Хачирхалтай торгуулиуд
2016.02.03

Хачирхалтай торгуулиуд

Нэг улсад хэвийн гэж үздэг зүйлийг нөгөө улсад эрс хориглож, зөрчсөн тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулдаг үзэгдэл цөөнгүй байдаг. Уншигч танд хачирхалтай найман торгуулийн талаар сонирхуулъя.

Хэтэрхий турвал 81 217 ам.доллар (174 сая₮)

Торгуулийн энэхүү арга хэмжээг Францын парламент өнгөрсөн онд нэгэн хуульдаа зааж өгчээ. Уг торгуулийг биеийн жингийн индекс нь 18–аас доош загвар өмсөгчдийг ажиллуулсан загварын агентлагууд төлөхөөр болсон байна. Дээрх хууль тураана гэсэн агуулгатай сурталчилгааг хязгаарлах үндсэн зорилготой юм байна. Хэрэв Adobe Photoshop програм ашиглан тусгай тэмдэглэгээ тавилгүй загвар өмсөгчийг хэтэрхий туранхай болгон зассан бол торгуулийн тал хувьтай тэнцэх мөнгийг төлөх ёстой.

Бохь зажилвал 6900 ам.доллар (13 сая₮)

Сингапурт 1992 оноос бохь зажилахыг хоригложээ. Тэр байтугай бохийг улсын хилээр оруулж ирэхийг хатуу хориглосон байна. Энэ хуулийг зөрчвөл 6900 доллар буюу 10 000 сингапур доллар төлнө. Гэхдээ энэ хууль жуулчдад үйлчилдэггүй гэж хэлж болно. 2004 оноос хоригийг бага зэрэг зөөлрүүлж, эмчилгээний бохийг эмчийн жороор хэрэглэхийг зөвшөөрчээ.

Тамхи худалдсан бол 1680 ам.доллар (3,3 сая ₮)

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов тамхидалттай эртнээс тэмцэж, энэ онд тамхины худалдааг бүрэн хоригложээ. Дэлгүүр, захын орчим тамхины эргүүл ажиллаж, хууль зөрчсөн хүнийг найман сарын цалинтай дүйцэх хэмжээний мөнгө торгууль ногдуулдаг байна. Энэ бүхнээс улбаатайгаар тамхины нууц худалдаа тус улсад дэлгэрсэн. Нууцаар зардаг янжуурны үнэ 1,5-2 дахин өсөж, хайрцаг нь 13 ам.долларын үнэтэй болжээ.

“Kinder Surprise”-ийн төлөө 1200 ам.доллар (2,4 сая₮) 

АНУ-ын хуулиар хүнсний зүйлсийн дотор гаднаасаа харагдахгүй эд зүйл хийхийг хориглодог. Тиймээс дотроо тоглоомтой өндгөн шоколаднуудыг хориглодог. Ийм ийм төрлийн барааг гааль дээр хурааж, 1200 ам.доллараар торгодог. Гэхдээ зарим үйлдвэрлэгч арга сүвэгчилж, гаднаасаа гэрэлтэж доторхи тоглоом нь харагддаг шокалад үйлдвэрлэх болжээ.

Мөөг түүвэл 400 фунт стирленг (1,14 сая₮)

Их Британийн иргэн Сабина Прус гэгч эмэгтэй энэ хэмжээний торгууль төлжээ. Үүнээс 100 фунт нь торгууль, 300 нь нөхөн төлбөр байв. Их Британийн зарим ой,  цэцэрлэгт хүрээлэнд мөөг түүх хориотой. Энэ тухай сануулсан зурагт самбарууд энд тэндгүй. Үүнтэй төстэй хууль Германы зарим муж, Швейцарт үйлчилдэг.

Үнсэлцвэл 541 ам.доллар (1 сая гаруй төгрөг)

Италийн Неаполь мужийн Эболи хотод явж буй машинд үнсэлдэх хориотой. Үүнтэй төстэй хориг Британий нэгэн галт тэрэгний буудал дээр ч үйлчилдэг. Учир нь салах ёс хийж үнсэлдэж буй хосууд галт тэрэг хөдлөхөд саад болдгоос үүдэн энэ журмыг гаргажээ. Үнсэлдсэний төлөөх хамгийн хатуу шийтгэл Дубай хотод бий. Тэнд олны өмнө үнсэлцвэл нэг жил шоронд сууж ч мэднэ.  

Мэргэлвэл 500 ам.доллар (1 сая ₮)

Танзани улсад ялах эсэхээ мэргэлүүлсэн хөл бөмбөгийн хоёр клуб ийм торгууль төлжээ. Мэргэчдийн эсрэг хууль ӨАБНУ болон Африкийн зарим орнуудад ч үйлчилдэг. Харин Тажикстаны хууль илүү чанга. 2015 оноос өмнө “хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй” мэргэлсэн, ид шидийн үйл хийсэн бол 200 ам.доллараар торгодог байсан бол одоо долоон жил хорьдог болжээ.

Мацаг барихгүй бол 544 ам.доллар (1,09 сая ₮)

Мусульманчууд Рамадан буюу Ариун сард мацаг барьж нар мандтал хоол иддэггүй. Арабын нэгдсэн Эмират улсад үүнийг зөрчсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 2008 онд ОХУ-ын нэгэн иргэн өдрөөр жүүс ууж байгаад баригдаж, хуулийн хариуцлага хүлээжээ. Гэхдээ хууль мэдэхгүйг нь харгалзан үзээд 244 ам.доллараар торгодог болжээ.