Хятадын эрх баригчид "Үхэр бууны" амыг хаав
Хятадын эрх баригчид тус улсын нэрт бизнесмен, блогчин Жэн Чизяны блогийг “уншигчдад муу нөлөө үзүүлсэн хууль бус мэдээлэл тараасан” гэсэн үндэслэлээр хаажээ. Жэн Чизян 37 сая дагагчтай өөрийн блогтоо Хятадын Коммунист нам, Засгийн газрыг шүүмжилсэн материалууд нийтэлдэг байв. Хамгийн сүүлд тэр төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг учраас намын шугамыг дагахаас гадна иргэдэд үйлчлэх ёстой гэж бичсэн нь эрх баригчдын тэвчээрийг барав.
Жэн Чизяний нэрийг Хятадын олон арван сая хүн мэднэ. Хурц материалууд нийтэлж, ялангуяа Засгийн газрыг шүүмжилдэгээрээ олонд танигдаж, эрх баригчдаас “Үхэр Буу” гэсэн хоч авчээ. Зарим нь түүнийг “Хятадын Дональд Трамп” гэж нэрлэдэг. 2011 онд түүнийг “Huayuan Real Estate Group” хэмээх томоохон барилгын компаний захирлаас халснаас хойш Хятадын засаг төрийг улам ч их шүүмжлэх болжээ.
Эрх баригчид “Үхэр Буу”-ны үйлдлийг эртнэс чимээгүй ажигласаар байв. Гэвч түүний бичсэн нэгэн материал тэдний тэвчээрийг алдуулав. Жэн Чизян Хятадын дарга Ши Жиньпин төрийн өмчит гурван том хэвлэлийн редакцид зочилж “хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрд үйлчлэх ёстой” гэж хэлсэн тухай бичихдээ “төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг учраас намын шугамыг дагахаас гадна иргэдэд үйлчлэх ёстой” гэж бичжээ.
Эрх баригчид удалгүй хариу барив. Хятадын интернет сүлжээний гол зохицуулагч болох Цахим орон зайг хянах газраас “Sina Weibo” сүлжээнд байсан Жэн Чизяний блогийг хаажээ. Тус газрын дарга Зян Зюн “цахим орон зай бол хэн бүхний дураараа дургих газар биш, хэн ч хууль бус мэдээлэл тараахад ашиглах эрхгүй” гэж мэдэгджээ. Түүний тайлбарласнаар зарим хэрэглэгчээс Жэн Чизяны блогт хууль бус материал нийтлэгдэж, “уншигчдад муу нөлөө үзүүлэх боллоо” гэсэн гомдол ирсний дагуу түүний блогийг хаажээ. Гэхдээ чухам ямар материал хууль бус байсан бэ гэдгийг тайлбарласангүй. Жэн Чизяны блогийг хаасныхаа дараа тэр интернет провайдерууд, нийт хэрэглэгчдэд хандаж, “болгоомжтой байж” хуулиа сахин социалист систем, улс, ард түмний эрх ашгийг хамгаалахыг уриалжээ. Мөн алдартай блогчдод өөрийн нөлөөг “ухаалгаар ашиглаж” бусдад үлгэр үзүүлэхийг сануулсан байна.