ОХУ, АНУ хоёр Сирид гал зогсоох тухай тохиролцоонд хүрлээ
ОХУ болон АНУ энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Сири улс дахь цэрэг дайны үйл ажиллагааг зогсоох тухай хэлэлцээнд гарын үсэг зурав. Хоёр улсын Гадаад хэргийн яамдууд энэ тухай мэдэгдлийг 22-ны өдөр өөрсдийн албан ёсны сайт дээр нийтэлсэн байна. Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин онцгой мэдэгдэл хийв. Тэрээр Барак Обаматай Сирид энхийг тогтоох тухай тохиролцсоноо мэдээлэв. Сирийг дэмжих Олон улсын группын (СДОУГ) мэдэгдлийг хүргэе.
ОХУ, АНУ-ын Сирийг дэмжих Олон улсын группын Сирид гал зогсоох тухай хамтарсан мэдэгдэл
ОХУ, АНУ нь Сирийг дэмжих Олон улсын группыг удирддагийн хувьд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг хүндэтгэж, Сирид энх тайвныг тогтоохыг зорьж, НҮБ-ын тусламжтай сиричүүд өөрсдөө улс орныхоо хувь заяаг шийдэх нөхцлийг бүрдүүлэх, түүнчлэн СДОУГ-ын Мюнхены 2016 оны хоёрдугаар сарын 11-ний хэлэлцээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 дугаарт Тунхаг, 2015 оны Венийн мэдэгдэл, 2012 оны Женевийн мэдэгдлийг биелүүлэхийн тулд Сирид цэрэг дайны ажиллагааг зогсооход бүх боломжит арга хэмжээг авахаар шийдлээ.
... Хоёрдугаар сарын 22-ны өдөр АНУ, ОХУ нь хоёрдугаар сарын 11-нд гарсан СДОУГ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор уг мэдэгдлийн хавсралтад Сирид гал зогсоох нөхцлийг зарлаж, 2016 оны 27-ны өдрийн 00:00 цагт (Дамаскийн цагаар) цэрэг дайны ажиллагааг зогсоох саналыг оруулж байна ...
Уг шийдвэр нь эдгээр нөхцөлтэй санал нэг байгаа цэрэг дайны ажиллагааны талуудыг хамрах болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2254 тоот Тунхаг болон СДОУГ-ын мэдэгдлүүд ёсоор гал зогсоох шийдвэр “Исламын улс” бүлэглэл, «Джабхат ан-Нусру» бүлэглэл болон бусад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр террорист гэж нэрлэсэн бүлэглэлүүдэд хамаарахгүй.
“Исламын улс” бүлэглэл, “Джабхат ан-Нусру” бүлэглэл болон бусад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр террорист гэж нэрлэсэн бүлэглэлүүдээс бусад бие бүрэлдэхүүнд цэрэг дайны ажиллагаа явуулж буй талууд ОХУ эсвэл АНУ-д 2016 оны хоёрдугаар сарын 26-ны 12:00 (Дамаскийн цагаар) цагаас өмнө гал зогсоох тухай шийдвэрийг дэмжиж байгаагаа мэдэгдэнэ. Цэрэг дайны үйл ажиллагааг зогсоож, эдгээр талуудыг хамгаалах, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор АНУ, ОХУ-ын зүгээс шаардлагатай мэдээллийг солилцох, ОХУ-ын Зэвсэгт хүчин, АНУ-аар толгойлуулсан Эвслийн арми, Сирийн Засгийн газрын цэрэг болон бусад дэмжигч хүчнүүдийн цэрэг дайны ажиллагааг зогсоох механизмыг боловсруулахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна.
... Гэхдээ ОХУ-ын Зэвсэгт хүчин, АНУ-аар толгойлуулсан Эвслийн арми, Сирийн Засгийн газрын цэрэг болон бусад дэмжигч хүчнүүдийн “Исламын улс” бүлэглэл, “Джабхат ан-Нусру” бүлэглэл болон бусад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрээр террорист гэж нэрлэсэн бүлэглэлүүдийн эсрэг цэрэг дайны ажиллагаа үргэлжлэх болно ...
НҮБ-ын ивээл дор цэрэг дайны ажиллагааг зогсоох зорилгоор АНУ, ОХУ удирдлага дор СДОУГ-аас Тусгай ажлын хэсгийг толгойлж байгуулсан бөгөөд хоёр талын улс төрийн болон цэргийн төлөөлөгчдөөс бүрдсэн болно. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Сирийн асуудлаар томилсон тусгай элчийн оффис нь уг Тусгай ажлын хэсгийн ажлын оффис байх болно.