2010 онд Египт-Израйлийн хилийн дагуу хаалт барьж эхлэв. Энэ хаалт ч мөн орчин үеийн техникээр тоноглогдсоноос гадна газар доогуур хонгилтой. Зарим эх сурвалжийн хэлснээр хонгилийн гүн зарим хэсэгтээ 30 метр байдаг байна. Ийм аргаар израйлчууд Египтээс Газын зурвас руу хууль бус бараа, зэвсэг, тэсрэх бодис зөөх зориулалттай хонгилын барилгын ажлыг зогсоохыг оролджээ.

Палестин зураачийн бүтээл

Европчууд хаалт тавьж эхлэв

Марокка дахь Испанийн алслагдсан газар нутаг болох Сеуту болон Мелилья хотууд Африкийн хууль бус цагаачдаас хамгаалж аль 1990-иэд оноос хаалт барьж эхэлсэн. Гэвч анхны хаалтууд цагаачдын дайралтад тэсээгүй учраас 2005 онд Испанийн эрх баригчид хаалтыг шинэчилжээ. Ингэснээр Сеутугийн хаалт найман километр, Мелильягийнх 11 километр болж Испаний газар нутаг хөршүүдээсээ гурван метрийн өндөртэй, өргөст тортой, ажиглалтын системтэй гурван эгнээ хашаагаар тусгаарлагдав. 2005 оны есдүгээр сард хаалт анхны сорилттой тулгарч хэдэн мянган цагаачид хаалтыг давахыг оролдов. Испанийн болон Мароккогийн хүчнийхэн цагаачид руу гал нээж 20 хүн амь эрсэдсэн хэрэг гарав. Гэвч эдгээр хаалт цагаачдыг зогсоосонгүй. Өнөөг болтол Африкаас Европ руу нэвтрэх гэсэн цагаачид үе үе хаалтыг довтолдог бөгөөд амжилттай болсон тохиолдлууд ч бий.

Мелилья болон Сеуту

Мөн Грек улс 2012 оны төгсгөлд дорно зүгээс ирдэг цагаачдын урсгалаас сэргийлж Турктэй хуурай газраар хиллэдэг хэсэгтээ хаалт барих ажлаа дуусав. Арван километрын урттай энэхүү байгууламж нь дөрвөн метр өндөртэй, ажиглалтын камер, дулаан мэдрэгчээр тоноглогдсон. Гэхдээ энэ хаалт эдүгээ бэлэг тэмдэг болон үлджээ. Учир нь цагаачид Грекийн арлуудаар дамжин Европыг зүглэдэг болсон.

Грек-Туркийн хил дээрх хаалт

Дүрвэгсэдийн хямрал ба Европын шинэ хананууд

Сүүлийн жилүүдэд Европод дүрвэгсэдээс хамгаалсан хана барих асуудал улам хүчтэй яригдах болов. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын төгсгөлөөр Унгарын эрх баригчид дүрвэгсэдээс сэргийлэх зорилгоор өргөст тор болон бусад хаалт, хашилтын хэрэгслийнхээ үйлдвэрлэлийг эрс нэмэхээр шийджээ. Эдгээр материалыг Румын-Унгарын хилийн орчимд барих шинэ хаалтын барилгын ажилд зарцуулна.  Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан энэхүү ажлыг  Дотоод хэргийн болон Батлан хамгаалахын сайд нартаа даалгасан байна. Тэрээр “хэрэв шаардлагатай гэж үзвэл бид Словениас Украйн хүртэл бүх хэсэгт өөрсдийгөө хамгаалах болно” гэж мэдэгджээ. Түүнээс гадна Унгар улс өнгөрсөн оны зургадугаар сард Серби-Унгарын хил дээр, үүнээс дөрвөн сарын дараа Хорвати-Унгарын хил дээр хаалт барих шийдвэр гаргасан.

Унгар улс дүрвэгсэдийн хямралаас өөрийгөө хамгаалаад зогсохгүй үүнээс бизнесийн ашиг олж байна. Өнгөрсөн онд унгарчууд Словени улсад 24 мянган боодол өргөст тор, 16 мянган багана, 48 мянган ширхэг бэхэлгээний хэрэгсэл нийлүүлжээ.

Дүрвэгсэд Сербийн хил дээрх өргөст торон хашааг давж байна

Унгарын эрх баригчдын хийсэн алхам Хуучин тивд нэг ёсны гинжин урвалын нөлөө үзүүлэв. Зарим орон Шенгений бүс дотроо хилийн дагуу хяналтаа сэргээх тухай ярьж, нэг хэсэг нь Виктор Орбаны жишгийг дагав. Өнгөрсөн оны аравдугаар сард Австри улс Словенитай хиллэдэг хэсэгтээ хашаа босгохоор шийдэж, харин хэдхэн өдрийн дараа Словени улс Хорватитай хиллэдэг хэсэгтээ хана босгохоор шийджээ.  Мөн оны арваннэгдүгээр сард Грек, Македоны хил дээрх хаалтын барилгын ажил эхлэв. Чухам энд сүүлийн саруудад дүрвэгсэдтэй холбоотой үйл явдал өрнөжээ. Македоны эрх баригчид хилийн орчим цугларсан дүрвэгсэдийг огт хил давуулахгүй байна. Өнгөрсөн сарын 29-нд аргаа барсан дүрвэгсэд хилийн бэхэлгээ рүү дайрч зарим газар хашааг нураажээ. Хариуд нь Македоны цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэж довтлогсодыг ухраав. Тиймээс энэ удаа хилийн хаалт үүргээ биелүүлж чадлаа. Гэхдээ цаашдаа тэсэх эсэхийг цаг хугацаа харуулна.