Хятадад гадаадын цахим хэвлэлүүд үйл ажиллагаа явуулахыг хориглоно
2016.02.24

Хятадад гадаадын цахим хэвлэлүүд үйл ажиллагаа явуулахыг хориглоно

Ирэх гуравдугаар сарын 1-нээс Хятадад гадаадын бүх цахим хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглох хууль хэрэгжиж эхэлнэ. Харин Хятадын хэвлэлүүд нийтлэгдэж буй материалдаа хатуу хяналт тавих үүрэг ногдож байна. Сүүлийн жилүүдэд урд хөршийн эрх баригчид интернэт дэх хяналтыг чангалж, уг ажлыг Си Жиньпин дарга өөрөө зааварчлах болсон билээ.

Редакцийн бодлого

Уг хуулийн төслийг интернэт, телевиз, радио, програм хангамжийн үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулдаг Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас санаачилжээ. Хууль бүрэн эхээрээ энэ сарын 14-нд тус яамны цахим хуудсанд нийтлэгдээд байна. Хуулийн хэрэгжилтийг хангах байгууллага нь Хятадын Хэвлэл, радио, кино, телевизийн хэрэг эрхлэх газар юм.

.... Хуулийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлээд гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ) интернэт дэх Хятадын сегментэд материал нийтлэх эрхгүй болно ....

Гадаадын цахим хэвлэлүүд өгүүллээс гадна гэрэл зураг, газрын зураг, тоглоом, хүүхэлдэйн киноны материалууд, дуу бичлэг, дүрс бичлэг зэргийг Хятадын интернэт сүлжээнд байршуулах хориотой.

Хятадын ХМХ-үүд гадныхантай хамтрахын тулд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл бүрт зөвшөөрөл авах ёстой гэж тус хуульд заажээ. Түүнээс гадна бүх ХМХ санхүүжилтын эх үүсвэрээ тайлагнадаг болж байна. ХМХ-ийг удирдах эрхийг зөвхөн Хятадын иргэнд олгоно. Редакци болон техникийн албанд мөн л хятад хүмүүс ажиллах ёстой. Бүх тоног төхөөрөмж, сервер Хятадын нутаг дэвсгэрт байрлах ёстой. Хууль хэрэгжиж эхэлсний дараа цахим ХМХ-үүдийг дахин бүртгэлжүүлж, жил болгон хяналтын байгууллагаас ажлынх нь чанарыг  шалгана.

Энэхүү хууль нь Хятадын эрх баригчдын интернэтийг хяналтандаа оруулах цогц ажлын нэг хэсэг юм. 2015 оны арванхоёрдугаар сард Хятадын дарга Си Жиньпин Ужэн хотод цахим орчны асуудлаар хэвлэлийн хуралд үг хэлэхдээ “улс орон болгон интернэт орчныг  зохицуулах өөрийн гэсэн аргатай байх эрхтэй бөгөөд уг эрхийг дэлхий нийт хүндэтгэх хэрэгтэй” гэжээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард Хятадад Кибер аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулсан. Иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах нэрийдлээр эрх баригчид бүх интернэт компаниудыг хянаад зогсохгүй хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй цахим хуудаснуудын эзэмшигч болон эрхлэгчдийг хараандаа оруулахаар шийджээ.

Ажиглагчдын үзэж буйгаар Си Жиньпинд интернэтийг хянах хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, тэрээр гадаадын цахим ХМХ-үүд тус улсын дунд давхаргынханд таагүй нөлөө үзүүлнэ хэмээн болгоомжилж байна. Учир нь Хятадын дунд ангийнхан барууны соёлын нөлөөнд автсан, зарим нь АНУ, Европын орнуудад боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг. Тиймээс сүүлийн үед Хятадын эдийн засгийн хөгжлийн загвар, улс төрийн санаачилгуудыг шүүмжлээд байгаа гадны цахим хэвлэлүүдийн эсрэг хууль баталжээ.

Хоёрдугаарт, Си Жиньпин өөрийгөө Хятадын агуу удирдагч болгон харуулахыг хүсч байна. Тэрээр өөрийн улс төрийн нөлөөг тэлэхийн зэрэгцээ саад болсон хэнд ч болов хориг арга хэмжээ авч байна. Учир нь гадны хэвлэлүүдийн Хятадын талаархи сөрөг материалууд түүний имижийг унагаах эрсдэлтэй юм.

Хяналтын төлөөх хяналт

Хятадын эрх баригчид үндсэндээ интернэтийг бүрэн хяналтандаа оруулахыг зорьж байна. Урд хөршид интернэт орчинг хариуцдаг хэд хэдэн байгууллага бий. Үүнд, Хятадын Коммунист намын Төв Хорооны тусгай хэлтэс, Шинжлэх ухаан, технологийн яам, Нийгмийн аюулгүй байдлын яам, Хэвлэл, радио, кино, телевизийн хэрэг эрхлэх газар багтана.

Түүнчлэн Кибер орон зайн Тусгай комисс сүлжээний өдөр тутмын хяналтыг хэрэгжүүлдэг. Түүнээс гадна интернэт контентыг хянадаг “Алтан бамбай” нэртэй шалгарсан систем бий. Уг систем 2003 оноос Хонконг, Макаогоос бусад Хятадын бүх нутаг дэвсгэрт ажиллаж эхэлсэн. Олон улсын болон хот хооронд байршуулсан серверүүдийн тусламжтай Хятадын нутаг дэвсгэр дээрх интернэтийн бүх урсгалыг хянадаг.

.... Түүнчлэн 2009 онд Хятадад Facebook, Twitter,  YouTube ашиглахыг хориглосноос гадна Gmail, Google Play зэрэг Google-ийн олон серверийг хаасан юм ...
 

... 2013 онд Хятадын Засгийн газар олон нийтийн сүлжээ, форумуудын “хэрэггүй” сэтгэгдлүүдийг хянах зорилгоор хоёр сая хүнийг хөлсөлжээ. “Sina Weibo” хэмээх Твиттертэй төстэй хятадуудын ашигладаг олон нийтийн сүлжээнд заримдаа сөрөг сэтгэгдлүүд хэдхэн секундын дотор устгагддаг ...

Мөн “50 центийн арми” нэртэй энгийн хэрэглэгчдээс бүрдсэн, эрх баригчдыг магтсан сэтгэгдэл бичиж, цалин авдаг хэсэг бий. Тус армиас гадна аливаа бараа, үйлчилгээний талаар хуурамч сэтгэгдэл бичиж, мөнгө олдог мянга мянган компаниуд үйл ажиллагаа явуулдаг байна.