Яагаад Хятадад амьтны эрх хамгаалах нь хүний эрх хамгаалахаас хялбар вэ?
БНХАУ-д төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа хатуу хяналтан дор байдаг. Гэхдээ олон арван эрх хамгаалах байгууллага бий. Гэхдээ хүний эрх хамгаалдаг нь цөөн, харин амьтны эрх хамгаалдаг нь олон. Яагаад гэдгийг “Foreign Affairs” сэтгүүлийн профессор Питер Ли тайлбарлажээ. Vip76.mn түүний нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадад Коммунист намын шугамаас өөрөөр сэтгэдэг хүмүүсийн орон зай улам багассан. Харин амьтдын эрхийг хамгаалах хөдөлгөөн газар авч байна. Өнгөрсөн онд Хятадын интернет хэрэглэгчид Цяоцяо нэртэй хөтөч хав хулгайлагдсанд ихэд бухимдаж өргөн хэмжээний цахим кампанит ажил өрнүүлжээ. Учир нь тэд нохойг махны зориулалтаар цааш нь зарах вий гэхээс болгоомжилсон байна. Кампанит ажил эхэлснээс 35 цагийн дараа хулгайч нохойд ямар нэг хор учруулалгүй гэрт хүргэж өгөөд уучлал хүссэн зурвасыг үлдээсэн байв.
Олонхи оронд гэрийн нөхцөлд тэжээдэг амьтдын махыг хүнсэнд хэрэглэх нь Хятадад түгээмэл. Үүнтэй зэрэгцэн амьтдын эрхийг хамгаалах хөдөлгөөн ч бас түгээмэл. Хятад улсад жил бүр хүнсний хэрэгцээнд зориулж 10 сая нохойг цааш нь харуулдагаас 70 орчим хувь нь гэрээсээ хулгайлагдсан нохой байдаг байна. 2011 онд төрийн бус байгууллагын идэвхтнүүд хэдэн зуун жил үргэлжилсэн Чецян мужийн нохойн махаар зоог барьдаг фестивалийг хориглуулж чадсан байна. Харамсалтай нь Шэнси мужийн Юнлинь хотод 2010 оноос зохион байгуулдаг болсон фестиваль жуулчдыг татах үүднээс хаагдаагүй. Хоёр жилийн өмнө Хятадын идэвхтнүүд тус улсын умард хэсэгт нохой ачсан 18 ачааны машиныг саатуулж 8000 нохой аварчээ. 2015 онд үүнтэй төстэй байдлаар 3000 нохой амь гарсан байна.
Хүнсэнд зориулсан нохой
Нохойн махан зоог
Хятадын амьтан хамгаалах хөдөлгөөн зөвхөн нохойгоор хязгаарлагдахгүй. Төрийн бус байгууллагууд олон жилийн турш зэрлэг амьтдыг фермийн нөхцөлд хүчээр байлгахтай тэмцэж байна. Эдүгээ 1,8 тэрбум ам.доллар эргэлдэж буй баавгайн цөсний зах зээл дэх эрэлтийн улмаас 10 мянга гаруй азийн хар баавгай, 5000 орчим барыг олзолжээ. Эдгээр амьтдын цөсний шингэнийг авч эм, гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийн тулд фермийн нөхцөлд хорьдог. Түүнээс гадна Хятадын эрдэмтэд одоо болтол гоо сайхны эмийг амьтан дээр туршдаг.
Хятад бол дэлхийн хамгийн том мах үйлдвэрлэгч. 2013 онд тус улсын мах үйлдвэрлэгчид 80 сая тонн мах нийлүүлсэн нь АНУ-аас хоёр дахин илүү байна. Гэсэн хэдий ч Хятадууд одоог болтол малыг төхөөрөхдөө тамладаг хандлага арилаагүй.
Хятадын амьтдын хүрээлэнгүүдэд хэрвээ амьтад шаардлага биелүүлэхгүй бол харгис ханддаг. Жишээ нь арслан, барыг хэргээр олон хоногоор өлсгөж дараа нь уурссан араатнууд олны нүдэн дээр идшинд өгсөн амьтнаа тасчин хаядаг. Амьтан хамгаалагчид, энгийн иргэдийн шахалтаар Бээжин, Шанхай зэрэг том хотуудад иймэрхүү байдлаар олонд зориулж амьтан тэжээхийг хоригложээ. Гэхдээ бусад хотуудад байдал хэвээр.
1980-аад оныг хүртэл Хятадад амьтанг хайрлах, хамгаалах ойлголт тун сул байв. Харин Зэрлэг байгалийг хамгаалах олон улсын сан (WWF) Хятадад үйл ажиллагаа явуулах болсноор байдал өөрчлөгдөв.
1992 онд хятадууд өөрсдөө Жижиг амьтдыг хамгаалах холбоо (CSAPA) байгуулжээ. Тус байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж Гэрийн нөхцөлд амьтан тэжээхийг хориглосон хуулийг цуцлахад гол үүрэг гүйцэтгэжээ. CSAPA-ийн идэвхтнүүд амьтадтай харгис харьцдаг байдлыг зогсоох, олон нийтэд энэ талаар сурталчлах, гэрт нохой тэжээхийг зөвшөөрүүлэх гэсэн үндсэн гурван зорилт тавьжээ. 1990-иэд оны төгсгөл гэхэд Хятадад амьтан хамгаалагч зуу зуун бүлгэм, амьтдын асрамжийн газар бий болжээ.