Норвеги – алан хядагчдын диваажин
2016.03.17

Норвеги – алан хядагчдын диваажин

2011 онд 77 хүний амийг хөнөөж 21 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Норвегийн иргэн Андерс Брейвик хоригдож байгаа шоронгийнхоо нөхцлийн талаар гомдол гаргасны дагуу шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт эхлэв. Тэр шүүхийн зааланд орж ирэнгүүтээ нацист ёсоор гараа өргөн мэндчилжээ.

Брейвик өөрийн хоригдож байгаа шоронгийн нөхцлийг тамлалттай адилтгаж, Норвегийн Засгийн газрыг Европын хүний эрхийн Конвенцийн хоёр заалтыг зөрчсөн хэмээн буруутгажээ. Эхний заалтаар хувийн болон гэр бүлийн амьдрал, захидал харилцааг хүндэтгэх ёстой гэж үздэг бол, хоёр дахь заалт хүний нэр төрийг гутаасан хүнлэг бус хандлага, шийтгэлийг хориглодог.

Брейвикийн өмгөөлөгчийн хэлснээр Норвегийн Осло хотоос 100 километрт оршдог Шиен шоронд хоригдож байгаа Брейвик нь “сэтгэл санааны хүнд дарамтанд” байна.

“Түүний шоронд хийдэг гол ажил бол сурах. Гэхдээ одоо тэр хичээлээ түр завсарлаад байна. Миний бодлоор энэ бол тусгаарлан хорих нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд яаж муугаар нөлөөлдөгийн нэг илрэл” гэж өмгөөлөгч хэлсэн байна.

Норвегийн эрх баригчид Брейвикийг бусдад нөлөөлөхөөс болгоомжилж захидлаар харилцахыг хориглосон. Хүмүүс түүнтэй зөвхөн шилэн хаалтны цаанаас уулздаг.

Норвегийн Ерөнхий прокурор гэмт хэрэгтний хоригдож буй шоронгийн нөхцлийг Европын хүний эрхийн Конвенцийг зөрчөөгүй гэж мэдэгджээ.

Брейвикийн гомдлын дагуу шүүх хурал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Хэрэв шүүхийн шийдвэр түүний талд гарвал шоронгийн нөхцлийг сайжруулна.

Брейвикийн гарт амиа алдсан хүмүүс

Норвеги – алуурчдын диваажин

Брейвик нэг бус удаа шоронгийн нөхцлийн талаар гомдол гаргаж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард өдөрт ганцхан цаг наранд гаргадаг хэмээн гомдоллож өлсгөлөн зарлана гэж сүрдүүлсэн. Удалгүй тэр улс төрийн чиглэлээр зайнаас сурч байснаа больсон. Брейвикийг Илагийн эрэгтэйчүүдийн шоронд хорьж байгаад 2013 онд Шиенд шилжүүлсэн. Илад байхдаа ч бас камерын дотоод засал чимэглэл хэтэрхий муу, цонх байхгүй гэж гомдоллож байв. Мөн түүнд хүйтэн кофе өгдөг, талханд бага масло түрхдэг, бие чийгшүүлэгч крем ашиглахыг зөвшөөрдөггүй хэмээн гомдол мэдүүлж байв.

Илад хоригдож байхдаа тэр тус тусдаа найман метр квадрат талбайтай гурван өрөө бүхий тусдаа камерт амьдарч байв. Нэг нь унтлагийн өрөө, нөгөө нь ажлын өрөө, гурав дахь нь гүйлтийн замтай дасгалын өрөө. Одоогийн байгаа камер нь үүнээс дордоогүй.

Брейвикийн хоригдож буй камер

Гэтэл дэлхий дээр ийм нөхцөлд үнэ төлбөргүй амьдрахыг мөрөөдөж буй олон зуун сая хүн бий. Тиймээс Брейвикийн хэргийн дараа Норвегийг алуурчдын диваажин гэж нэрлэх болжээ. Брейвикийг шоронд хориход жилд 850 мянган ам.долларын зардал гардаг.

Брейвик хэмээх энэ алан хядагч 77 хүн алсан ч эрх зүйн чадамжгүй хэмээн үзэж шүүхээс 21 жилийн хорих ял өгсөн. Гэхдээ хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой.